spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Шрила Прабхупада Print E-mail
User Rating: / 3
PoorBest 
Лхагва, 30 Хулгана сарын 2013

Бурханы бишрэлтний яруу алдар бадартугай !

Бурангуй явдлын уруу намтар сөнөтүгэй !

Хари-н бишрэлтний гэгээн алдар мандтугай !

Хазгай явдлын бараан сүүдэр сөнөтүгэй !

Хаа холын Энэтхэгээс дал гарсан насандаа

Харанхуй далайн чанад дахь Америк орныг зорив

Зүдүү гучуун улмаас тухтай унаанд амжсангүй

Зүтгүүр ачааны хөлөгт арай ядан дайгдав

Аймшигт далай түүнийг амар тайван байлгасангүй

Анхны өдрөөс эхлэн далайн өвчнөөр өвдөв

Арайхийн илаарь болоод хэд хонож байтал

Аюулт зүрхний шигдээс амины хаалгыг тогшив

Найдвар тасарч байтал Бурхан Кришна зүүдлэгдэв

Гайхам сайхан орноосоо хөлгөөр ирж үзэгдэв

Адис өршөөлөө хайрлаад, амь насыг нь хамгаалаад

Алс холын зорилгод нь амжилт, хийморь ерөөв

Ядруу биетэй Бхактиведанта Бурханы санааг таасангүй

Яршигтай хол замыг яах гэж туулж байгаагаа ухаарсангүй

Эцсийн мөчид бүх зүйл Эзний таалалд байдгийг санаж

Эх нутаг Вриндаванаа санаж, нулимстай шүлэг тэрлэв

Арай гэж Америк орны бараа харагдав

Ай хөөрхий гэж, шүтлэгийн сүүдэргүй сүрлэг өндөр орднуудыг хараад шүүрс алдав

Хачин жигтэй, бурханлагийн ойлгоцгүй ийм хүмүүсийг

Харигийн бишрэлтэн болгоно гэдэг ямар хэцүүг шууд мэдэв

Гэхдээ тэр итгэл алдраад зүгээр суусангүй

Гэгээн эзэнд бүхнээ даатгаад урагш зүтгэв

Дөчин дөрөвхөн зоостой байсан нь тухайн үедээ

Дөрөвхөн өдрийн өл залгах мөнгө байсан юм

Хар тамхичид, халаасны хулгайчдын харанхуй дүүргээс

Хамгийн түрүүн хатуухан ажлаа тэр эхлэв

Тэнэмэл голцуу, орон гэргүй эхний шавь нар

Тэнгэрийн ивээлээр ядах юмгүй бий болов

Найрсаг олон шавь нарынх нь зарим нь хөөрхий

Наркотик хэрэглээд мань хүнийг зовоох нь элбэг

Бууж өгсөнгүй тэмцлээ тэр үргэлжлүүлж байлаа

Буман саад шинээр үүсэвч давсаар байлаа

Бхагавад-гитагийн ариун айлдварыг бат номлож

Балмад этгээдүүдийн бараан зүрхийг нэвт гийгүүлэв

Нью-Йоркийн гудамжинд Бурханы ариун нэр алдрыг

Номоор нь дуулж олны нүдийг илт гайхуулав

Харигийн санкиртан барууны оронд анх ингэж

Хаягдал хийссэн Америкийн гудамжнаас эхэлсэн түүхтэй

Шөнийн нойр, амрах цагаа хугаслан байж

Шрути, вед, Бхагаватам, Гитаг орчуулах болов

Дал гарсан буурал насанд даанч ахадсан

Ахар ухаанд амар багтахааргүй ачаа үүрэв

Анхлан эхлээд Бурхан Джаганнатха түүнд олдсон

Ахин дэвжээд өнөөхь шүтээд нь сүмтэй болсон

Дүүрэн дүүрэн сүсэгтнүүд бялхсан олон сүмүүд

Түүний араас бороо орох шиг бий болсон

Таван тивийн түмэн орноор зорчин явж

Тавилангаа цэгцэлж, замаа олох зүгийг заасан

Жаран өнгөрөвч туулсан жим нь улам тодрох

Бамбар мэт гэрэлтэх гал мэт намтраа тэр бичсэн юм

Мунхгийн харанхуйг нар мэт гийгүүлсэн багш минь билээ та

Уналын замыг  гар мэт хаасан багш билээ та

Тамын хаалгыг таг мэт халхалсан багш билээ та

Замыг бэрхийг нүцгэн гараараа засаж өгсөн багш билээ та

 

Бурханы бишрэлтний яруу алдар бадартугай !

Бурангуй явдлын уруу намтар сөнөтүгэй !

Хари-н бишрэлтний гэгээн алдар мандтугай !

Хазгай явдлын бараан сүүдэр сөнөтүгэй !

 

2013 он

 

Балабхадра дас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB