spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Карма. Print E-mail
User Rating: / 2
PoorBest 
Бямба, 07 Бар сарын 2009

            Материаллаг амьдрал бол бидний анхдагч жинхэнэ төлөв байдал биш. Сүнс (жинхэнэ эго, жинхэнэ “Би”) бол цэвэр бурханлаг эрчим бөгөөд чанарын хувьд бүдүүн ч тэр, мөн нарийн ч тэр  материас ялгаатай. Сүнсний зориулалт буюу дхарма бол үйлчлэн зүтгэх явдал. Анхдагч жинхэнэ төлөв байдалдаа бол бие даасан сүнс эрчмээ үйлчлэл зүтгэлийн мөнхийн объект Дээд Сүнс буюу  Дээдийн дээд Бодьгалд  зориулдаг.

            Ухамсрын гажуудсан төлөв байдалд орсон сүнс алдагдсан, гээгдэж цөхөрсөн байдалтай болдог бөгөөд түүний бүхий л эрчим нь  сүнсний материаллаг төсөөллийн биелэл— хуурамч эгоны эрхшээл  захиргаанд ордог. Шримад Бхагаватамын (11.28.15)-д: “Уй гашуу уйтгар гуниг, баяр хөөр, уур хилэн, хомхойрол шунахайрал, төөрөгдөл эндүүрэл болон шунаг сувдаг хүслүүд, мөн  тэрчлэн  төрөлт болон үхэл— энэ бүгдийг цэвэр ариун сүнс биш, харин хуурамч эго л амсаж эдэлж, тэсэж туулдаг.”

 Өөрийгөө материтай эндүүгээр адилтгасан энэхүү жам ёсны бус төлөв байдалд  сүнсний эрчим нь  материаллаг мөн чанарын гурван гунуудын янз бүрийн байдлаар зохицон нийцэж холилдсон холилдоон сүлжилдээний бүхий л, олон янз бүхий хий хуурмаг байдалд үйлчлэн зүтгэхэд үрэгдэн шамшигддаг.

Сүнсний энерги буюу эрчим гэж юу вэ? Сүнс бол бодьгал. Тодорхойлолтоор бол, мэдрэхүйтэй хийгээд шийдвэр гаргах чадвартай амьд оршнолыг бодьгал гэдэг. Шийдвэр гаргах болон мэдрэхүйтэй  байх гэсэн энэ хоёр зүйл нь  сүнсний үндсэн хоёр эрчмийг тодорхойлдог. Шийдвэр гаргах гэдэг нь мэдлэгийн эрчмийг, харин мэдрэхүйтэй байна гэдэг нь цэнгэл жаргалын эрчмийг заадаг. “Би бол мэдэх, ойлгох чадвартай.” болон “Би бол цэнгэн жаргаж, хайрлаж чаддаг.” гэдгээ хэн бүр ойлгодог.

Эдгээр эрчмүүд нь, тэдгээрийг юугаар ч хязгаарлаж, арилгаж үгүй болгох боломжгүй гэдэг утгаараа үндсэн эрчмүүд юм. Эдгээр эрчмүүд нь итгэл бишрэл зэрэг сэтгэл зүйн олон ойлголтуудыг тодорхойлох болон сэтгэл зүйн үзэгдлүүд хийгээд феномен (онцгой гойд зүйл)-г гүн гүнзгий ойлгоход туслах эхлэлийн цэг нь болж өгдөг.

Эдгээр хоёр эрчим нь хуурамч эго-гоор нэвтрэн гарснаар гажуудсан хэлбэртэй болдог: 1) Цэнгэл жаргалын эрчим нь бүдүүн түвшний буюу бие махбодийн  таашаал ханамж эдлэх болон нэр цуутай болох,  алдар хүндэтгэлд хүрэх, бусдаас ялгарч товойн гарах гэх мэтийн нарийн түвшний  эрмэлзэл гэсэн хэлбэртэй хүсэл тачаал, шунахайрал хомхойрол болон хувирдаг.

  2)  Мэдлэгийн эрчим нь материаллаг ертөнцийг таньж мэдэх болон ийнхүү таньж мэдсэнээр түүнийг эзэмшин захирах гэсэн эрмэлзэл болж  өөрчлөгддөг. Энэ бол мэдлэгийн тусламжтайгаар материаллаг мөн чанарыг буюу байгалийг эрхшээлдээ оруулах гэсэн шунал юм.

Цэвэр ариун сүнсэнд мэдлэгийн болон цэнгэл жаргалын гэсэн  энэ хоёр эрчим мөн л угийн байж байдаг. Гэхдээ түүнд байдаг эдгээр эрчим нь үл ялих буюу  хязгаарлагдмал хэмжээтэй болно. Харин Кришнад бол тэдгээр эрчмүүд хэмжээлшгүй хязгааргүй их хэмжээтэй байх бөгөөд байнгад өсөн нэмэгдэж байдаг.

Сүнс өөрийн танин мэдэхүйн (Бурханыг таньж мэдэхийг эрмэлзэн байгаа) болон цэнгэл жаргалын (Бурханы мэдрэхүйд хайр дүүрэн үйлчлэн зүтгэхийг эрмэлзэн байгаа) үл ялих өчүүхэн бага чадвараа  Кришнад зориулах аваас Тэрээр ийм сүнсийг мэдлэг болон цэнгэл жаргалын  Өөрийн хэмжээ хязгааргүй эрчмээрээ дүүргэн бялхаадаг. Ингэснээр сүнс цэнгэл жаргалын болоод ойлголт ухаарлын далайд умбадаг. Бидний зориулалт бол энэхүү далайд сэлэн умбах явдал. Ийн умбаж байгаа төлөв байдлыг Бурханыг хайрлах хайр гэж нэрлэдэг. Санскритаар бол кришна-према-бхакти. Энэ бол бидний амьдралын жинхэнэ зорилго.

Кармын үндсэн үзэл баримтлал.

Карма гэдэг үгийн ерөнхий утга бол “үйл ажиллагаа”, “үйлдэл”, “үйл” эсвэл “ажил хөдөлмөр”. Карма гэдэг үг нь кри буюу “бүтээх, үр дагаврыг бий болгох” гэсэн утга бүхий санскрит үндэснээс гаралтай. Өөрөөр хэлбэл, карма нь тодорхой үр дүн, үр дагаварт хүргэдэг үйл.

Амьд оршнол материаллаг ухамсартай  байгаа цагтаа материаллаг бие махбодид орон материаллаг ертөнцөд  үйл хөдлөл хийдэг. Эдгээр үйл нь оршин байгаа тухайн бие махбодийн нь амьдралын үргэлжлэх хугацааны дотор боловсорч гүйцэн илэрч гарахааргүй тийм үр дагавруудыг ч бий болгодог. Иймэрхүү төрлийн үр дагаврууд нь хуримтлагдсаар амьд оршнолын ирээдүйн амьдралуудынхаа аль нэгэнд авах шинэ бие махбодийн хувь тавилангийн үзүүлэлтүүдийг тодорхойлж хэлбэржүүлэн бий болгодог. Ийнхүү сүнс одоогийн энэхүү бие махбодидоо оршин байхдаа өөртөө зориулан ирээдүйд аван төрөх шинэ бие махбодио аажмаар бий болгодог хэрэг. Үүнийг карма гэж нэрлэдэг. Карма бол материаллаг ухамсрынхаа хүчээр материаллаг шинэ бие махбодио аажмаар бүтээж бий болгох явдал юм. Ийм амьд оршнол  хуучин бие махбодио үхсэний дараагаар шинэ бие махбодид шилжин ордог.

Кармендрийа.

Энд бид “карма” гэдэг нэр томъёог зөвхөн, материаллаг бие махбодийг аван төрсөн  амьд оршнолуудтай холбоотойгоор авч үзэх болно. Материаллаг эрчим бидэнд 1) ам (ярих, идэх гэсэн хоёр үүрэг бүхий), 2) гар, 3) хөл, 4) генитал болон 5) анус буюу шулуун гэдэс гэсэн үйлийн таван эрхтэн бүхий бие махбодийг өгдөг. Мэдрэхүйн эдгээр эрхтэнгүүдийг мэдрэхүйн үйлийн буюу ажлын эрхтэнгүүд гэж нэрлэдэг (Санскритаар  кармендрийа гэдэг.).

Амьдралын доод түвшний хэлбэрүүдэд эдгээр эрхтэнгүүд мөн л байдаг, гэхдээ тэдгээр нь хүнийхтэй харьцуулахад танигдахын аргагүй өөр, ялгаатай. Энэ тохиолдолд бид тэдгээрийг доорхи байдлаар тодорхойлж болно:

—Хоол тэжээл идэх эрхтэн

—Өөрийгөө хамгаалах  болон олз олбор олох эрхтэн

—Явах, хөдлөх эрхтэн

—Үржлийн эрхтэн

—Бие махбодиос ялгадас гадагшлуулах эрхтэн

Адгуусан амьтад ер нь бол дөрвөн хөл дээрээ явдаг бөгөөд урд хөлүүд нь  мөн тэдний “гарын” үүргийг гүйцэтгэх нь олонтаа. Гэхдээ  үүнийгээ зөвхөн урд хөлөөрөө биш, мөн хойд хөлөөрөө гүйцэтгэх тийм хангалттай чадварыг хөгжүүлсэн байх нь ч бий.  Тухайлбал, сүүлнийхээ тусламжтайгаар модноос дүүжлэгдэн байгаа үед тэдний хувьд сүүл нь хөлийнх нь үүргийг гүйцэтгэдэг. Зааны хувьд хошуу нь түүний гарын үүргийг гүйцэтгэдэг. Модны хувьд хоол тэжээлээ авах  буюу идэх хооллох эрхтэн нь  түүний үндэс. Бактер болон микробуудын хувьд  энэ болгоныг нэг эрхтэн буюу мембран гүйцэтгэдэг хэдий ч энэ бүх үүргүүд мөн л  бүгдээрээ байдаг.

Бурханлаг сүнс бүрт үйлийн таван мэдрэхүй  угийн байдаг. Амьд оршнол өөрийгөө материтай адилтган үзэж эхэлмэгц хуурамч эго түүнээс бүхий л эрчмийг нь, түүний дотор мөн мэдрэхүйг нь  сорон аваад материт оруулж шингээн түүнийг амилуулдаг. Эдгээр мэдрэхүйнүүдийн хүний бие махбодид  илэрч тодорч байгаа байдал нь  тэдгээрийн анхдагч  жинхэнэ бурханлаг байдалдаа ямархуу байдагтай  онцгой ойр дөхөм.

Кармын хоёр үндсэн тодорхойлолт.

Карма гэдэг үг олон утгатай. Энэ үг хэд хэдэн үндсэн гол  утга санааг илэрхийлдэг боловч бид  тэдгээрээс зөвхөн  хоёр үндсэн голыг нь авч үзэх болно. Бусад утгууд нь бидний авч үзэж буй хүрээнээс халин гарсан асуудлуудтай холбогдох учраас тэднийг авч үзэлгүй орхих болно.

Карма гэдэг үгийн эхний утга бол бие махбодийг аван төрсөн амьд оршнолын үйлийн таван эрхтэнгүүдийнхээ (кармендрийа) тусламжтайгаар хийж үйлдэж байгаа үйл ажиллагаа, үйл буюу ажил хөдөлмөр юм.  Энэ үйлийн нийлбэр үр дүн нь карма гэдэг үгийн хоёр дахь утга болно. Үүнийг мөн адил төстэй утгаар “үйлийн үр дагавар”, “кармын хариу үйлдэл” эсвэл зүгээр л  “хувь заяа, тавилан” гэж нэрлэдэг.

Хүн амьдралынхаа туршид үйл ажиллагаагаа янз бүрийн гунууд дахь  сэдэл шалтгааныг удирдлага болгох хийгээд үйл ажиллагаагаа янз бүрийн гунуудад эрхэлж явуулснаар олон янзын үйлүүд үйлддэг. Амьдралын эцэст, төгсгөлд үр дагавруудын нийлбэр  дүн тооцоологдож, бодогдож  амьд оршнол дараагийн төрөлтдөө шилжин ордог. Кармын үр дагаврынх нь ихэнх нь цэвэр ариунд оногдож байх аваас сүнс хүнээс илүү дээд оршнол болж дээд гаригууд дээр төрдөг. Нийлбэр дүнгийн ихэнх нь хүсэл тачаалд оногдож байх аваас дунд түвшний гаригууд дээр хүн байдлаар, харин харанхуй мунхагт оногдож байх аваас  адгуус амьтан болж эсвэл түүнээс доошхи төрлийг авдаг.

Тахилга өргөл болон оноогдсон үүргүүдээ цэвэр ариуны гунад биелүүлж байх нь хүний кармыг сайжруулдаг гэж Ведэд заадаг. Тахилга өргөлийн  бүхий л хэлбэр төрлийн  оргил нь буюу дээд цэг нь  зөвхөн л, Бүхний Дээд Бурханд чин бишрэлтэйгээр  үйлчлэн зүтгэхэд чиглэгдсэн  үйл ажиллагаа байдаг. Ийм үйл ажиллагааг трансценденталь карма буюу наишкарма гэж нэрлэдэг. Ийм үйл ажиллагаанд өөрийгөө зориулж байгаа сүнс  төрөлт үхлийн эргэлдэх хүрднэээс бүрнээ мултран ангижирч чадна. Тэгэхлээр, кармын сэдэв нь дахин төрөлт болон ангижралын сэдэвтэй нягт холбоотой.

Дээд Сүнсний үүрэг роль.

Дээд Сүнс бол Бурханы Бодьгалын  хувилгаан дэлгэрэл дүр бөгөөд амьд оршнол бүрийн зүрхэнд болон  орчлонгийн атом бүрт залран байдаг. Дээд Сүнс бол бие даасан сүнсний удирдлага болгож  буй сэдэл шалтгаан болон түүний бүхий л хүсэл болоод үйлүүдийн гол гэрч. Бхагавад Гитагийн (13.23)-д батлан өгүүлсэнчлэн, Дээд Сүнс ажиглах болон зөвшөөрөх (буюу бидэнд бол өөгшүүлэх гэсэн утгаар санагдаж байж болох) гэсэн хоёр үүргийг гүйцэтгэдэг. Дээд Сүнс гэрч болж байгаа  үйл (буюу карма) нь кармын үр дагавар хэлбэртэйгээр  материаллаг эрчмийн тусламжтайгаар нэг бол урамшуулагддаг эсвэл  шийтгүүлдэг. Дээд Сүнс бүгдэд огтын алагчлалгүйгээр, бүрнээ шудрага ханддаг. Бурханы Бодьгалын хувилгаан дэлгэрэл болохын хувьд  Тэрээр энэ ертөнцөөс юу ч үл хүсдэг. Түүнд хэнээс ч, юу ч хэрэггүй. Дээд Сүнсний хийж үйлдэж байгаа бүхэн хэнд ч, эсвэл юунд ч татагдах болон үл татагдахын нөлөөн дор оролгүйгээр болзолдож нөхцөлдсөн сүнсэнд  үйлчлэх явдал. Иймээс Дээд Сүнс бол ямар ч өө сэвгүй, шудрага.

Сонголт хийх хязгаарлагдмал эрх чөлөө.

Сонголт хийх боломж бол бидэнд үргэлж байдаг. Бид үйлдэх үйлээ эрх чөлөөтэйгөөр сонгодог, гэхдээ харин үр дагаврыг  нь сонгох эрх чөлөө бол  байхгүй. Үйлийн үр дагаврууд нь өөрийн ээлжиндээ үйлийг сонгох, тэдгээрийг сужать, эсвэл тэр хэвээр нь орхих бидний боломжийг өргөжүүлдэг.

Бурханлаг ертөнцөд л сүнс хамгийн өргөн сонголтыг хийх боломжтой байдаг. Энэхүү сонголт хүслийн хоёр  төрлөөс бүрддэг. Хүслийн эхний ангилал— энэ бол  Бурханы Бодьгалд үйлчлэн зүтгэх хүсэл. Энэ ангилалд тоо томшгүй олон янзын хувилбарууд багтдаг. Хоёр дахь ангилалд  материаллаг ертөнцөд очин тэнд аз жаргалыг эдлэхээр  Кришнагаас салан холдох гэсэн хүсэл хамаарагддаг.

Бүхний Дээд Бурханд үйлчлэн зүтгэхийг хүсэж байгаа цагтаа амьд оршнол бурханлаг ертөнцөд оршсон хэвээр байх бөгөөд үйлчлэн зүтгэх гэсэн түүний сонголт  үргэлжид хувиршгүй, хэмжээ хязгааргүй  хэвээр байдаг. Үйлүүд нь уяж хүлэн цаашдын үйл ажиллагааг бий болгох тийм үр  дагавруудыг  дагуулдаггүй, авчирдаггүй. Энэ бол жинхэнэ эрх чөлөө.

Харин материаллаг ертөнц дэх бидний сонголт хийх эрх чөлөө  өнгөрсөн үйл ажиллагаануудын үр дагавраас болж хязгаарлагдмал байдалтай болдог. Заримдаа хүн өөрийн “тоглож буй тухайн дүр” буюу оршин байгаа бие махбодиосоо хамаараад урам хугардаг, тэр бүү хэл ичих болон уурлаж бухимдах ч явдал гардаг. Гэхдээ л түүнд өөр сонголт байдаггүй, тэрээр өөрийн байхыг хүсэж байгаа тийм байдлаараа байж  чаддаггүй.

Болзолдож нөхцөлдсөн сүнсний тодорхойлолт.

Шрила Прабхупадагийн номуудад “болзолдож нөхцөлдсөн сүнс” гэдэг үг олонтаа тааралддаг. Энэ ойлголт чухам юу гэсэн утгатай үг болохыг тодорхойлох нь чухал.

“Өөрөө л цэнгэн жаргах гэсэн төгс төгөлдөр бус хүслээсээ болоод  материаллаг нөхцөл байдлаас хамааралтай болчихсон байгаа бурханлаг сүнсийг болзолдож нөхцөлдсөн сүнс гэж нэрлэдэг.”

Цэвэр бурханлаг сүнсэнд  аз жаргалтай байхын тулд  ямар ч материаллаг нөхцөл огтын хэрэггүй. Материаллаг дурлан татагдлаасаа салж ангижирснаар сүнс энэхүү материаллаг ертөнцөөс бурханлаг ертөнц рүүгээ буцаж харьдаг.

Сүнс өөрийгөө аз жаргалтай байлгахын төлөөнөө материаллаг нөхцлүүдийг хэдийчинээн ихээр  хүсэж хэрэглэж байна, төдийчинээн ихээр болзолдож нөхцөлддөг. Болзолдож нөхцөлдсөн байдлын  их эсвэл бага гэдэг нь сүнсний өөртөө бий болгож байгаа хүслүүдээс хамаардаг. “Хүсэл бол амьд оршнолын болзолдож нөхцөлдсөн байдлын нарийн хэлбэр.” гэж Бхагавад Гитагийн (5.15)-ын тайлбарт өгүүлдэг.

Материаллаг болзолдож нөхцөлдсөн байдлын олон хэлбэрүүд байдаг: Тухайлбал, хүйс, нас, яс үндэс, мэргэжил, нийгмийн бүлэг гэх мэт болон өөр бусад. Тэр бүү хэл, хүн ч гэсэн болзолдож нөхцөлдсөн байдлын мөн л нэг хэлбэр. Эдгээр материаллаг нөхцлүүдийн олныг нь бид өөрчлөх чадваргүй. Тэр бүү хэл хичээж чармайгаад ч тэр. Иймд матери бол сүнсийг амьдралын олон орчин,  хүрээгээр боож хязгаарладаг.

Харанхуй мунхаг дахь хувь заяаны  тухай төсөөлөл.

Тэгвэл, бидэнд ямар нэгэн эрх чөлөө гэж ер нь байдаг юм уу? Бидний сэтгэл зоригийн чөлөөт сонголтын илрэл болох үйлүүд эь угийн урьдаас тогтоогдчихсон, тодорхойлогдчихсон байдаг гэж үү? гэж асууж байж болно. Хэн ингэж урьдаас тогтоож тодорхойлдог юм бэ? Дээд хүч, Дээд Сүнс.

Гэхдээ Дээд Сүнс бүгдийг ийнхүү урьдаас тодорхойлчихдог байх аваас бие даасан сүнс ямар ч хариуцлага үүрэхгүй. Тэрээр өөрөө юуг ч шийдэхгүй байх учраас юунд ч буруудахгүй, хэрвээ шийдэх аваас, түүний бүхий л шийдвэр нь мөн л хэдийнээ урьдаас тодорхойлогдчихсон байх учраас жинхэнэ шийдвэр биш байх болно. Хэрвээ ийм байдаг юм бол энэ ертөнцөд болж байгаа  муу муухай бүхний хариуцлагыг хэн үүрдэг юм бэ? Бурхан. Тэгвэл Бурхан бол хувь заяа муутай, золгүй сүнснүүдийг зовлон шаналалд нэрвэгдүүлж байдаг бүхнээс хүчирхэг, харгис хэрцгий тамлагч зовоогч болж таарах нь ээ. Та үүнд итгэж байна уу?

Гэхдээ хоёр асуулт гарч байж болно: “Ийм бодлыг та хаанаас авч байна? Тэгвэл амьдралд ямар учир утга байна вэ?” Эдгээр асуултанд хариулах нь төвөггүй, хялбархан: 1) Бид үүнийг өөрсдийн ухаанаасаа л авсан. 2) Амьдралд ямар ч утга учир байхгүй. Иймээс хувь заяандаа л гомдоллох болон харамсан гашуудаж гаслан шаналахаас өөр юу ч бидэнд үлдэхгүй. Учир шалтгаангүйгээр гаслан шаналах нь харанхуй мунхагийн гунын шинж чанар. Ийм хүмүүсийг фаталистууд гэж нэрлэдэг.

Хүсэл тачаал дахь эрх чөлөөний тухай ойлголт төсөөлөл

Хувь заяа буюу карма зэрэг ийм зүйлс огт байдаггүй гэж хэлж ярьдаг хүмүүс байдаг. Америкийн кино болон видео бүтээгдэхүүнүүдэд дүрслэн үзүүлдэг дэлхий дээр байж болохын аргагүй хүнд бэрх гадаад нөхцөл байдлуудыг даван туулж буй хүний дүр орчин үед хүмүүсийн дур сонирхлыг онцгой ихээр татаж, маш ихээр алдаршиж байна. Гэхдээ Шрила Прабхупада ийн өгүүлдэг: “Демонууд мэдрэхүйдээ таашаал ханамж эдлүүлэх явдал бол амьдралын дээдийн дээд  зорилго гэсэн бодлыг  даган баримталдаг бөгөөд энэ төсөөллөө үхэн үхтлээ хадгалсаар явдаг. Үхлийн дараа амьдрал байдаг гэдэгт ч тэр, амьд оршнол өөрийн кармагаас  буюу энэ ертөнц дэх үйлээсээ хамаараад янз бүрийн бие махбодийг авдаг гэдэгт ч тэр тэд итгэдэггүй. Ар араас нь угсруулан боловсруулах тэдний амьдралын төлөвлөгөөнүүд дуусч төгсөнө гэж хэзээ ч байдаггүй. Би иймэрхүү  демонлог ухаан бодол бүхий нэгэн хүнийг таньдаг байсан ба тэрээр үхэл нь ирчихээд байсан үед, дуусгаж амжаагүй байсан гэх төлөвлөгөөнүүдээ биелүүлж хэрэгжүүлэхийн тулд  амьдралыг нь цааш дөрвөн жилээр уртасгаж өгөхийг эмчээс гуйж байсан. Эмч амьдрах хугацааг нь тэр бүү хэл агшин зурын төдий хэмжээгээр ч гэсэн уртасгаж сунгаж чадахгүй гэдгийг иймэрхүү тэнэгүүд мэддэггүй. Цаг нь буюу ээлж нь ирсэн л бол хүн юу хүсэж байна гэдгийг хэрэгсэж үздэггүй. Тогтоогдсон хугацаанаас секундын төдий ч гэсэн илүүтэйгээр амьдралыг таашаахыг байгалийн хуулиуд зөвшөөрдөггүй. Демонлог хүмүүс өөрийн хүч чадалд л итгэхээс биш өөрийнх нь хүрч, гаргаж байгаа бүхий л амжилтууд түүний өнгөрсөн үедээ үйлдсэн сайн үйлүүдийн нь хариу, үр шим гэдгийг бол мэддэггүй. Энэ бүхэнд хүрэх боломж түүнд олгогдсон болохоос биш, тэр үүнд өөрийнхөө хүчээр хүрсэн юм биш. Гэвч энэхүү боломжийг өгч олгож байгаа учир шалтгаануудын талаар ямар ч ойлголт түүнд байдаггүй. Энэ бүх эд баялаг бол өөрийнх нь  хүч чармайлт, хичээл зүтгэлийн үр дүн гэж  тэр үздэг. Демонууд өөрсдийн үйл ажиллагааны хүчинд л итгэхээс биш, кармын хуульд бол үгүй. Энэ хуулийн дагуу бол хүн өндөр дээд гарал язгуур, байр суурьтай гэр бүлд төрөх, маш баян, маш өндөр боловсролтой, эсвэл маш гоо үзэсгэлэнтэй байх явдал нь түүний өнгөрсөн амьдралдаа хийж үйлдсэн сайн үйлүүдийн нь хариу, үр дүн юм. Тэгэхэд демонлог шинжтэй хүмүүс, энэ бүх зүйлс тохиолдлын чанартайгаар хийгээд өөрсдийнх нь шинж чанарын ачаар л болж явагддаг хэмээн боддог. Хүмүүс янз бүрийн байдалтай байх, тэдний гоо үзэсгэлэн, боловсрол гэх мэт болон өөр бусад зүйлс нь урьдаас тогтоогдчихсон, тийм байхаар хэдийнээ тодорхойлогдчихсон байдаг гэдгийг тэд мэддэггүй.”

Тууштай фатализм ч бай, хувь заяаныхаа төлөө хийх тууштай тэмцэл ч бай ялгаагүй бодит байдлын талаарх үнэн зөв төсөөлөл болдоггүй. Жинхэнэ үнэн бодитой ойлголтыг Ведэд өгдөг: карма болон болзолдож нөхцөлдсөн байдлын зэрэгцээгээр сонголт хийх эрх чөлөө үргэлжид байдаг.

Нэгэн зэрэг хослон нийлэх.

Хэдийнээ оноогоод хүртээсэн буюу өөрөөр хэлбэл урьдаас тогтоогдчихсон, тодорхойлогдчихсон аз жаргал болон зовлон бэрхшээлийн зэрэгцээ урьдаас тодорхойлогдоогүй шинэ үйлүүдийг үйлдэх боломж бидэнд үргэлж байсаар байдаг. Баладева Видйабхушана Веданта-сйамантака (6 дугаар бүлэг, Карма-таттва-нирупанах)-д бичсэнчлэн, эдгээр шинэ үйлүүд нь:

1. Шууд илрэн тодордог, эсвэл бараг шууд буюу энэ амьдралын хугацаанд илрэн тодордог.

2. Энэ амьдралын дараа, ирээдүйн хойчийн амьдралд илрэн тодрох гэсэн хоёр төрлийн үр дагаврыг авчирдаг.

            Эхний хэлбэрийн үр дагавар нь хуримтлагдаж хураагдсаар цаг нь болохоор өнгөрсөн  амьдралын нь үйлийн үр дагавруудтай холилдон нийлж хамтдаа илрэн тодорч байж болно. Өнгөрсөн амьдралын үйлийн үр дагаврууд нь  ийнхүү  халхлагдан далдлагдсанаар, бүх зүйлс зөвхөн одоогийн үйлүүдээс хамаардаг гэсэн сэтгэгдэл хүмүүст төрж, бий болж байж болох. Гэхдээ ийм төсөөлөл нь мөн чанарын хувьд демонлог юм (Б.-г.,16.16-гийн тайлбар, эхний хэсэг).

            Хүн одоогийн энэ амьдралаа сайжруулж, дээшлүүлж болдог юм болов уу?

            Тэгж болдог нь эргэлзээгүй хэрэг. Шримад Бхагаватамын 2.10.32-ын тайлбарт ийн өгүүлдэг: “…оюун бол тухайн байр байдлыг гүн гүнзгийгээр шүүн үзэж бодох болон бүхнийг сайн тал руу нь өөрчлөх чадвартай.” Ач тустай, тааламжтай сайн хариу үр дагаврыг удаж төдөлгүйгээр шууд авчрах тийм үйлүүдийг одоо үйлдэх аваас хүн амьдралаа сайжруулж чадна. Гэхдээ ингэж буй хүн материалист хэвээрээ үлдэх аваас өнгөрсөн амьдралдаа хийж үйлдсэн үйлүүдийн нь үр дагавар түүнийг   одоо юу хийж үйлдэж байгаагаас нь үл хамааран тэртэй тэргүй л “бүрэн хэмжээгээрээ буюу бүрэн хөтөлбөрөөрөө”  нөмрөн авах болно. Эдгээр хоёр хэлбэрийн үр дагаврууд нь өөр хоорондоо янз бүрийн хувь хэмжээтэйгээр холилдон нийлцгээх бөгөөд бид үүнийг бүдүүн тойм байдлаар дараахь дөрвөн хувилбарт хувааж болно:

1.      Хувь тавилангаар оноогдсон муу үр дагавар + одоогийн муу үйл (болон муу шинэ үр дагавар).

2.      Хувь тавилангаар нь ирж байгаа муу үр дагавар + одоогийн сайн үйл (болон шинэ сайн үр дагавар). Энэ бол гэм нүглээ наманчлахуйн хувилбар (прайашчитта).

3.      Хувь тавилангаар ирж байгаа сайн үр дагавар + одоогийн муу үйл (болон шинэ муу үр дагавар). Энэ бол “Үл бүтэх этгээдүүд яагаад ингэж цэцэглэн хөгжиж, сайн сайхан байгаад байдаг юм бэ? Бурхан тэднийг харахгүй, өөр хаашаа хардаг байнаа?” гэдэг асуултын хариу.

4.      Хувь тавилангаар нь ирж байгаа сайн үр дагавар + одоогийн сайн үйл (болон шинэ сайн үр дагавар).

Дээр дурьдсан хувилбаруудаас хоёр дахь нь “карма-г саармагжуулахуй” гэж нэрлэгддэг. Прайашчитта буюу гэм нүглээ наманчлах тал дээр зааж зөвлөсөн зан үйлүүдийг үйлдсэнээр хүн  хувь тавилангаар нь ирж байгаа муу үр дагаврууд дээрээ “шинэ” сайн үр дагавруудыг нэмдэг. Ингэснээр муу үр дагаврынхаа заримыг саармагжуулдаг. Тэрээр “хувь заяаны цохилт” буюу  өнгөрсөн үеэс ирж байгаа сөрөг муу үр дагаврыг саяхан үйлдсэн наманчлалынхаа үр дүнд өөрт нь ирж байгаа эерэг үр дагаврын тусламжтайгаар тосон хүлээж авдаг. Гэхдээ бүрэн хэмжээгээр биш ч гэсэн саармагжилт болж  явагддаг бөгөөд энэ үед амьдрал аз жаргал болон зовлон шаналалын холимог болон хувирдаг. Гэсэн ч энэ нь дан ганц, ямар ч горьдлого найдлагагүй зовлон шаналалд нэрвэгдэж байснаас л дээр билээ.

Сонголт хийх эрх чөлөөт байдлын шинж тэмдгүүд.

Амьдралын үйл явцаа захирч хянаж огт чаддаггүй гэдгээ олон хүмүүс мэдэрдэг, мэддэг. Хүнд хэцүү хувь заяаныхаа талаар болон хэн нэгэн нь өөрсдийнх нь өмнөөс бүгдийг хэдийнээ (илэрхий сайн бусаар) шийдвэрлэчихэж, тэгээд л зовж шаналж байна хэмээн тэд гутранги байдлаар боддог. Гэхдээ тэдэнд илэрч байгаа энэхүү гуниг гутрал нь сонголт хийх эрх чөлөө угийн байдаг гэдгийн шинж тэмдэг юм. Сүнсэнд сонголт хийх эрх чөлөө угийн байдаггүй байсан бол хувь заяа нь түүнд саад төвөг учруулж байна гэсэн ийм мэдрэмж хаанаас гарах гарах билээ? Үүнд ийнхүү урам хугарч байгаа явдал нь  түүнд байсан сонголт хийх эрх чөлөөнөөс нь үлдсэн байгаа тэр хэсэг, хэрчим нь юм. Энэхүү ханамжтай бус байдал, сонголт хийх эрх чөлөөний энэхүү хэсэгхэн хэрчим нь сүнс бол бие махбодьдоо хэзээ ч уусан нэгддэггүй  гэдгийг зааж байгаа хэрэг. Хэдийгээр сүнс бүх эрчмээ энэхүү бие махбодьдоо “цутган оруулсан” хийгээд өөрийгөө түүнтэй адилтгадаг ч гэсэн хэзээ ч  бүрнээ бие махбодь болдоггүй. Сүнс энэхүү бие махбодийн үйлдэж байгаа сайн эсвэл муу аль ч үйлийг үйлдэгч хэзээ ч бүрнээ болдоггүй. Заримдаа хүмүүс “Үүнийг үйлдэж байхдаа  би өөрөө биш байсан байна, би өөрөөрөө байгаагүй.” гэж ярьдаг.  Үнэн хэрэгтээ, тэд “Би бол энэ бие махбодь биш байсан байна.” гэж хэлж байгаа хэрэг. Би бол бие махбодь биш, би бол матери биш гэдгийг хэдийгээр маш богино хугацаанд гялсхийх байдлаар ч гэсэн тод томруунаар ойлгох явдал бол  огоорохуй тийш хандсан эхний алхам юм.

Сонголт хийх нь юунд хүргэдэг вэ?

Буянтай сайн  эсвэл нүгэлтэй муу үйл үйлдэх үү гэдгийн хооронд хийх сонголт хүнд үргэлж байдаг. Буянтай сайн үйл нь ирээдүйд эдлэх таашаал ханамжийн үрийг авчирдаг бол нүгэлтэй муу үйл нь зовлон шаналалын үрийг араасаа дагуулдаг. Буянтай сайн үйл (пунйа-карма) бол Ведэд зөвлөсөн байдаг тухайлбал, тахилга өргөл өргөх, тэвчил хатамжлал хийх эсвэл өглөг өгөх зэрэг хэлбэрийн үйлүүд. Зарим төрлийн үйл ажиллагаанууд хэн бүгдийн хувьд адилхан байдаг буюу хийж үйлдэхийг бүгдэд зөвлөмж болгодог. Тэгвэл тодорхой  хүмүүст зориулсан эсвэл тусгай нөхцөл байдалд хийж үйлдэхийг зөвлөсөн буюу үүрэг болгосон өөр үйлүүд ч байдаг. “Хэн нэгэнд нь рашаан болж байгаа зүйл бусдад нь хор болж болно.” гэсэн үг байдаг.

Нүгэлт үйл (викарма, папа-карма эсвэл угра-карма) гэж ариун гэгээн бичээсүүдэд буюу шаструудад хориглосон тийм үйлүүдийг хэлдэг.

Бүр илүү өргөн сонголт бол материаллаг мөн чанарын гурван  гунуудтай харьцах харьцааны сонголт юм. Цэвэр ариуны гунатай харьцах харьцааг сонгож буй хүн дэвжин дээшилдэг, хүсэл тачаалын гунатай харьцах харьцааг сонгож буй хүн байран дээрээ л дэвхцсэн байдалтай байдаг. Харин харанхуй мунхагийн гунатай харьцах харьцааг сонгож байгаа буюу энэ гунын нөлөөнд оршин байгаа хүн уналт доройтолд ордог.

Эцсийн дүндээ, хүний амьдралдаа хийж байгаа хамгийн гол чухал сонголт бол үйлчлэл зүтгэлийн болон бишрэл хүндэтгэлийн объектоо буюу  шүтээнээ сонгох явдал. Үйлчлэл зүтгэлийн мөнхийн объект буюу Шүтээн бол Дээдийн дээд Бодьгал. Миний өмнө тулгарч байгаа гол сонголт бол би Түүнд үйлчлэн зүтгэхийг зөвшөөрөх үү эсвэл үгүй юү гэдэгт оршдог. Хэрвээ үгүй гэх аваас би өөрийн мэдрэхүйдээ болон хуурамч “Би”-дээ л үйлчлэн зүтгэх болно. Иймд, сонголт хийх боломж хүнд үргэлжид байдаг болно.

Сонголт хийх эрх чөлөөг өргөжүүлэх түлхүүр.

Сонголт хийх эрх чөлөө болон сэтгэл зоригийн хүч. Энэ хоёр ойлголт нь нягт уялдаа холбоотой. Сонгосон зорилгодоо хүрэхэд саад болж байгаа хүндрэл бэрхшээлийг туулахад хүнд сэтгэлийн зориг хэрэгтэй. Сэтгэлийн эр зориг, хат муутай хүмүүсийн хувьд бодохын ч аргагүй тийм зүйл сэтгэлийн илүү их хат, зоригтой буюу сэтгэлийн тэнхээтэй хүний хувьд хүрэх бүрнээ боломжтой байдаг. Иймээс сонголт хийх эрх чөлөө нь сэтгэлийн хүч зориг, сэтгэлийн хат тэнхээ ихийн ачаар улам бүр өргөжин тэлдэг. Сэтгэлийн хат тэнхээ буюу  сэтгэлийн хүч зориг  хүн бүрт байдаг. Өөр бусад аливаа хүчний адилаар бид түүнийг тодорхой хүрээ хязгаарын дотор сулруулж эсвэл хүчтэй болгож болно. Мэдрэхүйдээ таашаал ханамж эдлүүлэхээс огоорох явдлыг  хөгжүүлснээр хүн сэтгэлийн хат тэнхээгээ буюу сэтгэлийн хүч зоригоо хүчирхэгжүүлэн, амьдралаа удирдан залах бүр илүү их боломжтой болдог. Харин мэдрэхүйдээ таашаал ханамж эдлүүлэхэд дурлан татагдах явдлыг хөгжүүлснээр хүн сэтгэлийн хүчээ сульдуулж, хяналтаа алддаг. Гэхдээ ямар ч нөхцөл байдалд байлаа гэсэн сэтгэлийн хүч хат бүрмөсөн арилан алга ч болдоггүй, эсвэл хамгаас хүчирхэг ч болдоггүй.

 

Табүхэн энэ лекцыг гүйтэд уншихийн тулд энд дарна уу!

 

www.vyasa.ru-гаас орчуулсан Чандра Бхавана даса.

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB