| Бурхан Буддагийн тухай Ведийн ном сударт |
|
|
| Пүрэв, 07 Хонь сарын 2008 | |
|
Ведийн бичээсүүдийн 18 Пураны дотор “Бхавишья пуран” гэж нэрлэгдэх нэгэн Пуран судар бий. “ Бхавишья” нь санскритаар ирээдүй гэсэн үг юм. Энэ Пуранд энэхүү Кали югагийн төгсгөл хийгээд тэр ч бүү хэл энэ кальпын төгсгөлийг хүртэлх үйл явцыг тодорхой өгүүлсэн байдаг. Түүнд өгүүлснээс үзвэл Кали юга эхлээд /Кали юга эхлээд одоогоор 5 мянга орчим жил өнгөрч байгаа/ хоёр мянга таван зуун жил орчим болмогц нийтийг хамарсан асар том унал доройтол болж хүмүүс ведийн соёлоо мартаж эхлэнэ гэжээ. Ийнхүү шашин соёл унан доройтож, эвдрэл сүйрэл өсөн нэмэгдэх тэр цаг мөчид Бурхан Өөрийн аватар/Бурханы хувилгаан/ Бурхан Буддагийн дүрээр Энэтхэгийн Гайа мужид Анжаны хүү болж залрана гэжээ. Тэрээр шашны жинхэнэ зам мөрийг даган баримтлагчдад дайсагнан хандагчдыг хууран мэхлэхийн тулд морилно, үүний хамт Тэрээр ахимса болоод нирваны тухай номлолоо айлдана гэсэн байна. Хүмүүст ахимсын номлолыг хүргэснээр тэдний уналт доройтлыг зогсоож, аажмаар ведийн соёлыг буцаан сэргээхийн тулд Тэрээр заларчээ. Ахимса нь хүч үл хэрэглэх гэсэн санскрит үг юм. Ведэд тодорхой хугацаанд, тодорхой нэг амьтныг тусгай мантрын тусламжтайгаар тахил өргөх ёс байдаг. / Санскритаар манас гэдэг нь ухаан, трайа гэдэг нь ангижруулах, чөлөөлөх гэсэн үг болмуй. Тэгэхээр мантра гэдэг нь ухааныг элдэв, түгшүүрээс ангижруулах хэмээсэн утгатай ажээ.Монголчууд маань гэдэг./ Ийн тахил өргөснөөр тухайн амьтан нь тэрхүү мантрын тусламжтайгаар илүү дэвшилтэт биеийг олж төрдөг байжээ. Харин Кали югийн эрхээр ийн тахил өргөх, тухайн мантрыг зөв дуудах чадварлаг брахман хүн / брахман гэдэг нь ведийн нийгмийн дээд ангийн төлөөлөл, бурханлаг эрдэм мэдлэгийг төгс эзэмшсэн хүмүүн/ үгүй болж ийм тахил өргөх нь энэ Кали югагийн хувьд нэн хориотой болсон байна. Өөрөөр хэлбэл тийнхүү тухайн брахман хүний чадвар хийгээд ведийн мантрын хүч чадлыг шалгадаг байжээ. Бурхан Буддаг залрах тэр цагт энэ ёс жинхэнэ мөн чанараа алдаж тухайн амьтны махыг идэж өөрийн мэдрэхүйгээ хангах гэсэн хүмүүс л ийм өргөл тахилыг хийдэг болжээ. Ведийн сургаал, соёлыг ийнхүү улан доороо гишгэгчдийг хууран мэхлэхийн тулд Бурхан Будда заларсан байна. Чухамдаа Будда хэмээх нэр нь буддхи хэмээх санскрит үгнээс гаралтай ажээ. Буддхи гэдэг нь оюун ухаан гэсэн утгатай. Иймээс Будда гэдэг нь оюун ухааныхаа түвшинд хүрж батжин, гэгээрэгчийг хэлдэг байна. Бурхан Буддаг эхээс төрөхөд нь өгсөн нэр нь Сиддхартха гэдгийг хэн бүхэн мэднэ. Агь Сиддхартха ордны тансаг амьдралд умбаж өссөн ч нэгэн цагт орчлонгийн дөрвөн үнэнийг /төрөх, үхэх, өвдөх, өтлөх/ ухаарч, амьдралын үнэнийг хайж олох эрэлд гардаг. Ийн ном эрдмийг гаргууд сайн эзэмшсэн тул түүнд Шагжа муни хэмээх эрхэм алдрыг олгосон байна. Шагжа нь түүний сахилын нэр, муни гэдэг нь санскритаар их мэргэн хэмээсэн утгатай. Тэрээр цааш илүү гэгээрэхийг хүсэн, явсаар нэгэн бодь модны дор бясалгал хийн асар хүнд тэвчлийг үйлдэн сууж өөрийн оюун ухааны түвшинд хүрч гэгээрлийг олох, ариусах зам мөрийг хүмүүст үлгэрлэн үзүүлжээ. Түүний эхээс мэндэлсэн газар нь Непалийн Лумбиний цэцэрлэг/одоогийн Балба/ бол харин гэгээрэлд хүрсэн тэр газар нь Гайа байжээ. Мөн Бурхан Буддагийн төрсөн эх нь Махамайа гэж бүсгүй байсан ба хүүгээ төрүүлээд удалгүй нас нөгчиж, бяцхан хүү Сиддхартхыгаа эмэг эх Анжанадаа үлдээсэн байна. Эндээс харахад дээрх зөгнөл үнэнд үл нийцсэн мэт боловч ведийн судар, шастирын үүднээс авч үзэхэд дээрх зөгнөл нь өчүүхэн ч зөрөөгүйгээр биелсэн болох нь харагддаг. Учир нь ведийн бичээсүүдэд хүн бурханлаг өндөр түвшинд хүрч, брахманы сахил хүртвэл түүнийг хоёр дахь удаагаа төрлөө / санскритаар двиджа-джана гэдэг. / гэж үздэг юм. Энэхүү хоёр дахь төрөлт нь эхээс мэндлэх үеийн тэр төрөлтөөс хавьгүй чухал. Учир нь ийн бурханлаг ариун мэдлэгийг хүртэж гэгээрэлд хүрснээр хүмүүн дахин, дахин үхэх, төрөхийн тойргийг лавтай туулан гарч чаддаг. Мөн ведийн судар, шастирт / санскритаар сутра, шастра / батлан айлдсанаар хүн бүр долоон ээжтэй байдаг гэдэг. Үүнд өөрийн төрүүлсэн эх, тэжээн өсгөж, хүмүүжүүлэгч эх, хааны эхнэр, номын багшийн эхнэр, брахманы эхнэр, газар дэлхий, үнээ эдгээр болно. Ийнхүү Бурхан Буддаг багад нь түүний эмэг эх Анжана хооллож, хүмүүжүүлж өсгөсөн бөгөөд тэрээр агь Сиддхартхын ухамсарт өөрийнх нь төрүүлсэн эхээс илүүтэй нөлөө үзүүлсэн байна. |
| < Prev |
|---|


