spacer.png, 0 kB

Кришна Print E-mail
User Rating: / 19
PoorBest 
Пүрэв, 07 Хонь сарын 2008

 krishna.png

сарвасья чахам хриди саннивишто
маттах смритир гьянам апоханам ча
ведайш ча сарвайр ахам эва ведьо
веданта-крид веда-вид эва чахам

сарвасья- бүх амьд оршнолуудын, ча- болон, ахам- Би, хриди- зүрхэнд, саннивиштах- оршин, маттах- Надаас, смритих- дурсамж санамж, гьянам- мэдлэг, апоханам- марталт, ча- болон, ведайх- Ведүүдийн, ча- мөн, сарвайх- бүх, ахам- Би бол , эва- гарцаагүй, ведьях- тантж мэдэх тэр зүйл, веданта-крит- Ведантаг бүтээгч, веда-вит- Ведийг мэдэгч, эва- гарцаагүй, ча- болон, ахам- Би.

Би амьд оршнол бүрийн зүрхнээ залран байдаг бөгөөд ой санамж, мэдлэг болон марталт— энэ бүхэн нь Надаас гардаг. Бүх Ведийн зорилго бол Намайг таньж мэдэх. Үнэндээ, Ведантын жинхэнэ бүтээгч хийгээд бүх Ведийг хамгийн сайн мэдэгч нь бол Би бөлгөө.

Бхагавад- Гита 15-15

 

Кришна нь “бүхнийг өөртөө татагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд Дээд Бурханы Бодгалийн мөн чанарыг илтгэсэн хамгийн гол нэр юм. Доор бид Бурханы тухай тодорхой төсөөллийг өгөхийн тулд бидний хайрт номын багш Шрила Прабхупадагийн Бурханы тухай айлдсан лекцийг толилуулж байна.

 

Бурханы тодорхойлолт

Орчин үеийн хүмүүс Бурханыг өөр өөрсдийнхөөрөө ойлгож төсөөлдөг. Хүүхдүүд ерөнхийдөө Түүнийг цагаан сахалтай өвгөн гэж боддог. Нас биенд хүрсэн олон хүмүүс, Бурхан бол үл үзэгдэгч хүч эсвэл ухааны үзэл бодол, бүх хүн төрөлхтөн эсвэл орчлон гэж үздэг. Мөн өөрийгөө Бурхан гэж үздэг хүмүүс ч байдаг. Энэ лекцэндээ Шрила Прабхупада Кришнагийн ухамсарын үзэл баримтлал болох Бурханы тухай гэнэтийн тун дотно ойлголтын талаар дэлгэрэнгүй тайлбарласан.

Ноёд хатагтай нараа, Кришнагийн ухамсарын энэхүү хөдөлгөөнд найрсгаар оролцож байгаад тань би маш их талархаж байна. Энэ байгууллагыг 1966 онд Нью-Йорк хотноо албан ёсоор бүртгүүлж байх үед манай нэг найз түүнийг “Бурханы ухамсарын нийгэмлэг” гэж нэрлэхийг надад санал болгож байсан. Кришна гэдэг нэр шашны бүлэглэлд л хамааралтай гэж тэр үзэж байв. Толь бичигт ч мөн л, Кришна бол энэтхэгийн Бурханы нэр гэж заасан байдаг. Гэхдээ, Бурханд таарч тохирох нэр байдаг бол тэр нь чухамдаа Кришна гэсэн нэр л юм. Үнэндээ бол Бурханд тодорхой нэр байдаггүй. Гэхдээ Түүнд нэр байдаггүй гэж батлан хэлж байгаагаараа бид Түүнд хэдэн нэр байдгийг хэн ч мэддэггүй гэдгийг л илэрхийлж байгаа хэрэг. Бурхан хязгааргүй учраас Түүний нэр алдрын тоо мөн л хязгааргүй байх ёстой. Иймээс бид аль нэгэн нэр дээр тогтож болохгүй юм. Жишээ нь, Кришнаг заримдаа Йашода-нандана буюу Йашода эхийн хүү, эсвэл Деваки-нандана буюу Деваки ээжийн хүү, эсвэл Васудева-нандана буюу Васудевагийн хүү, эсвэл Нанданандана буюу Нандагийн хүү гэж нэрлэдэг. Мөн Түүнийг заримдаа Партха-саратхи гэж нэрлэдэг нь Тэрээр Партха буюу Притхийн хүү гэж нэрлэгддэг Аржунагийн тэрэгний хөтчийн дүрд тоглож байсныг илэрхийлдэг.

Бурхан болон Түүний чин бишрэлтэнгүүдийг хооронд нь янз бүрийн холбоо харьцаа холбож байдаг бөгөөд Түүнийг нэрлэдэг нэрүүд нь тэдгээрийг тусгасан байдаг. Түүнд тоо томшгүй олон чин бишрэлтэнгүүд болон тэдгээртэй холбогдсон тоо томшгүй олон янзын харьцаа байдаг болохоор Түүний нэр алдар нь мөн л тоо томшгүй олон. Бид аль нэгэн нэрийг нь онцгойлон үзэх аргагүй. Гэхдээ л Кришна гэдэг нэр “Бүхнийг татагч” гэсэн утгатай. Бурхан бүхнийг татдаг, энэ бол Бурханы тодорхойлолт мөн. Кришнагийн олон дүр зургуудыг бид мэддэг бөгөөд тэдгээрээс Тэрээр үнээд, тугалууд, шувууд, араатан амьтад, мод ургамлууд, тэр бүү хэл Вриндаванагийн усыг хүртэл татаж байдгийг хардаг. Тэр үхэрчин хөвгүүдийг, гопи нарыг, Нанда Махаражаг, Пандугийнхныг мөн бүхий л хүн төрөлхтнийг Өөртөө татдаг. Иймээс, Бурханд ямар нэгэн нэр хайрлах хэрэгтэй болбол энэ нэр нь Кришна гэсэн нэр л байх ёстой.

Ведийн бүх шастируудыг туурвигч Вйасадевагийн эцэг аугаа мэргэн Парашара Муни Бурханд дараахь тодорхойлолтыг өгсөн байдаг:

аишварйасйа самаграсйа

вирйасйа йашасах шрийах

жнана-ваирагйайош чаива

шаннам бхага итингана

(Вишну-пурана, 6.5.47)

Парашара Муни, хүч чадал, алдар цуу, эд баялаг, мэдлэг, гоо үзэсгэлэн болон огоорохуй зэрэг зургаан эрхэм зүйлээр дүүрэн бялхах Түүнийг л Бурханы Дээд Бодьгал Бхагаван гэж хэлсэн.

Бхагаван буюу Бурханы Дээд Бодьгал бол бүх баялгийг эзэмшдэг. Хорвоо дээр баян хүмүүс олон байдаг ч тэдгээрийн хэн нь ч бүх баялгыг өөрийнх нь гэж батлан хэлж чадахгүй билээ. Мөн тэрчлэн, түүнээс илүү баян хэн ч байхгүй гэж батлахыг оролдох эрх хэнд ч байхгүй. Харин Кришна газар дэлхий дээр залран байх үедээ 16108 эхнэртэй, эхнэр бүр нь тус тусдаа үнэт чулуугаар чимэглэгдсэн гантиг чулуун ордонтой байсан гэдгийг бид Шримад Бхагаватамаас мэдэх билээ. Тэдгээр орд харшуудын өрөө тасалгаа бүрийг зааны яс болон алтаар хийсэн тавилга чимэглэлээр өвч тоноглосон байсан бөгөөд тэд үнэхээрийн тансаг байдалд умбаж байв. Энэ бүгдийн талаар Шримад Бхагаватамд маш тодорхой тодорхойлон өгүүлдэг. Хүний нийгмийн бүхий л түүхээс 16000 эхнэртэй эсвэл 16000 ордонтой байсан хүнийг хайгаад ч олохгүй. Тэгээд бас, Кришна нэг өдөр нэг эхнэртэйгээ, дараагийн өдөр нь өөр эхнэртэйгээ уулзаж байгаагүй. Тэр нэгэн зэрэг бүх ордонд залардаг байсан. Энэ нь Тэр Өөрийгөө 16108 дүрд хувилан илрүүлэн тодруулж байсан гэсэн үг юм. Эгэл жирийн хүн бол ингэх чадваргүй билээ. Харин Бурханы хувьд бол ингэх нь огтхон ч хүнд хэцүү зүйл биш. Бурхан хязгааргүй юм бол Тэр Өөрийгөө тоо томшгүй олон дүрд илрүүлж тодруулж чадна, эс тэгэх аваас “хязгааргүй” гэдэг үг утгаа алдана. Бурхан бол бүхнийг чадагч төгс хүчтэй. Тэр зөвхөн 16000 төдийгүй, мөн 16 сая эхнэртэй ч байж чадна. Ингэхдээ Тэр ямар ч хүндрэл бэрхшээлтэй учрахгүй, эс тэгэх аваас “бүхнийг чадагч төгс хүчит” гэдэг үг утгаа алдана.

Энэ бүх шинжүүд нь дур сэтгэлийг татдаг. Эд баялаг хүнийг дур булаам болгодог гэдгийг материаллаг ертөнц дэх амьдралын туршлагаараа бид мэдэх билээ. Жишээ нь, Америкт Рокфеллер болон Форд нар нь өөрсдийн баялгийн улмаас хүмүүсийн дур сэтгэлийг маш ихээр татдаг. Тэд дэлхийн бүх баялгийг эзэмшээгүй ч гэсэн бусдын сэтгэлийг татдаг. Тэгвэл бүх баялгийг эзэмшдэг Бурхан бусдыг хир зэрэг ихээр татах бол?

Кришна мөн хэмжээлшгүй их хүчтэй. Тэр энэхүү хүчээ бүр төрөхөөсөө л агуулж байсан. Путана шулам ердөө л гуравхан сартай байсан Кришнаг хөнөөхийг оролдсон ч үүнийхээ оронд тэр өөрөө л Кришнад хөнөөгдсөн. Бурхан ийм л байдаг. Бурхан бол хэзээд л Бурхан байдаг. Тэр ямар нэгэн бясалгал эсвэл ид шидийн хүчний тусламжтайгаар Бурхан болдоггүй. Кришна бол тийм Бурхан биш. Тэр хорвоод илрэн тодрох үеэсээ л Бурхан байсан.

Кришнагийн алдар цуу мөн л хэмжээ хязгааргүй. Кришнагийн чин бишрэлтэн бид Түүнийг мэддэг хийгээд магтан алдаршуулдаг нь мэдээж хэрэг ч бидний зэрэгцээ дэлхий дээрх олон сая хүмүүст Бхагавад Гитагийн алдар цуу мөн л тодорхой байдаг билээ. Манай “Бхагавад Гита, анх айлдсан төрх байдлаараа” нь цэвэр алтан бүтээгдэхүүн учраас мөн л маш их эрэлттэй байдаг. Бхагавад Гитагийн олон хэвлэл байдаг ч тэд цэвэр ариун биш. Бид номоо анх айлдсан тэр л төрх байдлаар нь толилуулж байгаа учраас түүнийг илүү сайн худалдан авдаг. Бхагавад Гитагийн алдар цуу бол Кришнагийн алдар цуу билээ.

Кришнагийн эрхэм сайхны бас нэг нь бол Түүний гоо үзэсгэлэн бөгөөд энэ нь мөн л хэмжээлшгүй. Кришна болон Түүний бүх бараа бологсод гоо үзэсгэлэн төгөлдөр байдаг. Өмнөх амьдралууддаа ачтай буянтай байсан хүмүүс энэ материаллаг дэлхийд сайн улс орнуудад чинээлэг хангалуун гэр бүлд төрөх боломж, заяа төөрөгтэй болдог. Америкчууд маш баян бөгөөд гоё сайхан, энэ эрхэм байдал нь тэдний ач буянтай үйлсийн л үр шим юм. Америкчууд нь шинжлэх ухааны мэдлэг, эд баялаг, гоо сайхан болон өөр бусдаараа бусдаас давуу байдаг учраас бүхий л дэлхий даяараа тэдэнд татагддаг. Энэ гариг нь орчлонгийн өчүүхэн бага орон зайг эзэлдэг боловч түүн дээрх ганцхан орон—Америк бусдыг татах өч төчнөөн шинжүүдтэй байна. Тэгэхэд, бүхий л сансар огторгуйн илрэл тодролуудыг бүтээгч Бурхан бусдыг татах ямар их шинж чанартай вэ гэдэг нь төсөөлөхөд ч бэрх. Бүхий л гоо үзэсгэлэнг бүтээсэн Тэрээр ямар үзэсгэлэн гоо төгөлдөр байх ёстой бол?

Зөвхөн гоо үзэсгэлэн л хүнийг сэтгэл татам болгодог юм биш. Мөн мэдлэг ч ийм шинж чанартай болгодог. Эрдэмтэн мэргэд болон гүн ухаантангууд нь хүмүүсийг өөрсдийн мэдлэгээрээ татдаг. Гэхдээ Кришнагийн Бхагавад Гитад айлдсан тэр мэдлэгээс илүү эрхэм дээд мэдлэг гэж байдаг болов уу? Хорвоо ертөнц дээрх юуг ч энэ мэдлэгтэй зүйрлүүлж харьцуулах аргагүй. Мөн түүний зэрэгцээ Кришна огоорохуй ( вайрагйа )-г бүрнээ агуулан байдаг. Материаллаг ертөнцийн бүх зүйлс Кришнагийн хараа хяналтын доор үйл хөдлөлөө хийдэг, гэхдээ Тэр Өөрөө бол үнэн хэрэгтээ энд залран байдаггүй. Эзэн нь байхгүй байсан ч том үйлдвэрүүд үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байдаг. Үүнтэй төстэйгөөр, Кришнагийн эрчмүүд Түүний туслагчид болох сахиулсан тэнгэрүүдийн удирдлага доор үйл хөдлөлөө хийж байдаг. Тэгэхлээр, Кришна Өөрөө бол материаллаг ертөнцийн чанадад заларч байдаг байна. Энэ бүгдийн талаар ариун гэгээн шастируудад өгүүлдэг.

Иймд Бурханд, Түүний үйлүүдэд нийцсэн олон нэр алдрууд байдаг ч өдий их эрхэм сайхан шинжүүдийг агуулан байгаа Тэр бүгдийг Өөртөө татаж байдаг болохоор Түүнийг Кришна гэж нэрлэдэг. Ведийн шастируудад батлан өгүүлсэнчлэн, Бурханд олон нэр алдрууд байдаг, гэхдээ тэдгээрээс хамгийн гол нь Кришна.

Кришнагийн ухамсарын манай хөдөлгөөний зорилго бол Бурханы нэрийг, Бурханы алдар цууг, Бурханы үйлийг, Бурханы гоо үзэсгэлэн төгөлдөр байдлыг болон Бурханыг хайрлах хайрыг номлох явдал. Энэхүү материаллаг ертөнц нь маш олон тал, янзтай боловч түүнд агуулагдан байгаа бүхэн Кришнад байдаг. Материаллаг ертөнцийн хамгийн хурц тод онцлог шинж бол секс бөгөөд энэ нь мөн Кришнад байдаг. Бид Радха болон Кришнад бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг, Тэд мөн л бие биедээ татагддаг, гэхдээ материаллаг болон бурханлаг дурлан татагдлууд нь өөр юм. Кришнагийн секс бол жинхэнэ, харин энд, материаллаг ертөнцөд бол тэр хий хуурмаг байдаг. Энд бидэнтэй дайралдаж тохиолдож байгаа бүхэн бурханлаг ертөнцөд мөн л байдаг. Гэхдээ энд бол тэд жинхэнэ үнэ цэнээ алдсан байдаг. Энэ бүгд бол зөвхөн тусгал төдий л зүйлс. Дэлгүүрийн шилэн хоргон дотор олон манекенүүд байдаг, гэхдээ хүмүүс тэднийг хуурамч, дуураймал гэдгийг мэддэг учраас огтхон ч сонирхдоггүй. Манекен маш сайхан гоё байж болно, гэхдээ л тэр бол хуурмаг, дуураймал эд шүү дээ. Харин хүмүүс гоо үзэсгэлэнтэй эмэгтэйг харахаараа түүнд татагддаг. Учир нь тэр бол жинхэнэ. Амьд гэж тооцогддог зүйл нь материйн нэгэн бөөн төдийхөн зүйл байдаг болохоор үнэн хэрэгтээ мөн л үхмэл юм. Сүнс бие махбодийг орхисон л бол эмэгтэй хүний гоо сайхан бие гэгдэгч зүйлийг хэн ч хардаггүй. Бусдыг татах чадвар бол чухамдаа бурханлаг сүнсэнд л байдаг.

Материаллаг ертөнц дэх бүх зүйлс үхмэл материас бүтээгддэг. Иймээс энэ бүгд хуурмаг, дуураймал зүйлс юм. Юмсын бодит үндэс суурь нь бурханлаг ертөнцөд оршдог. Бхагавад Гитаг уншсан хүн бурханлаг ертөнц гэж юу болохыг ойлгох чадвартай болдог. Учир нь, тэнд дараах шүлгийг өгүүлсэн байдаг:

парас тамат ту бхаво `нйо

`вйакто `вйактат санатанах

йах са сарвешу бхутешу

нашйатсу на винашйати

“Гэвч энэхүү илэрч тодорсон хийгээд илэрч тодроогүй байх материт трансценденталь байр суурьтай байдаг бас өөр нэгэн мөнхийн, үл илэрч тодорсон мөн чанар байдаг. Тэр бол бүхнээс эрхэм дээд бөгөөд хэзээ ч үл устдаг. Материаллаг ертөнцийн бүхий л зүйл устаж сүйрч байсан ч тэрээр хэвээрээ л байдаг.” (Б.-г., 8.20).

Эрдэмтэд энэ материаллаг ертөнцийн хэмжээ хязгаарыг тодорхойлохыг оролдож байдаг ч үүнийгээ хийж эхэлж ч чадахгүй. Зөвхөн хамгийн ойрын од хүртэл нисэхэд л мянга мянган жилийн хугацаа хэрэгтэй болно. Тэгэхлээр бурханлаг ертөнцийн тухайд гэвэл юу ярих билээ. Бид материаллаг ертөнцөө ч ойлгож, таньж мэдэж чадахгүй байх аваас түүнийг чанадад орших зүйлийг яаж таньж мэднэ гэж? Гэхдээ үүнийг таньж мэдэж болно. Үүний тулд эх сурвалж эх булгуудад л хандах хэрэгтэй.

Хамгийн эх сурвалж эх булаг бол Кришна. Учир нь юу вэ гэвэл, Тэр бол бүх мэдлэгийн эх булаг. Кришнагаас илүү цэцэн мэргэн хийгээд ихийг мэдсэн байх хэн ч байдаггүй. Материаллаг ертөнцийн хүрээ хязгаарын чанадаас тоо томшгүй олон гаригууд бүхий бурханлаг тэнгэр үргэлжилдэг гэж Кришна бидэнд айлддаг. Энэ тэнгэр бүх бүтээлийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг материаллаг сансар огторгуйгаас хавьгүй том болой. Материаллаг ертөнц дэх амьд оршнолууд нь бүтээл дэх бүх амьд оршнолуудын өчүүхэн бага хэсгийг л бүрдүүлдэг. Энэхүү материаллаг ертөнцийг шоронтой зүйрлүүлж харьцуулдаг бөгөөд шоронгийн хоригдлууд нь бүх оршин суугчдын маш бага хувийг эзэлдэг шиг материаллаг ертөнцийн амьд оршнолууд нь бүх амьд оршнолуудын тун бага хэсгийг л бүрдүүлдэг.

Бурханы эсрэг босон тэрсэлдсэн гэмтэнгүүдийг энэхүү материаллаг ертөнцөд байлгадаг. Заримдаа гэмт хэрэгтэнгүүд нь төр засгийн эсрэг ямар ч хэрэг хийгээгүй гэж мэлздэг, тэгсэн хэдий ч тэднийг баривчлан шийтгэдэг. Үүнтэй төстэйгөөр, Бурханд захирагдахгүй гэдгээ зарлан тунхаглах амьд оршнолуудыг материаллаг ертөнцөд илгээдэг.

Угтаа бол бүхий л амьд оршнолууд нь Бурханы салшгүй өчүүхэн жижиг хэсгүүд бөгөөд Түүнтэй эцэг хүүгийн холбоогоор холбогдсон байдаг. Христын шашинтангууд мөн л Бурханыг дээд эцэг гэж үздэг. Тэд сүмд очин “Та бол тэнгэрт байгаа бидний эцэг билээ.” гэж залбирдаг. Бурхан бол эцэг гэдэг үзэл баримтлал мөн Бхагавад Гитагийн (14.4)-д агуулагддаг:

сарва-йонишу каунтейа

муртайах самбхаванти йах

тасам брахма махад йонир

ахам бижа-прадах пита

“Ай Кунтийн хүү минь ээ, амьдралын бүхий л хэлбэрүүдийг материаллаг мөн чанар төрүүлдэг гэдгийг мэдэж ав. Харин Би бол үр тогтоогч эцэг нь.”

Амьдралын 8 сая 400 мянган хэлбэр байдаг бөгөөд тэдгээрийн тоонд уснаа амьдрагчид, ургамал, шувууд, араатан амьтад, мөлхөгчид болон хүмүүс ордог. Амьдралын хүний хэлбэрүүдийн ихэнх нь соёл иргэншилгүйд тооцогддог. Хүний амьдралын соёл иргэншил бүхий олон хэлбэрүүдээс цөөн тооны хүмүүс л шашны зам мөрөөр замнадаг. Шашин номын зам мөрөөр замнаж байгаа гэгддэг хүмүүсийн ихэнх нь өөрсдийгөө гадаад тодорхойлттойгоо адилтган: “Би бол хинду шашинтан”, “Би мусульман шашинтан”, “Би христын шашинтан” гэх мэтээр үздэг. Зарим хэсэг нь ивээл тусламжийн үйл ажиллагаа эрхэлж байхад, нөгөө нэг хэсэг нь ядуучуудад өглөг өгч, сургууль эмнэлэг нээдэг. Ийм бодь сэтгэлийн үйл ажиллагааг карма-канда гэж нэрлэдэг. Сая сая ийм карма-канда нараас нэг нь л гьяни (мэдлэгтэй хүн) байж болох. Сая сая гьяни нараас нэг нь л ангижралд хүрч болох, ангижралд хүрсэн тэр бум тэр бум сүнснүүдээс Кришнаг ойлгож ухаарах чадвартай нь арай чарай нэг л олддог. Үүнээс үзэхэд Кришнагийн байр суурь ямар байдаг нь харагдаж байна. Кришна Бхагавад Гитагийн (7.3)-д:

манушйанам сахасрешу

кашчид йатати сиддхайе

йататам апи сиддханам

кашчин мам ветти таттватах

“Олон мянган хүмүүсийн дотроос магадгүй нэг нь л төгс төгөлдөрт хүрэхийг чармайж байдаг. Төгс төгөлдөрт хүрэгсдээс дөнгөж нэг нь л Намайг жинхэнэ үнэнээр нь арай чарай таньж мэддэг.” гэж айлддаг.

Тэгэхлээр Кришнаг ойлгож ухаарна гэдэг маш хүнд бэрх байна. Бурханыг ойлгох нь маш амар хялбар биш ч гэсэн, Бурхан Бхагавад Гитад Өөрийгөө тодорхойлон айлдсан: “Би бол ийм, мөн тийм. Материаллаг мөн чанар ийм, харин бурханлаг сүнс бол тийм. Амьд оршнолууд бол ийм байдаг, харин Дээд Сүнс бол тийм байдаг.” гэж айлддаг. Тэгэхлээр оршин байгаа бүгдийн төгс төгөлдөр тодорхойлолтууд Бхагавад Гитад агуулагддаг байна. Бурханыг ойлгож ухаарах нь маш хүнд бэрх ч гэсэн, Бурхан Өөрөө бидэнд Өөрийн мэдлэгээ хүртээх аваас Түүнийг ойлгох нь хүнд хэцүү биш болдог. Энэ бол Бурханыг ойлгох үнэхээрийн цорын ганц арга зам бөгөөд үүний тусламжтайгаар л Түүнийг ойлгож ухаарч болно. Бурхан хэмжээлшгүй, харин бид хязгаарлагдмал учраас эрэгцүүлэн тунгааж бодох замаар Түүнийг ойлгож ухаарна гэдэг боломжгүй. Маш хязгаарлагдмал мэдлэг болоод ойлгоцтой бид Хэмжээ хязгааргүйг яаж ойлгож чадах билээ? Хэмжээ хязгааргүй нь Өөрийнхөө тухай айлдсаныг зүгээр л хүлээн авах аваас бид Түүнийг ойлгож чадах болно. Ийнхүү ойлгох явдал бол бидний төгс төгөлдөржилт.

Бурханы тухай ухааны түвшний цэцэрхийлсэн мэдлэг нь юунд ч хүргэхгүй. Хүүхэд эцгээ хэн бэ? гэдгийг мэдэхийг хүсэж байх аваас ээжээсээ л асуух нь хамгийн амархан нь. Ээж нь түүнд “Энэ бол чиний эцэг.” гэж хэлэх болно. Төгс төгөлдөр мэдлэгийг ингэж л хүртдэг. Эцгээ хэн болохыг багцаалан янз бүрийн байдлаар тааварлаж ч болох, эсвэл “Та миний эцэг биш биз?” гэж асуун хотоор нэг явж ч болно. Гэхдээ, ийм аргаар олж авсан мэдлэг ямагт төгс төгөлдөр бус байдаг. Эцгээ бид ийм байдлаар хайгаад хэзээ ч олохгүй. Хамгийн амар хялбар арга бол эх сурвалжуудаас мэдлэг хүртэх, энэ тохиолдолд бол ээжээсээ. Ээж нь: “Хүү минь ээ, чиний эцэг чинь энэ хүн шүү дээ.” гэж зүгээр л хэлнэ. Ингэж л бидний мэдлэг төгс төгөлдөр болдог. Трансценденталь мэдлэг нь үүнтэй төстэй. Би бурханлаг ертөнц гэж юу болох тухай л ярилаа. Бурханлаг ертөнцийг таамаглал дэвшүүлэх замаар таньж мэдэх боломжгүй юм. “Бурханлаг ертөнц гэж байдаг, тэр бол Миний залран байдаг орон.” гэж Бурхан айлддаг. Бид мэдлэгийг дээд эх сурвалж Кришнагаас ингэж л хүртдэг. Бид өөрсдөө төгс төгөлдөр биш байж болох ч мэдлэг маань төгс төгөлдөр эх булгаас хүртэж байгаа болохоор төгс төгөлдөр юм.

Кришнагийн ухамсарын хөдөлгөөн нь хүний нийгэмд төгс төгөлдөр мэдлэгийг хүртээх үүрэгтэй юм. Энэхүү мэдлэгийн ач тусаар л бид гэж хэн болох? Бурхан гэж хэн бэ? Материаллаг ертөнц гэж юу вэ? Бид яагаад ийшээ уначихсан юм бэ? Бид яагаад ийм их зовлон зүдгүүрийг тэсвэрлэн туулдаг хийгээд эцэст нь үхэх ёстой вэ? гэдгийг ойлгож болдог. Хэн ч үхэхийг хүсдэггүй нь ойлгомжтой ч үхэл хүрээд л ирдэг. Хэн ч хөгшрөхийг хүсдэггүй, гэвч тэртэй тэргүй л хөгширдөг. Хэн ч өвчин тусаж шаналж зовохыг хүсдэггүй ч өвчин зовлон тусдаг гэдэг нь эргэлзээгүй билээ. Энэ бүгд бол хүний амьдралын жинхэнэ асуудлууд бөгөөд тэдгээрийг шийдэх хэрэг бидний өмнө тулгарч байна. Соёл иргэншил нь идэх хоол хүнс болон унтах нойрыг сайжруулах, бэлгийн харьцаа болон аюулгүй байдлын асуудлыг төгөлдөржүүлэхийг л оролдож байна. Гэвч жинхэнэ асуудлууд үүнд байдаггүй юм. Энэ бүхэн нь жинхэнэ асуудлууд биш. Хүн ч унтдаг, мөн нохой ч унтдаг. Хүнд сайхан гэр орон байна гэдэг нь тэрээр илүү хөгжилтэй гэсэн үг хараахан биш юм. Тэд нэг л ижил зүйл хийдэг буюу адилхан л унтдаг. Хүн аюулгүй байдлаа хамгаалахын тулд атомын зэвсэг бүтээсэн бол нохой соёо шүдтэй байдаг бөгөөд мөн л өөрийгөө хамгаалж чаддаг. Тэд адилхан л өөрсдийн аюулгүй байдлаа хамгаалдаг. Атомын бөмбөгтэй болсон болохоороо бүх дэлхийг эсвэл бүхий л орчлонг эзлэнэ гэж хэлж болохгүй. Энэ бол боломжгүй хэрэг. Хүнд өөрийгөө хамгаалах сайтар боловсруулсан арга хэрэгсэл эсвэл хоол хүнс, нойр болон бэлгийн харьцааны нарийн арга барил байж болох ч энэ нь түүнийг хөгжлийн өндөр түвшинд хүрсэн гэдгийн баталгаа хараахан биш юм. Иймэрхүү хөгжил дэвшлийг тансаг нарийн амьтаншил гэж нэрлэхээс өөр аргагүй.

Жинхэнэ хөгжил дэвшил гэж Бурханыг танин мэдэхийг хэлдэг. Бурханыг танин мэдээгүй байсан цагт бид өөрсдийгөө жинхэнэ хөгжилтэй гэж үзэх аргагүй. Бурхан байхгүй байх аваас нүглийг үргэлжлүүлэн үйлдэж болно гэж боддог учраас үл бүтэх олон этгээдүүд Бурханы оршин байгааг үгүйсгэдэг. Бурхан байдаггүй гэж бодох нь тэдэнд таатай санагддаг байж болох юм. Гэхдээ бид Бурханыг үгүйсгэнээс болоод Тэр үхчихдэггүй билээ. Бурхан оршин байдаг, мөн Түүний засаглал ч оршин байдаг. Түүний тааллаар л нар мандаж, сар гардаг, ус урсдаг мөн далайн таталт түрэлт болдог. Тэгэхлээр бүгд Түүний таалалд захирагддаг. Хаа сайгүй л эмх журамтай байна. Иймээс Бурхан үхсэн хэмээн үзэж байгаа бодит байдлыг ойлгогч гэж яаж байж болох вэ дээ? Эргэн тойронд эмх замбараагүй байдал бий болон газар авах аваас засаг төр гэж байхгүй болжээ гэж ярьж болно. Харин газар сайгүй тогтвортой, эмх журамтай байхад засаг төр гэж үгүй болжээ гэж ярьж болно гэж үү? Бурхан гэж байдаггүй, Бурхан үхсэн, эсвэл зөвхөн Бурханыг мэддэггүйгээсээ болоод Түүнд дүр хэлбэр байдаггүй гэж хүмүүс ярьцгаадаг. Гэхдээ, Бурхан байдаг бөгөөд Кришна бол Бурхан гэж бид хатуу итгэдэг. Иймээс л бид Түүнд мөргөн бишрэл хүндэтгэлээ илэрхийлдэг. Кришнагийн ухамсарын зам мөр ийм л байдаг юм. Ойлгохыг чармайгаарай. Их баярлалаа.

 
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB