spacer.png, 0 kB

Бхагавад Гитагийн тухай... Print E-mail
User Rating: / 2
PoorBest 
Бямба, 07 Бар сарын 2009

Сүнсний тухай эрдэм ухаан.

          Энэ дэлхийн хүмүүс бараг бүгдээрээ өөрийгөө бие махбодьтойгоо адилтган үзэхүйн хий хуурмагт оршин байдаг бөгөөд хүний үйлдэж байгаа  аливаа үйл ажиллагаа нь бие махбодийн хэрэгцээг л хангахад чиглэгддэг.  Бхагавад Гита-д Кришнагийн биднийг гэгээрүүлэхээр айлдсан эхний айлдвар бол бид бие махбодь биш, харин сүнс гэдэг явдал. Бага зэрэг бодож үзэх аваас үүнийг амархан ойлгох болно.

 

Сүнс оршин байдгийн баталгаа.

Хэн нэгэн хүнийг нас барахад бид: “Тэр явчихлаа, талийн одлоо.” гэж ярьцгаадаг. Гэхдээ хэн явчихсан гэж? Бие махбодь нь бол энд байж л байгаа шүү дээ. Амьдралын эх булаг сүнс  бие махбодиос гарч одсон хэрэг. Иймээс тэр хүнийг амьгүй болсон, үхсэн гэж ярьдаг, үздэг.

          Жинхэнэ “Би” бол  бие махбодь, ухаан болон оюунаас ялгаатай гэдэг зөн билгийн гэмээр ойлголт бидэнд байдаг. Бид: “Миний гар.”, “Миний толгой.” ... гэх мэтээр ярьдаг. Толгой дээрх үснээсээ авахуулаад хөлийн хуруунуудынхаа хумсны  үзүүрийг хүртэл, энэ бол минийх гэж хэлж, ярьдаг. Энэ нь, бие махбодийн бүх хэсгүүд хэн нэгэн эзэнд харьяалагддаг гэдгийг зааж байна. Нүд, чих болон тархи зэрэг нь эрхтэнгүүд бөгөөд бид тэдгээрийн тусламжтайгаар хардаг, сонсдог, боддог. Эдгээр эрхтэнгүүд өөрсдөө бие даан ямар ч үйлдлийг хийж чадахгүй. Амьгүй болсон буюу үхсэн байгаа бие махбодид нүд, чих болон тархи  мөн л байсаар байдаг, гэхдээ сүнс-жолооч бие махбодийг орхисон болохоор түүний үйл ажиллагаа нь зогссон байгаа.

          Амьд оршнол бол ухамсартай билээ. Нар гэрэл болон дулаанаа хаа сайгүй түгээн тархааж байдагтай адилаар сүнс ухамсрыг бие махбодь даяараа, хөлийн хурууны үзүүрээс авахуулаад толгойн орой хүртлээ нэвчүүлэн тархаадаг. Чухамхүү ухамсар л биднийг  хөдөлгөөн хийх, мэдрэмж мэдрэх, бодож сэтгэх болон бусад бүх үйлүүдийг хийж үйлдэхийг өдөөдөг. Иймээс УХАМСАР бол СҮНС ОРШИН БАЙГААГИЙН шинж тэмдэг юм. Ухамсар— энэ бол амьгүй бие махбодийг амьдаас ялгаруулдаг тэр зүйл. Улаан өнгө гэсэн үгийг хэлэхэд: “Би улаан өнгийг харж байна.” гэж хариулж чадах машиныг зохион бүтээж чадаж байж болох ч тэр машин ийн хариулж байх үедээ улаан өнгийг үнэхээрийн хардаг гэж үү?

          Ухаан бол материаллаг уураг тархинаас ч тэр, мөн бие махбодиос ч тэр хамаардаггүй гэдэг дүгнэлтийг олон тооны тохиолдлууд дээр үндэслэн бид хийж болно. Клиник үхлийн үед сүнс бие махбодио орхин гардаг. Бие махбодиосоо гарахыг үзэж, туулсан хүмүүс бие махбодио хажуугаас, хөндлөнгөөс хэрхэн харж ажиглаж байснаа хийгээд бие махбодь нь ухамсаргүй  болсон тэр үед юу болж байсан талаар ярьдаг. Иймэрхүү хэргийн олон тооны гэрч баримтууд бий: зүрхний дутагдалд орсны уршгаар ухамсаргүй төлөвт орсон хэн нэгэн нь бие махбодийнхоо гаднаас түүнийг амь оруулахыг, амьдруулахыг оролдон байгаа эмч нарыг хардаг.

          Өнгөрсөн буюу урд насны амьдралын үеийн тухай салбарт нарийн судалгаанууд ч гэсэн олноор хийгдсэн. Вирджинагийн хий судлалын профессор Ян Стивенсон Карлсон хүүхдүүдэд өнгөрсөн амьдралд нь болж тохиолдсон зүйлс аяндаа санагддагтай холбоотой учир баримтуудын талаар нарийн судалгаа хийсэн. Хүүхдүүдийн санасан газар орон болон хүмүүст хамааралтай бүхий л нарийн тодорхой зүйлсийг тэр нягт нямбайгаар судалсан хийгээд алдаа мадаг гаргахгүйн тулд тэдгээрийг анхааралтайгаар шалгасан. Ингэснээр тэр: “Ухамсарт “Би” нэг физик бие махбодиос нөгөөд ордог буюу шилжин аялж явдаг.” гэсэн гайхалтай дүгнэлтэнд хүрсэн.        Бие махбодийн үхэлтэй хамтаар тархинд агуулагдаж байгаа мэдээлэл устан үгүй болдог, иймээс өөр тархитай харилцан үйлдэлд орж яаж чадах юм бэ? гэж бодогдож байж болох. Тэгэхлээр, ухамсарт “Би” гэдэг бол тархинаас ялгаатай оршнол гэсэн дүгнэлтийг эндээс хийж болно.

          Нэгэн эрдэмтэн, хүний бие махбодийг химийн бүрдүүлэгч хэсгүүдэд задалсан бөгөөд сүнс бол өөрийн гэсэн онцлогтой юм байна гэсэн мэдэгдэл хийсэн. Сүнс бүр  өөрийн гэсэн ухамсартай салангид тусдаа бодьгал.  Та өөрийнхөө бие махбодь, ухаан, оюун болон хуурмаг-эго-г ухамсарлаж мэддэг. Харин өөр хэн нэгэн хүний толгой өвдөж байгааг мэдрэх эсвэл бодол санааг нь унших боломжгүй. Тэгвэл Бурхан бүтээлийнхээ өчүүхэн жижиг хэсэг нэг бүрийг ч хүртэл ухамсарладаг буюу тэдний нэг бүрийн дотор болж явагдаж байгаа бүгдийг мэддэг. “Би, чи болон энэ бүх хаад эс оршин байсан цаг үе гэж хэзээ ч байгаагүй, мөн ирээдүйд бидний хэн нэгэн нь оршихоо болино гэсэн явдал үгүй билээ.” (Б.-г., 2.12). “Энэхүү материаллаг ертөнцөд оршин байгаа амьд оршнолууд бол Миний мөнхийн бүрэлдхүүн жижиг хэсгүүд.” (Б.-г., 15.7).

          Сүнс бол хэлбэртэй. Зарим хүмүүсийн андуу ташаагаар боддог шигээр, сүнс бол бодьгал бус гэрэл эсвэл хий хоосон биш. Сүнс бол бие нь мөнх байдал, мэдлэг болон цэнгэл жаргалаас бүрддэг гайхамшигтай сайхан бодьгал. Сүнс бол зүгээр нэг эрчим биш, сүнс бол бодьгал.

          Матери бол хэлбэр дүрсгүй, материйн хэлбэрийг сүнс өгдөг. Жишээ нь та хэсэгхэн даавуу аваад хуруугаа ороох аваас хэлбэр дүрстэй болно. Харин та хуруугаа сугалаад авчихвал даавуу хэлбэр дүрсээ алдан буцаад тэнийн дэлгэгдэнэ. Яг үүн лугаа, бие махбодь дахь материаллаг найман элемент— шороо, ус, гал, хий, огторгуй, ухаан, оюун болон хуурмаг эго нь түүн дотор сүнс орсон байгаа цагт л хэлбэр дүрстэй болдог. Үхэх цаг үед сүнс бие махбодийг орхин гардаг бөгөөд бие махбодь ч  ялзарч муудан хэлбэр дүрсээ алддаг.

          Сүнс бол мөнх. Бурхан Кришна: “Сүнсний хувьд төрөлт, мөн үхэл гэж хэзээ ч байдаггүй. Тэр хэзээ ч  үүсэж бий болоогүй, хэзээ ч үүсэж бий болдоггүй, хэзээ ч үүсэн бий болохгүй. Тэр төрдөггүй, мөнхөд оршин байдаг, анхдагч. Бие махбодь үхэж үрэгдэхэд ч тэр үхэж үрэгддэггүй.“ (Б.-г., 2.20) гэж айлддаг.

          Сүнс бол мөнх байдал, мэдлэг болон цэнгэл жаргалаар дүүрэн хэлбэртэй. Сүнс Бурханы оронд харьяалагддаг бөгөөд Бурхантай харьцахын тулд мөнх байдал, мэдлэг болон цэнгэл жаргалаас бүрдсэн бурханлаг биетэй байдаг. Гэвч сүнс Кришнагаас хамааралгүйгээр таашаал ханамж эдлэх хүсэлтэй болсон үедээ тэр даруйдаа л материаллаг ертөнц тийш унадаг. Тэнд тэрээр материаллаг бие махбодийн урхинд орж унан,  торонд хоригдсон тоть мэт болдог. Бид яагаад зовж шаналдаг юм бэ? Яагаад вэ? гэвэл, мөнх хийгээд цэнгэл жаргалт сүнс түр зуурын, харанхуй мунхаг, аз жаргалгүй бие махбодийн урхинд баригдсан байгаа болоод л тэр.

          Сүнс зүрхний орчимд байрладаг. Чийдэн өрөөг гэрлээр дүүргэдэгтэй адилаар сүнс бие махбодийг ухамсраар дүүргэдэг. Нэг газар оршин байгаа чийдэн өрөөг бүхэлд нь гэрэлтүүлдэг. Үүнтэй төстэйгөөр, хүний зүрхний орчим байрлах сүнс бие махбодийг бүхэлд нь ухамсраар дүүргэдэг. Өөрөөр хэлбэл, ухамсрыг бүхий л бие махбодь даяар нэвчүүлэн тархаадаг. Сүнс бол материаллаг бус бурханлаг учраас зүрх шилжүүлэн суулгах үед бие махбодиос зүрхтэй хамтаар гардаггүй.

          Сүнс бие махбодио сольдог. “Хүн хуучирч муудсан хувцсаа тайлж хаяад шинийг өмсдөгийн адил сүнс хэрэггүй болсон хуучин бие махбодио орхин шинэ материаллаг бие махбодийг авдаг.“ (Б.-г., 2.22). Яг л үүн шигээ, сүнс энэхүү бие махбодио нялх балчираас эхлэн идэр залуу дараа нь өтөл буурал болтол хувирч өөрчлөгдөхийг даган байсаар үхлийн дараагаар өөр бие махбодид шилжин ордог. Өөрийн бурханлаг мөн чанараа ухаарсан хүн иймэрхүү шилжилтэнд төөрөлдөж самууран тавгүйтдэггүй. (Б.-г., 2.13).

          Сүнсний хэмжээ. “Үсний үзүүрийг 100 хэсэг болгон хуваах хийгээд дараа нь гарсан хэсгүүдийн нэгийг дахин 100 хуваах аваас  үсний үзүүрийн энэхүү 10 000-ны нэг хэсэг нь сүнсний овор хэмжээтэй тэнцүү байх болно.” (Шветашватара Упанишад 5,9). Энэхүү материаллаг ертөнцөөр хэрж тэнэн явах үедээ  үр хэлбэртэй оршин байх сүнс ийм овор хэмжээтэй байдаг.  Гэхдээ сүнсэнд Кришнатай холбогдсон мөнхийн харьцаагаараа цэнгэн жаргадаг анхдагч жинхэнэ, сайхан, бурханлаг хэлбэр дүр байдаг. Энэ нь Эзэн албатын, найз нөхрийн, эцэг эхийн эсвэл амраг хайртын харьцаа байж болдог.

          Сүнс бол ойлгож хүрэхийн аргагүй. Сүнс бол электрон микроскопоор ч хүртэл олж харах боломжгүй тийм жижигхэн. Гэхдээ тийм жижигхэн овор хэмжээг олж харах микроскопыг зохион бүтээсэн байлаа ч сүнсийг харах нь тэртэй тэргүй  боломжгүй хэрэг. Материйн нарийн хэлбэр болох бодол санааг ч гэсэн бид яг тодорхойлж чаддаггүй. Тодорхойлолтоор бол, сүнс материйн хил хязгаарын чанадад оршдог. Тэр бол харагдашгүй хийгээд ухаарч хүршгүй. “Сүнс бол үзэгдэж харагдашгүй, ойлгож ухаарахын аргагүй бөгөөд мөн хувирч өөрчлөгддөггүй.” (Б.-г., 2.25).

 

Сүнс болон Дээд Сүнс.

          Сүнсийг материаллаг ертөнцөд Бүхний Дээд Бурханы хувилгаан дүр Параматма буюу Дээд Сүнс дагалдан ирдэг. Дээд Сүнс нь сүнстэй хамтаар нэг бие махбодиос нөгөө бие махбодид шилжин явахын зэрэгцээ түүнд санаа тавьдаг. Сүнс тодорхой нэг газарт оршин байдаг бол Дээд Сүнс хаа сайгүй залран байдгаараа түүнээс ялгаатай.

          Бие даасан сүнс нэг бие махбодиос нөгөө бие махбодид Параматмагийн өршөөл нигүүлслээр шилжин ордог. Тэрээр сүнсний хүслийг, нэг найз нөгөө найзынхаа хүслийг хэрхэн биелүүлдэг шигээр биелүүлдэг. Ведэд, сүнс болон Дээд Сүнсийг нэгэн модон дээр сууж байгаа хоёр шувуутай зүйрлэдэг. Тэдний нэг нь буюу бие даасан өчүүхэн жижиг сүнс энэхүү модны үр жимсийг тоншин иддэг, харин нөгөө шувуу буюу Кришна түүнийг зүгээр  ажиглаж байдаг. Хоёр шувууны зөвхөн нэг нь л  материаллаг модны үр жимсэнд дур татагдан сэтгэл булаагддаг. Тэрээр гашуун үр жимсийг идэх үедээ  зовж шаналдаг, амтат үр жимсийг идэх үедээ баяр хөөр болдог. Энэ явцад нөгөө шувуу найзынхаа үйлийг  зүгээр л ажиглан харж байдаг.

          Кришна бол энэхүү ажиглан харж байгаа шувуу, харин Түүний найз аугаа дайчин Арджуна бол үр жимс тоншин идэж байгаа шувуу. Хэдийгээр тэд найзууд ч гэсэн тэдний нэг нь эзэн, харин нөгөө нь албат. Бурхантай холбогдсон харьцаа холбооныхоо талаар санахгүй байгаа үедээ бие даасан сүнс нэг модноос нөгөө модонд буюу нэг бие махбодиос нөгөө бие махбодид шилжин явах ёстой  байдаг. Материаллаг бие махбодийн модон дээр амьдарч оршнохын төлөөнөө сүнс хүнд хэцүү, хатуу ширүүн тэмцэл хийдэг. Гэхдээ Арджуна Кришнагийн айлдвар сургаалыг бишрэн дагахыг зөвшөөрч байгаа шигээр нөгөө шувууг дээдийн дээд бурханлаг номын Багшаа болгохыг зөвшөөрч байгаа сүнс дорхноо л бүхий л зовлон гаслангаасаа салан ангижирдаг. Үүнийг Катха-Упанишад болон Шветашватара-Упанишад баталдаг: “Хэдийгээр шувууд хоёулаа нэг модон дээр сууж байгаа ч тэдгээрийн нэг нь  энэхүү модны үр жимсийг тоншин амталж байгаа болохоор түгшүүр зовиур болон гуниг гутралд автдаг. Гэхдээ тэрээр өөрийн Найз— Бүхний Дээд Бурхан тийш хандах аваас зовж шаналж байгаа шувуу тэр дороо  бүхий л зовлонгоосоо ангижран салдаг.”

 

Бурхан гэж хэн бэ?

Яагаад янз бүрийн бурхад, янз бүрийн ариун гэгээн бичээсүүд байдаг вэ?

          Үнэнийг эрж яваа хүний ухаанд: “Хэрвээ ганц л Бурхан байдаг юм бол яагаад ийм өчнөөн олон янзын шашнууд, өчнөөн олон янзын Бурхад байдаг юм бол? Би тэгээд эдгээрийн алиныг нь үзэж судалж, дагах болж байна вэ? Бурханы оронд хүрч очихын тулд  би аль замаар нь орж замнах хэрэгтэй вэ?” гэсэн бодол заримдаа төрдөг. Бурхан бол нэг л байдаг. Иймээс ариун гэгээн бичээс ч тэр, Бурханы айлдвар ч тэр мөн л нэг  байдаг. Энэ учрыг үл ойлгосон явдал нь заримдаа шашин хоорондын зөрчил мөргөлдөөн болон дайн гарахад хүргэдэг байсан. Үнэн бодит байдал бол Бурхан мэдлэгийг  мэдлэг хүртэгчдийнхээ ойлгож хүлээж авах боломжийг харгалзан нэг бол шууд Өөрөө эсвэл элч төлөөлөгчөө илгээн шууд бус байдлаар буюу тэд нараар дамжуулан хүртээдэг гэдэгт оршдог.

          Янз бүрийн бичээсүүд байдаг нь янз бүрийн ангиллын сонсогчдод зориулагдсан хэрэг.

          Бурханлаг талын хөгжил дэвшил бүхий нийгэмд мэдлэгийг цэвэр ариун хэлбэрээр нь хүртээн дамжуулдаг. Харин нийгэм ёс суртахууны  болон бурханлаг үнэ цэнэт зүйлсээ алдан гээсэн, хүмүүс амьтадын түвшинд хүртлээ унан доройтсон байх аваас мэдлэгийг, нэг талаас бурханлаг амьдралдаа  их биш ч гэсэн хөгжил дэвшил гаргаасай гэж, нөгөө талаас  мэдлэгийг гажуудуулан буруу бүү болгоосой гэсэн үүднээс хялбаршуулж тааруулсан хэлбэрээр дамжуулдаг.

          Исламын болон Христын шашин нь цаг хугацаа, газар орон болон нөхцөл байдалд таарч,  зохицож нийцсэн байдлаар үүсэж бий болсон.

          Бурханлаг зам мөрийн зарчмуудыг дагах нийгмийн чадварыг үнэлж  цэгнэж үзээд элч нар бурханлаг эрдэм ухааныг тодорхой байдлаар дамжуулан хүртээдэг байсан. Лүндэн буулгагч буюу элч Мухаммед нь Кораны номлол сургаалыг бүрнээ унаж доройтсон хүмүүст хүртээхээр бууж ирсэн гэж бид ойлгож болно. Жишээлбэл, Кораны 16 дугаар Сурад: “Өөрийн ээж болон эгчтэй бүү хурьц.” гэж өгүүлдэг. Мухаммед соёл иргэншилт хүмүүст сургаал номлол хүртээж дамжуулж байсан бол иймэрхүү сургаал номлол илүүц зүйл байх байсан. Бурханыг ухаарсан хийгээд элч болон сонгогдсон сүнс Мухаммед нь нүүдэлчдийн дээрхтэй адил  харьцаа, үйлдэл хэвийн үзэгдэл болсон байсан завхран гажуудсан овог аймгийнханд сургаал номлолоо номлож байлаа.

          Библьд: “Бүү хөнөө.” гэж өгүүлдэг. Бүү хөнөө гэсэн ийм сургаал номлолыг хэнд номлох вэ? Зөвхөн хөнөөгчдөд л. Ийсус номлол сургаалаа зөвхөн гуравхан жил номлосон. Номлол сургаалаа эхлээд гуравхан жил болж байх үед нь түүнийг цовдолсон. Хамгийн шилдэг сайн шавь нь 30-хан мөнгөн зоосны  төлөөнөө түүнээс урвасан, өөр нэг шавь нь түүнийг огт таньдаггүй хэмээн мэлзэж үгүйсгэсэн байх аваас тэднийг эгэл ард түмэн байсан гэдэг тухай юу ярьж болохсон билээ?

          Кришна Бхагавад Гита-г хүний бүхий л шилдэг сайн шинж чанаруудын биелэл болсон Арджунад айлдсан билээ. Энэ явдал Энэтхэгийн соёл иргэншлийн цэцэглэл хөгжилтийн үед болсон. Амьдралаа бүхий л хүн төрөлхтөний сайн сайхан, ач тусын төлөөнөө тахилга өргөл үйлдэхэд зориулан байгаа тэвчил хатамжлалт, Наимишараньигийн мэргэдтэй Сута Госвами ярилцаж байгаа тухай Шримад Бхагаватамд өгүүлдэг. Бхагавад Гита болон  Шримад Бхагаватамыг сонсож хүртэгчдийн түвшин ийм байсан. Иймээс Бхагавад Гита болон Шримад Бхагаватам нь Библь болон Коранаас ялгаатай гэдэгт гайхаад байх зүйл огт байхгүй.

 

Табүхэн энэ лекцыг гүйтэд уншихийн тулд энд дарна уу!

 

www.vyasa.ru-гаас Чандра Бхавана даса орчуулав.

 

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB