spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Үйл боловсрох үе шатууд Print E-mail
User Rating: / 4
PoorBest 
Пүрэв, 07 Хонь сарын 2008

Бид үхэх, төрөхийн хэлхээнд орооцолдон энэ Кали югаг хүртэл амьдарчээ. Үхэх төрөхийн тойргийг санскритаар самсара-чакра гэдэг. Ведийн бичээсүүдийн үүднээс үзвэл, үхэх, төрөх, өвдөх, өтлөх нь мунхагийн харанхуй юм. Учир нь амьд бодгаль нь өөрөө бурханлаг мөн чанартай тул тэрээр энэ үхэх, төрөхийн тойргоос мултран гарах ёстой ажээ. Ийнхүү дахин дахин үхэж, төрөх нь кармын хуультай салшгүй холбоотой. Карма гэдэг нь санскритаар “үйл ” гэсэн утгатай. Карма буюу үйл нь гурван түвшинд хуваагддаг.

Кармын нэгдүгээр түвшин гэдэг нь дурын ямар ч үйлийг хийхэд хүнд зайлшгүй карма хэрэгтэй болдог тухай юм. Жишээ нь, явах, суух, босох, юм ярих, гар хөлөө хөдөлгөх гэх мэт. Энэ бол кармын нэгдүгээр түвшин.

Кармын хоёрдугаар түвшин нь шалтгаан - үр дагаврын холбооны тухай хууль юм. Одоо цаг гэдэг нь өнгөрсний үр дагавар, ирээдүйн шалтгаан ба одоо хийж буй үйлээр ирээдүйг тодорхойлж болдог тухай ойлголт. Одоо хүлээн авч буй бүх үйл явдлын шалтгаан нь өнгөрсөн үед л байгаа хэрэг.

Фатализм буюу хувь тавиландаа улайран итгэх үзэл гэж байдаг. Гэвч хүн болгон өөрийн хувь тавилангаа өөрчлөх бүрэн боломж бий! Монголчууд хувь тавилангаасаа хуруу ч зөрж чадахгүй гэж ярьдаг. Хэрэв хүн өөрөө санаачлан өөрийн хувь төөрөг буюу кармагаа өөрчлөх гэж тэмүүлэхгүй бол үнэхээр тухайн хүний хувь заяаг байгаль шийдмүй.!

Кармын гуравдугаар түвшин гэдэг нь хамгийн чухал түвшин бөгөөд энэ нь кармын нөлөөнөөс хэрхэн ангижрах тухай болно.

Үүний зэрэгцээ карма буюу үйл боловсрох дөрвөн үе шат байдаг.

Үүнд нэгдүгээрт, тухайн цаг мөчид өөрийн тань талаар мэдээлэл өгч буй кармаг прарабдха-карма гэдэг. Одоо эзэлж буй байр сууриар тань урьд амьдралдаа хэн байсныг тань тодорхойлж болох бөгөөд энэ бол прарабдха-карма юм. Та хамгийн сэрүүн бүсэд амьдардаг хийгээд хараа чинь муу, элэг бөөр тань өвддөг, эхнэр тань ааш муутай, олигтой ажил алба эрхэлдэггүй гэх мэт нь прарабдха кармын жишээ.

Кармын хоёр дахь үе шатыг апрарабдха-карма гэдэг. Энэ нь үйлийн илрэлийн далд үе шат юм. Хэн ч ирээдүйд ямар үйл явдал тохиолдохыг мэдэхгүй шүү дээ. Жишээ нь, маргааш танд ямар нэг ханиад хүрэх ч юм уу, хөл гараа гэмтээх, нүд, шүд тань өвдөх, машинд шүргүүлэх гэх мэт ямар ч учрал тохиолдож болно. Үүнийг апрарабдха-карма гэдэг.

Гурав дахь үе шатыг рудха-карма гэдэг. Рудха-карма – энэ бол тухайн үйл нахиалж буй үе шат юм. Өөрөөр хэлбэл ямар нэг зүйл болох гээд байгааг зарим хүн урьдчилж тааварладаг. Жишээ нь, хүн ямар нэг хорт хавдартай болж эхлүүт үргэлж ходоод нь өвдөөд байгаа мэт сэтгэгдэл төрдөг байна. Тэгээд эмч дээр очихоор эмч бүх зүйл хэвийн байна гэж хэлдэг. Гэтэл жил орчмын дараа дахин эмч дээр очиход тэрээр бага зэргийн хорт хавдартай болсныг нь хэлж өгөх болно. Энэ бол рудха-кармын жишээ юм.

Дөрөв дэхь үе шат нь биджа-карма юм. Биджа-карма гэдэг нь өнгөрсөн болоод одоо апарабдха-кармын үе шатанд хүлээн авч буй үйлийн үр үндэс юм. Бид урьд өмнө маш олон сайн болоод муу үйлийг хийсэн ч тэднийхээ шагнал болоод шийтгэлийг хараахан амсаагүй байгаа билээ. Яагаад хүүхэд эхээс дөнгөж төрөөд нэг ч хүнд муу зүйлийг хийгээгүй атал үхчихдэг, яагаад хүнд нэг ч муу муухай үг хэлж байгаагүй хүн гэнэт хорт хавдар тусаад нас барчихдаг, яагаад хэнд ч, өчүүхэн ч муу муухай зүйл хийж чадахгүй хөхүүл хүүхэд байгалийн гамшигт өртчихдөг юм бэ? Учир нь энэ нь өнгөрсөн амьдралдаа үйлдсэн биджа-карма юм. Урьд нь тэрээр нүгэлт муу үйлийг “суулгаад” орхичихсон, одоо түүнийхээ үр жимсийг “хурааж” авч байгаа хэрэг юм.

Бидний одоогийн амьдарч буй цаг үе, энэ Калийн галвын бусад галвуудаас ялгарах нэг гайхамшигтай тал нь хүн энэ амьдралдаа үйлдсэн нүгэлт үйлийнхээ шийтгэлийг мөн энэ амьдралдаа хүлээн авах бололцоотойд оршино. Урьд өмнөх галвуудад хүмүүн энэ амьдралдаа үйлдсэн үйлийнхээ үрийг зөвхөн дараагийнхаа амьдралд л хүлээн авдаг байжээ. Харин Калийн энэ галавт хүмүүн энэ амьдралдаа үйлдсэн сайн болоод муу үйлийнхээ гуч орчим хувийг энэ амьдралдаа, энэ биедээ хүлээн авдаг байна. Учир нь энэ нь тухайн амьд бодгалийг сайн ба муу үйл гэж чухам юу болохыг аль болох хурдан ойлгоосой гэсэн Бурханы онцгой өршөөл, ивээл юм.

Үйл гэдэг нь тодорхой эрчим хүч хийгээд санаа бодлын хэлбэр ажээ. Дээр өгүүлсэн кармын дөрвөн үе шат нь үр дагавар бөгөөд шалтгаан биш. Шалтгааныг нь устгалгүй үр дагавартай тулалдах нь тэнэг хэрэг юм. Энэ нь цоорхой завинаас усыг нь утгаж асгаад, шавхагдаж дуусах тэр жаахан хугацаанд амсхийхтэй адил. Харин голын ус урсаж л байгаа, тодорхой хугацааны дараа завь дахиад л усаар дүүрнэ шүү дээ.

 

Үйлийн таван шалтгаан хийгээд ухамсрын

таван түвшин 

Ведийн бичээсүүдэд үйлийн таван шалтгаан байдаг тухай өгүүлжээ. Зөвхөн тав. Ийм ч учраас хүний гарт таван хуруу байдаг, таван махбодь гэж байдаг, ухамсрын таван түвшин гэж байдаг. Ведийн бичээсүүдэд ухамсрын таван түвшин байдаг тухай өгүүлжээ. Түвшин болгонд харгалзан тодорхой нэгэн гүн ухааны онол, тодорхой нэгэн шашны урсгал бий болдог байна.

Ухамсрын хамгийн эхний түвшинг анумайа гэдэг. Анумайа гэдэг нь чухамдаа адгуусны ухамсрын түвшин юм. Анумайа ухамсрын түвшинд оршин буй хүмүүс нь бүхнийг хоолоор хэмждэг, түүний бүх бодол санаа нь зөвхөн хоолыг тойрон эргэлдэж байдаг. Сайхан хоол л байвал бүх зүйл сайн сайхан хийгээд гэрэл гэгээтэй харин хоол үгүй бол бүхий л зүйлс түүний хувьд ямар ч утга учиргүй, амьдрал нь зовлон зүдгүүрээр дүүрэн мэт санагддаг. Хоол хүнс нь амьдралын гол утга учир хэмээн бодохуй нь ухамсрын хамгийн доод түвшин юм. Энэ түвшинд тохирсон тодорхой шашин байдаг. Ведийн бичээсүүдэд ухамсрын энэхүү түвшинд оршин буй хүмүүн нар нь ямар шашны урсгалыг даган сүсэглэдэгийг өгүүлсэн буй.

Ухамсрын хоёр дахь түвшинг пранамайа гэж нэрлэдэг. Прана гэдэг нь санскритаар амьдралын агаар гэсэн утгатай. Энэ түвшинд буй хүмүүс нь эрүүл саруул байх, урт удаан наслах асуудлыг сонирхож байдаг. Ийнхүү энэ түвшнийхэнд зориулагдсан эрүүл байх, урт наслахыг заан сургадаг сургууль соёл, гүн ухааны салбар, шашны урсгал бий болдог. Жишээ нь хатха-йог гэх мэт. Энэ түвшний хүмүүс нь хоолны дэглэм барьж, гимнастикаар хичээллэж ер нь ямар нэгэн байдлаар урт удаан наслахыг хүсэж байдаг. Харин ведийн бичээсүүдэд аливаа нэгэн өвчин нь тухайн хүмүүний нүгэлт үйлийн үр дагавар гэдэг. Наад захын хамрын ханиад, шүдний өвчнөөс аваад бүхий л өвчин нь нүгэлт үйлийн үр дагавар гэсэн байдаг. Түүнчлэн Ведийн бичээсүүдэд, хүн өөрийн нүгэлт үйлийн үр дагавраас ангижирч болох тухай батлан өгүүлдэг. Чухам яаж? Тодорхой тэвчлүүдийг үйлдсэнээр. Тэвчил гэдэг нь өөрийн сайн дураар бие махбодидоо ямар нэгэн таагүй зүйл учруулахыг хэлнэ. Олон янзын тэвчил бий. Тэдгээрийн талаар ведийн бичээсүүдэд тодорхой өгүүлсэн байдаг.

Гурав дахь түвшинг маномайа гэдэг. Энэ түвшний хүмүүсийг хоол унд, эрүүл мэнд, бэлгийн харьцаа, биеэ хамгаалах асуудал сонирхлыг нь татдаггүй. Тэд эргэцүүлэн бодож эхлэнэ. Өөрөөр хэлбэл маномайа гэдэг нь гүн ухааны цэцэрхийллийн түвшин юм. Ийм мэдэмхийрэн цэцэрхийлийн сонгодог хэлбэрийг вичитра-гъяна гэж нэрлэдэг. Энэ түвшний шашин суртахуун нь амьд бодгалиуд нь Бурхантай нэгддэг гэж ярьж эхлэнэ. Энэ бол вичитра-гъяна . Энэ бол чин үнэн биш, энэ бол цэцэрхийлэл.

Амьд бодгаль тодорхой хэмжээгээр ариусч, ухамсрын түвшин нь тодорхой хэмжээгээр дээшлэж вигьяна-майагийн түвшинд ирнэ. Энэ нь ухамсрын дөрөв дэхь түвшин юм. Энэ түвшний амьд бодгалиуд нь энэ ертөнц нь цэнгэл жаргалын талбар биш юм гэдгийг ойлгож эхэлнэ. Тэд тасралтгүй үргэлжлэх зовлон зүдгүүрийн тойргоос мултран гарахыг хүсэж тодорхой нэгэн мэдлэгийг судлан амьдралдаа хэрэгжүүлдэг. Ингэснээр энэ түвшинд оршин буй амьд бодгалийн хувьд хоёр зорилго өмнө нь тавигддаг.

Өчүүхэн бодолтой амьд бодгаль нь эндэхээс илүү амар амгалан, цэнгэл жаргалтай, амьдрах орчин нь тав тухтай өөр ямар нэгэн гаригт морилохыг хүсч байдаг. Санскритаар үүнийг бхукти гэж нэрлэдэг. Бхукти буюу диваажинд очихыг хүсэгч нар нь диваажингийн гаригуудад морилон очихыг эрхэмлэж байдаг. Диваажин нь дээд эрэмбийн гаригууд болой. Харин материаллаг ахуйн урхи торноос чөлөөлөгдөн бүрэн ангижирахыг мукти гэдэг. Буддын шашинд үүнийг нирван гэж нэрлэдэг ба харин ведийн бичээсүүдэд брахма-нирван хэмээн нэрлэнэ. Энэ нь вигьяна-майа түвшний маш өндөр ухамсрын түвшин юм.

Хамгийн сүүлчийн, хамгийн төгс төгөлдөр ухамсрын түвшин буюу хүмүүн нь өөрийнхөө үүргийг бүрэн дүүрэн ойлгон ухамсарлаж, түүнийгээ биелүүлэхийг анандамайа гэдэг. Ананда гэдэг нь санскритаар цэнгэл жаргал гэсэн утгатай. Энэ түвшинд орших хүмүүс нь мөнх ахуй хийгээд мэдлэг, цэнгэл жаргалд хүрнэ. Бхакти-йогийн зарчмын тусламжтайгаар хүмүүн нь ухамсрын энэхүү түвшин анандамайаг хүртэл өгсөн дээшилдэг. Ведийн бичээсүүдийн утга учир үүнд оршдог байна. Дээр өгүүлсэн таван шалтгааныг санскритаар панча-кроша гэдэг. Панча нь тав, кроша нь шалтгаан гэсэн утгатай.

Хамгийн эхний, хамгийн чухал шалтгаан нь атеизм буюу бурхангүй үзэл юм. Хамгийн муу карма, хамгийн муу нүгэлт үйлийн үр дагавар нь атеист буюу бурхангүй үзэлтэн байх явдал. Атеист буюу бурхангүй үзэлтэн байх нь хамгийн муу карма юм. Бөгтөр, сохор, доголон боловч бурханд итгэдэг хүн нь бурханд үл итгэгч эрүүл хүнээс хавьгүй илүү сайн карматай байдаг. Бурхангүй үзлийг төрүүлдэг энэхүү шалтгааныг санскритаар авидъя гэдэг. Авидъя нь мунхагийн харанхуй гэсэн утгатай

Авидъягийн үр дагавар болж хоёр дахь шалтгаан асмита буюу аханкара бий болдог. Энэ бол хуурмаг “би” хэмээх үзэл юм. Мунхагийн харанхуйн улмаас тэрээр: “Би бол энэ бие, би тийм үндэстэн, миний эх орон Монгол, би Орос хүн, би Герман хүн, энэ миний шашин, энэ миний соёл, энэ миний аав, энэ миний ээж, энэ миний эхнэр, энэ миний хүүхэд…” – энэ бол асмита юм. Хүн өөрийгөө энэ биеэ хэмээн боддог. Тийм ч учраас биеийн хэрэгцээ шаардлагаа хангахыг амьдралын гол утга учраа гэж боддог: Уу, ид, нарги гэж! Чухам эндээс л үндсэрхэх үзэл, дайн дажин, нийтийг хамарсан асуудлууд урган гарч ирдэг байна.

Авидъя, асмитагийн үр дагавар болж гурав дахь шалтгаан рага бий болмуй. Рага гэдэг нь материаллаг аз жаргалд хүрэх тэмүүлэл юм. Материаллаг аз жаргал гэж юу билээ? Мэдрэхүйн цэнгэл таашаал, эд баялаг, алдар нэр, эрх мэдэл, шид үзүүлэх гэх мэт нь материаллаг цэнгэл, жаргалын жишээ хийгээд үнэндээ эдгээр нь хүмүүнийг аз жаргалтай болгох бус харин материаллаг ертөнцөд татагдах уяа хүлээсийг нь улам бүр чангатгадаг.

Авидъя, асмита, рагагийн үр дагавар болж дөрөвдэх шалтгаан двеша бий болно. Двеша гэдэг нь аливаа зовлон зүдгүүрийн худал хуурмаг эх үүсвэрийг үзэн ядах гэсэн утгатай. Хүн: “Энэ бүхэн олиггүй муу хөршөөс л боллоо, тэнэг эцгээс минь боллоо, өөдгүй гуйлгачин ээжээс боллоо... ” гэх мэтээр өөрийн зовлон шалтгааныг бусдаас хайдаг. Энэ бол хуурмаг үзэн ядалт юм. Таныг түгшээж буй зовлонгийн шалтгаан бол та өөрөө. Та урьд өмнө нь, урьд төрлүүддээ нүгэлт үйлүүдийг хийсний улмаас та тийм гэр бүлд, тийм нутаг оронд, тийм хөрштэй, тийм ард түмэнд дунд амьдарч байгаа юм. Зовлонгийнхоо шалтгааныг бусдаас биш өөрөөсөө хайгтун.

Та ведийн бичээсүүдийг ойлгоогүй цагт ямар ч шашны номлолыг ойлгож чадахгүй бөгөөд тэр ч бүү хэл та тэр шашныг удам дамжин шүтэж ирсэн байлаа ч тухайн шашнаа зөв гүйцэд танин ойлгож чадахгүй.

Тав дахь буюу хамгийн сүүлийн шалтгааныг абхинивеша гэж нэрлэдэг. Энэ нь урьд урьдны амьдралуудаас үлдсэн хүсэл болоод зуршил юм. Зарим хүүхэд дөнгөж мэдээ оруутаа хөгжим рүү зүтгээд байдаг. Хүмүүс түүнийг хараад: “Пөөх, энэ ямар авъяастай хүүхэд вэ? ” гэдэг. Авъяас гэж юу юм бэ? Энэ бол урьд амьдралаас дамжин үлдсэн онцгой чадвар. Ведэд өгүүлснээр хүүхэд дунджаар тав хүртлээ өөрийн урьд өнгөрүүлсэн хоёроос гурван амьдралаа эргэн санаж байдаг гэжээ. Зарим нь ямаа шиг майлж, үхэр шиг мөөрч тоглодог. Гэвч энэ бол тоглоом биш урьд амьдралаа эргэн санаж байгаа хэрэг юм . “Чарака-самхита” хэмээх сударт /санскритааар сутра/ өгүүлснээр хүүхэд таван нас хүртлээ өөрийн урьд төрлөө бүрэн дүүрэн санаж байдаг, таван наснаас хойш хэсэг хэсгээр нь дурсан санадаг хэмээн батлан өгүүлжээ.

 

 

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB