spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Чойжид дагинын тууж /3-р хэсэг/ Print E-mail
User Rating: / 4
PoorBest 
Пүрэв, 05 Хулгана сарын 2012

Үргэлжлэл 3-р хэсэг

 

 

ЗУРГААН ЗҮЙЛ

Эрлэг номун хаан зарлиг болруун: Энэ өдөр нэгэн их буянтан өөд болж ирэхнээ хэмээсэнд эрлэгийнхэн цөмөөр босож хүндлэв. Тэр урьд зүгээс номын хувцас өмссөн махлаг дүртэй аяга тэхимлэг (гэлин) гурван зуу гаруй эр эм хүнийг дагуулан цан хэнгэрэг хөгжим сэлтээр маанийг аялгуулан шүлэглэж дурссаар

дээгүүр заларч явахдаа – Би мааньч Ёнжид гэгч билээ. Арилсан номын орноо одлоо. Эдүгээ эрлэгийн газар зуурдын сансарт байгаа хүн амьтан та нарын дотор урьд надтай номын барилдагаар учирсан хүн бий аваас одоо намайг дагаж явахтун! хэмээн дуугарах төдийгээр тамын мэс, хүрдэт хийгээд илд, мэс, навчит мод цөм газар дор орсон ба эрлэгүүд ер дуу чимээ гаргалгүй номхон байхыг энэ удаад үзэв. Тэр зарлигийг сонссон эрс, эмсийн олон сүнс миний ламтан мөн миний ламтан мөн хэмээн баярлалдан хойноос нь дагаж одсонд эрлэгийн зардас нар дэгээгээ дээш явуулж нилээд олон сүнсийг доош татан газар буулгав. Чойжид би тэр цагт харваас ламыг дагагсад нь бараг эмс охид, доош буугчид нь эрс байхыг үзэв. Би Эрлэг номун хааны өмнө очиж ийн асуун айлтгав: - Олон хүнийг дагуулаад энд буян хилэнцээ эс ялгуулан өөрийн дураар залран явагч тэр хэн гэгч вэ? Бас түүнийг дагагсдад эрс цөөхөн, эм хүн олон байх буюу мөн танай зардас тавьсан дэгээнд эрс олноор өртөж доош буусны учир юун болохыг айлдаж соёрхоно уу хэмээсэнд Эрлэг номун хаан зарлиг болоруун:- Тэр нь хүний ертөнцөд байхдаа хутагт хоньсом бодьсадыг хатуужлаар бясалгаж зарлигийг сонсоод маанийн зургаа үсгийг үргэлж уншиж арван зүг бүхнээс ариун цагаан буяныг ихэд дэлгэрүүлж хоньсом бодьсадын шидээр өөрийн эрхийг олсон хөлөгний бодьсад аяга тэхэмлиг (гэлэн) мааньч Ёнжид гэгч байна. Түүнийг дагаж гарагчид нь урьд тэр ламд номын барилдагаа хийж тангараг санваарыг ба басхүү аливаа сайн идээ цавыг өргөн ерөөл тавигсад үйлдсэн буяныхаа ачаар энд буян нүглийг ялгуулж үйлдүүлэхгүйгээр арилсан ариун орноо одох нь тэр бөлгөө. Миний эрлэгүүдийн дэгээнд өртөгдөн доош буугчид бол урьд ламаас авсан тангарагаа бууруулсан ба анхандаа сүжиглээд адаг дор муу хэлсэн,  жич бас эндээс дэмий худал дагалдан гарагчдын ийн янагш авчрах нь тэр бөлгөө. Бас тэр ламыг дагалдан дээш гарагчдын дотор эрчүүл цөөн байхын учир хэмээвэл тэд ертөнцөд ямагт омголон байх ба хувраг тойн дор идээ үл өргөн хэрвээ өөрийн эмс охидыг хуврагт жирийн зөөлөн сэтгэлээр хандахад тачияангуйн эрхээр тэр ламыг шүтсээр байж өөрийн эмс, охидтой хэвтэр нийлүүлэх буйзаа хэмээн хар хорын сэтгэл төрж байдаг тул ертөнцийн хар хүн их төлөв там, бэрд, адгуусан төрөлд төрдөг учир тэр бөлгөө. Мөн тэр ламыг дагаж арилсан орноо одогсод нь бараг эмс, охид байх нь ертөнцийн бүсгүй язгууртан сэтгэл зөөлөн бөгөөд бас сайхан амттай идээ тэргүүтэн цав идээ өргөн ерөөл тавьдгийн учир тэр ач буяныхаа үрээр сайн хувийг олж тэр мэт арилсан орноо одох нь тэр бөлгөө. Басхүү маанийн зургаан үсгийг өөрийн биеэр унших ба бусдаар уншуулахын буян нь энэ мэт цаглашгүй хэмээн зарлиг болов.

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ

 

 

ДОЛООН ЗҮЙЛ

Бас нэгэн улаан нүүрт чавганцыг хөтлөн авчирч Эрлэг номун хааны өмнө сөгтгөн асуусанд тэр чавганц өчрүүн: - Би өөртөө тариа будааны үйлийг сайтар хийж идэх өмсөх тэргүүтнийг бусдаас ер эрдэггүй байлаа. Буян, нүглийг ялгаж мэдэхгүй тул өөрийн дураар явж утгат буяныг нэгч хийсэнгүй билээ. Одоо энд ирсэн хойно үзвээс орчлонгийн хүн амьтны жаргаж зовох хэмжээ буян хилэнцээсээ болдгийг мэдлээ. Гэртээ харьж баахан суугаад хамаг юмсаа буяны үйлд зориулан зараад эргэн ирж энд танд бараалхая. Хаан түшмэдүүд намайг хайрлан соёрхож үзмүй хэмээсэнд олон эрлэгүүд хүйтнээр тат тас инээлдэж толь данснаа үзээд ширүүнээр тачигнан өгүүлрүүн: - Бурханы шар улаан хувцас гаднаа өмсөөд буг чөтгөр мэт хортой явдлыг дотроо хадгалж, буруу, хар нүглийг огторгуй дүүртэл үйлдсэн мөртлөө буцаж гэртээ харина хэмээн зоргоороо загнана уу, чи. Сайн буяныг амлаж самуурахын тачъяангуй сэтгэлээр эр бүгдийг аргацаан наадуулж худал хуурмаг үгээр бусдыг хагацуулсан янаг амрагуудыг өдөөн харшилдуулсан үймүүлсэн зэрэг цаглашгүй их нүглээ нүдээр хар! Чи. Хамаг эд агуурсаа дараад харагдсан лам хуврагуудыг хар золигнууд хэмээн хорт муу үгээр дайран доромжлох зэрэг хар хор хармын муу сэтгэлээр хийсэн нүглээ яах билээ чи! Хүний дүртэй эм чөтгөр чи хялгасны төдий буян үйлдсэнгүй бөгөөд бусдыг доромжилсон зэргийн их нүгэл чинь хээрийн өдсийг шатаасан түймэр мэт толгойд чинь асан түлэх цаг одоо нэгэнт болоо бишүү? Шарадворж ламаас шажин номын санваар сахилыг авсан боловч бусадтай нийлж худал үгээр муучлан багш юугийнхаа сэтгэлийг чилээсэн их нүглээ яах билээ чи. Аливаа амьтны амийг мянга түмээр тасалснаас ачит багшийнхаа сэтгэлийг хомсдуулсан хар хорон нүгэл асар их гэж авралт бурхан багш дахин дахин номлосон бус уу? Улаан царайтай палдгар муу шулам чи тамаас тонилох орон цаггүй болой гэхэд Эрлэг номун хаан зарлиг болруун: Аяа чи хүний биеийг олоод бурхны хутгийг бүтээж эс чадавч бага сага буян үйлдэж юунд эс чадав аа. Харин чи хортой сэтгэлээр тамын зовлон эдлэх шалтгааныг өөрөө үйлдэж ирсэн тул шалзран зумлагч их халуун тамаас эхлэн цэцэг мэт дэлбээлэн хага хөлдөөгч хүйтэн там тэргүүтний зовлон эдлүүлэн хэлийг багалзуураас сугалан гаргаж бие дор улайдсан төмөр хадаас мянгыг хад! Там бүгдийн насны тоо дуустал бүү гарга! Хорвоо хийгээд эр, эм хүмүүнийг нохой, гахай, хайнаг, чөтгөр, ад хэмээн хэлснээр сүүлд тамд бирдийн зовлонтой адгуусны төрлийг авахуулна хэмээн зарлиг болсон зардсууд хашгаралдан тал талаас дэгээдэн авч одохуйд улаан царайт уйлан орилон өгүүлрүүн: - Хүний ертөнцөд одогсод буй бөгөөс миний мэтээр нүгэлийг битгий үйлдэгтүн. Зовлонгоос хагацах цаггүй байна бишүү! хэмээн захиарай гэж бархирсаар сарвалзан одвоо.

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ

 

НАЙМАН ЗҮЙЛ

Хүрэн захтай дээл өмссөн нэгэн хар хүнийг хөтлөн авчирч Эрлэг номун хааны өмнө сөгтгөн асуусанд: - Миний оршин суусан нутагт махнаас өөр идэш хоол байдаггүй. Олддогоор нь олон олон хүдэр, ямаан гөрөөсийг авалж явлаа. Амины малаас арав хорин үхэр, хонь алав. Аливаа буяныг ингэж үйлдэв хэмээн хэлэх зүйл огт үгүй ээ. Асар их нүгэлт эр, эм бид амь зуух гэж арга ядан ихэд зовсон төдийгүй нүтгийн захыг цагдан суухдаа орон гүрэн хэссэн мөргөлчин хүний хамаг эд юмсыг дээрэмдэн авч нэгэн их нүглийг хийсэн билээ. Энд ирсэн хойно үзвээс аливаа амьтан жаргах зовох тэргүүтэн буян нүглийн үр мөнийг мэдээд эдүгээ яах ч аргагүй зовлонтой болов хэмээн мэдүүлсэнд эрлэгийн түшмэд толь данснаа үзээд:-Зовлон бас нүгэл ихийг нүдээр харсугай. Чи ерэн ямаан гөрөөс, ерэн зургаан хүдэр, жаран долоон сармагчингийн зэрэг гөрөөс амьтдыг алжээ. Бас гэртээ хонь ямаа тавин ес, үхэр долоог алж идсэний нүглийн үр тамаас өөр илгээх газаргүй. Зах газрыг хоёр жил цагдан суухдаа зам тосож мөргөлчний эд юмсыг булаасан тэргүүтэн завсаргүй их нүгэл хураасан байна. Чи тэгш буяны замыг хааж тэнэг мунхаг үйл хийсэн чинь даагдашгүй их хилэнц болох тул их халуун тамд тоолшгүй олон галавд зовлонг эдлүүлнэ. Чи түүнээс гарах цаг дор тэгдээр алсан амьтны биеийг олонтоо авч тэд бүгдийг хэрхэн алсан тэр ёсоор таван зуун төрөлдөө алагдах болно хэмээгээд нүгэл буяны чулуу овоолуулсанд буяны цагаан чулуу бага, нүглийн хар чулуу их болж түүнийг аюулт хар тамаас өөр одох оронгүй хэмээв. Эрлэг номун хаан зарлиг болруун: Түшмэдийн шүүсэн ёсоор даагдашгүй халуун тамаас бүү гарга! хэмээсэнд эрлэгийн зардсууд хашгаралдан дэгээдэн авч явахуйд тэр хүн орилон сарвалзан өгүүлрүүн: Хүний ертөнцөд одогсод буй бөгөөс гөрөөс тэргүүтэн амьтныг бүү хөнөө! Мөргөлчин эргэлчнийг бүү тонож дээрэмд хэмээн захирай! гэж бархирсаар явж одвоо.

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ

 

ЕСӨН ЗҮЙЛ

Бас гартаа шар эрх барьсан нэгэн охиныг авчирч Эрлэг номун хааны өмнө сөгтгөн асуусанд түүний мэдүүлсэн нь: Би хүний ертөнцийн орны өглөгчийн охин Номинзул гэгч билээ. Гурван эрдэнийг орой дээрээ дээдлэн шүтээд бэлдэртэй сайн буяныг үйлдэв. Асар бага насандаа чавганц болоод ариун явдлаар явсугай хэмээвэл ачит эцэг эх минь намайг аргагүй эрд гаргав. Алмид миний буян нүгэл холимог бүхий тул ариун буян үйлдье гэхэд авааль эр цааргалж ятгасангүй. Миний дураар болгож авралт мааний үсгийг нэгэн живаа гаруй уншив. Аливаа учирсан лам хувраг эрдэмтэнг хүлээж хүндлэн үе үе орчлонгийн жам ёсыг санаж үймрэн гансарч сэтгэл зовнихуйд үлэмж гурван эрдэнийн авралыг үргэлж магтан хоосон чанарын утгаар тэгш айлтгасан их багш нэгэн ламыг зургаан жил шүтэж хоног тутам идээ цавыг өргөж хорт нүглээ наманчлан ерөөл тавив. Гэгээн багш юугаас барагдашгүй номын хөтөлбөрийг хүртэж энэ ертөнцийн зовлон жаргалын утга чанарыг мэдэж авлаа. Энд тэнд эргэл мөргөл үйлдсэн эрхэм хувраг тойныг ирэхэд хувцас хунар, идээ, эдлэх юмсаар өргөл өгч хүндлэв. Бас маани дурьдан ирсэн нэгэн ламд баярлаж их агуу ерөөлийг тавиад дамжиггүй бодь мөрийг олоход зориулваа. Тэр багш ламын зарлигаар гадаад өнгөний дуун бүхэн сайн муу нь хоосон үзэгдэл мөн гэгчийг мэдэв. Гансарч зовлонд учирсан амьтнаа дотоод сэтгэлийн чанарыг бясалгаж тодорхой доройтуулж муу заяаны шалтгаан бүгдийн доторх гэмүүдийг буй хэмээн баримтлагч их агд хийгээд их нүгэлт нисваанис мөн хэмээн мэдвээ. Хэрчиж, огтлох, чанаж, түлэх тэргүүтэн хэмжээгүй их зовлон цөм бүгд хэний ч өшөөгөөр үйлдэх бус бөгөөд хэтэрхий өөрийн хилэнцэт явдлаас болдгийг мэдээд тэнгэр хүний оронд тэгш бүтсэн таван хүсэлт жаргалан бүгд өөр өөрийн сайн муу үйлээс болдгийг ч тэмдэглэж тодорхой мэдсэн бөлгөө. Үхэх цагтаа миний хувьд үлдсэн тугалтай үнээ нэг, үлэмж сайн арвай дөчин шуудай бий. Урьд тариа зулгаахуйд хорхой шавьж алсандаа үнэхээр их гэмшдэг билээ. Үүний тул миний хойноос буяныг үйлдэхэд миний хувьд үлдсэн хөрөнгийг зориулаарай хэмээн гэрээслэн захьсан билээ. Бас нэгэн хааны хүүхэн намайг мугуйдаар бардаж дарлахуйд тэссэнгүй балай мунхгаар хэрэлдсэнээ наманчилаагүй билээ. Миний нүгэл энэ бүгд бөлгөө хэмээхэд эрлэгийн түшмэд толь данснаа үзээд ийн өгүүлрүүн: - Аяа чи сайн буяныг сайтар үйлдэж самуун нисваанис гэж хорыг мэдээд сайнаар ачирхсан багш юугаан сайтар шүтэж санаа ариун явсан чинь гайхамшиг болой. Эдүгээ чиний энэ мэт мэдүүлсний дээр эргэл мөргөл их хийсэн, итгэл олон уншсан, эцэг эхээс нууж эд идээний өглөг өгсөн, элдэв буяны үйл үйлдсэн байна. Балгасан дотор ганцаар өлсөж хэвтсэн балай гуйлганч Мижидмаа гэдэг нэгэн эмэгтэйд тостой гурил, эд зүйл идээнээс баясгалангаар өгч ихэд асарсан байна. Нүглийн зүйлээс нүд гараар хийсэн нь үгүй боловч нягт зузаан тариа зулгаахуйд хорхой шавьж атга хиртэйг алж сүйтгэсэн байна. Чамайг эрд гарган хүнд өгөх цагт их хурим найр хийж үхэр нэг, хонь зургааг алуулсан нүглээс нэгэн хувь авах хэрэгтэй гэвч буян хийсэн нь түүнээс их байна гэхэд Эрлэг номун хаан зарлиг болруун: Сор өнгөтэй төрсөн охин чи нүглээс айж багшийг шүтээд сүнсээ бодон буяныг үйлдэн сүлдэт номын чанаруудыг мэдсэн чинь маш сайн. Охин чиний гурван цагт шүтсэн олон амьтны итгэлт тэр багш чинь саяхан үүгээр олон шавь нараа дагуулан дээш залрав. Чи арай хожимдож ирсэн ирсэн боловч Балдандорж дагинасын нууц тарнийн ном дэлгэрсэн тэр газарт одмуй! Чи тэнд зуу насалсан баялаг бярман(брахман) өвгөний гурван хүүхдийн дундах болон төрөөд тэнцэлгүй нууц тарнийн номыг судлан бясалгаж тэндээс наян долоо наслаад шидийг олж төгс баясгалант арилсан орноо төрөх болюу. Буяны бүтээлийг төгсөж түүртэлгүйгээр бодийн сэтгэл төрөөд тэргүүлшгүй олон амьтанд тусыг үйлдэх болно хэмээн зарлиг болгосонд тэр охин наманчлан мөргөөд ийн өгүүлэв. – Илэрхий олон амьтны буян нүглийг ялгаж илт шударгаар айлдагч номун хаан таны зарлигийн ёсоор сайн төрлийг олох болтугай! Хэмээн дахин мөргөж босоод – Хүний ертөнцөд одогсод буй бөгөөс зуурдын сансарт Эрлэг номун хаан элдэв олон ноёд мэргэн нөхөр сэлтийн хамт залран сууж ариун орны амьтнуудын буян хилэнцийн үрийг ялгаж арван цагаан буян үйлдэж ирснийг амгалантын сайн орноо илгээж байна. Аливаа муу нүгэл үйлдэж ирснийг аюулт арван найман тамд илгээж байна. Олон хүн амьтад омтогогүй хоньсом бодьсадыг оройгоор бясалгаж манийг үргэлжид уншин зовлонгийн далайгаас гэтэлгэхийн сайн буяныг сайтар үйлдэгтүн ! гэж захиарай хэмээн хэлсээр одохын завсар зүүн зүгээс хэсэг тунамал цагаан гэрэл гийж ирсний дотор аяга тэхимлэгийн дүртэй нэгэн лам зарлиг болоруун: Саян буяныг сайтар үйлдэгдсэд шидэт багшийг санааны барилдагаар шүтэгч саармаггүй сүшигт Номинзул хэмээх шавь чи миний үгийг сайтар сонс!: Эдгээ би иш онолын эрдэм төгссөн эгнэгт гурван цагийн лам чинь мөн бөлгөө. Чиний биеийг энэ зуурдад ирэхийг мэдээд эрх дагинасын орноо чамайг аваачихаар одож ирэв. Чи энэ учрыг мэднэ үү? Хэмээн зарлиг болсонд Номын нэрт тэр охин миний оройн дээд ламын дуун мөн хэмээн дагаж одсонд тэндэх зуурдаас олон хүн түүнийг дагаж одсонд эрлэгийн зардсууд хойноос нь нэхэн хөөж баргийг нь эргүүлэн авчирсны дотор эр олон, эм цөөн байв. Чойжид би үзвээс урьд тэр ламыг шүтээд муу хэлсэн болон урьд идээ цав өргөхөд хармын сэтгэл төрөөд цөм багшийн тангараг алдагсад болой! Тэр ламыг дагаж арилсан орноо одохын хувь тасарсныг мэдэв. Ийнхүү тэр лам шавь нар бүгдээр арилсан орноо одовоо.

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ.

 

АРВАН ЗҮЙЛ

Бас жанч нөмөрсөн зосхол номхон чавганцыг хөтлөн авчирч сөгтгөн асуусанд тэр чавганц мөргөл үйлдсээр ийн өгүүлэв. – Би урьдын сайн үйлээр хүн болж төрөөд биширхүйгээр гурван эрдэнийг шүтэж чавганц болоод билгийн дээд номын утгыг хичээж хатуужлыг олж эргэл мөргөл олонтой хийв. Орон хэссэн хувраг тойныг залран ирэхүйд хурднаа бишрэн хүндэлж хувьтай буяныг хураахын тулд идээ, эдийг өргөв. Ядуу гуйлганчийг ирэхэд хоол унд өгөн зүйтэй үгээр баярлуулан өнгөрүүлж байв. Хөдөө холыг хэссэн хөл нүцгэн бадарчинг ирэхэд энэрэнгүй сэтгэлээр асарч гутал хийгээд хөгшин тарган морь хоёрыг өгсөн билээ. Хаданд цугласан дөрвөн зуун хувраг номын хурим хийхэд архи, мах, гурил тэргүүтнийг хайргүй өргөж тэдний тааллыг баясган тахив. Шагжамуни зул өргөх хандивт шар тос найман жин, бүхэл бүс нэгийг өргөж хутгийг гуйв. Үлэмж бясалгагч ламд залбирч нэгэн жилийн хүнс өргөн насан өөл болох цагт дээл нэгийг өргөөд өндөр заяанд төрөхийн ерөөл хүртэвээ. Нэгэн гуйлгачин хүн нохойд ноцогдож харангадан хэвтэхэд олон хоног идээ ундаа өгч өгч шархыг эдгэрүүлэв. Нүгэл хилэнц арилгахыг залбирч Лхасын зуу тэргүүтэй адистай орнуудыг хэдэн жил хэсэж мөргөв. Арьяабалын нүгнийг дөч гаруй сахиад авралт Майдарын ерөөл, Дарь эх хоёрыг аль олон уншиж, цамд суух маанийг уншиваа. Өглөө бүрт итгэл явуулах хийгээд үлэмж гурван эрдэнэд үргэлж залбирч үзүүлэгч багш юугаа орой дээрээ тахидаг билээ. Тариа зулгаахад олон хорхой шоргоолж миний гарт өртөн үрэгдсэн болов уу хэмээн айдаг билээ. Харин би хийсэн нүглээ мэдэхгүй байна төгс дээд номун хаан та айлдан соёрхоно уу хэмээн мөргөсөнд эрлэгийн түшмэд толь данснаа үзээд ийн өгүүлэрүүн:- Эдгээ буяны зүйлд эрхэм буянтай өдрийн номын хуриманд архи тавин таван жинг өргөсөн зэрэг өгүүлж буй буяны зүйл цөм үнэн боловч чи ядуу эмгэний хадгалуулсан хонины бөгс мах ба бөөрөнхий тос сэлтийг Самбуудоржтой хувааж идээд, авахаар ирэхэд нь хулгайд алдав хэмээн өгөөгүй байна. Мөн худалдаа хийж явсан Рэнцэнцогтоос хойно өгье гэж нэгэн оюуг аваад гээж орхив хэмээн ховдог сэтгэлээр худал хэлээд өгөөгүй худалдсан бас нэгэн нүгэл байна гэсэн Эрлэг номун хаан зарлиг болруун: - Аяа чи бусад хүний мах, тос, оюу тэргүүтнийг ховдог сэтгэлээр дарж идээгүй бол тэнгэр хүний их жаргалант сайн заяанд төрөх байжээ. Тийм боловч үүний буян нүглийн хар, цагаан чулууг жинлэж хүнд хөнгөнийг үзэгтүн! хэмээсэнд эрлэгийн түшмэдүүд үзээд хилэнц хүнд буян арай хөнгөн байна хэмээн айлтгасанд Эрлэг номун хаан:- Ядарсан эмгэний хонины бөгс мах, тос, худалдаачин Рэнцэнцогтын оюуг ховдог сэтгэлээр нуун дарж идсэн тул биеэр цусны хорт нуурт хийж хайлсан халуун ширмийг аманд нь нэгэн удаа цутгаж өг! Түүгээр үүний нүгэл хилэнц нь арилж хийсэн буян нь дийлэх цагт сайн заяанд илгээ! хэмээн зарлиг болсонд эрлэгийн зардас нар хашгиралдан хүзүүнд төмөр аргамж углан уяад хөтлөн авч одохуй дор тэр чавганц нааш харан бархиран өгүүлэх нь:- Хүний ертөнцөд одогсод буй бөгөөс буруу ховдог сэтгэлээр бусдын тавьсан юмыг дарж бүү ид! Буян их хийлээ ч нүгэл хилэнц хүндэрдэг байна шүү! хэмээн захиарай ! гэж хэлээд гаслан хашгирсаар явж одвоо.

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ

 

Үргэлжлэл бий...

Тайлбар:

Хэн бээр дээрхи мэт тамд үл унахыг хүсэх аваас энэ цөвүүн цаг үе Кали эриний дхарма буюу төгс төгөлдөрт хүргэх арга зам болох Харе Кришна мантраг уншигтун. Энэ мантраг уншихад тодорхой тогтсон хатуу дэг жаяг байхгүй. Та түүнийг хаана ч, хэзээ ч  уншиж болно.

 

Харе Кришна Харе Кришна Кришна Кришна Харе Харе

Харе Рама Харе Рама Рама Рама Харе Харе

 

Маха-мантра унших, бясалгах аргачлалыг та энд дарж уншина уу. ....

 

Бэлтгэсэн: Балабхадра дас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB