spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Шива Пураны зөвлөмж Print E-mail
User Rating: / 3
PoorBest 
Бямба, 29 Могой сарын 2013

... Бид хьюстонын сүмд 2 өдрийг өнгөрөөсөн ба энд байх үедээ Бурхан Раамачандрын илэрсэн өдөр болох Рама Навамийн баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

4 сарын 4нд бид Далласын хойд хэсгээр зорчсон ба тэнд биднийг Тамал Кришна Махараджийн анхны шавь нарын нэг энэтхэг бишрэлтэн, сүмийн тэргүүн Нитьянанда дас баяртайгаар угтан авсан юм. Хуульч мэргэжилтэй, маш их туршлагатай бишрэлтэн болох Нитьянанда дас Кришнагийн Ухамсрын Олон Улсын хэд хэдэн сүмүүдэд үнэнчээр үйлчлэн зүтгэдэг. Үдийн хоолны үеэр би түүний Кришнагийн ухамсарт анхлан ирсэн сонирхолтой түүхийг сонссон юм.

1978 онд тэрээр бизнес эрхэлдэг байсан ба гэр бүлийнхээ хамтаар Фиджи арал дээрхи Лауток хотод амьдардаг байжээ. Нэгэн удаа зэргэлдээ байшинд нь бишрэлтнүүд нүүн ирж амьдрах болжээ. Тэд тэр даруйд өөрсдийн шинэ “сүмийн” дөрвөн буланд том том чанга яригчдыг байрлуулж, өдөр бүр, өдөр тутмын бүх 7 аратийг(шүтээнд мөргөх ёслол) шууд дамжуулах болов. Ингэснээрээ тэд хөршүүдээ залхаан нүүлгэж, тэдний байшин сууцыг эзэмшихийг хүссэн байна. Гэвч Нитьянанда бишрэлтнүүдийн санаснаар болсонгүй, тэдэнд бууж өгөхгүйгээр шийдэж, тэднийг шүүхэд өгсөн байна. Шинэхэн хөршүүдтэйгээ харьцах түүний харьцаа чанга яригчдын дуу авиа чангарахын хирээр өдрөөс өдөрт дордон муудсаар байв. Шүүх ажиллагааны үеэр Фиджигийн төр засгийн удирдлагын сөрөг намтай холбоо сүлбээ бүхий түүний ах нь тэвчээр алдаж эхэлсэн. Нэгэн удаа тэрбээр бишрэлтнүүдийн гэрт бөмбөг тэслээд асуудлыг амархаан шийдчихэж болно гэж түүнд хэлсэн. Энэ саналыг Нитьянанда эсэргүүцэв. Тэр хэдийгээр түүнтэй адилаар өс хонзон санаж байсан ч асуудлыг хууль ёсоор шийдэхийг илүүд үзэж байлаа. Тэрээр ахыгаа сэтгэл санаагаа зовоохгүй байхыг хүссэн ба үүний учир нь тэр, тэдний үйл шударга үнэн тул тэд заавал ялах учиртайгаас тэр аж.

    Тэр халуухан өдрүүдэд Нитьянанда өөрийн Шүтээн Шива Бурханд хандан залбирал мөргөл уншин Олон Улсын Кришнагийн Ухамсрын бишрэлтнүүдийг ялан дийлэхэд нь түүнд туслахыг байнга гуйдаг байв. Тэрээр Шива Бурханы няцашгүй албат байсан бөгөөд урам зориг, хүч тэнхээ авахын тулд байнгад “Шива Пураныг” уншдаг байжээ. Нэгэн удаа тэрхүү судар шастир дотроос хүн өөрийн бүх хүч чадлаа жинхэнэ номын багшаа эрж олоход зориулах ёстой хэмээн сургасан хэд хэдэн шүлгийг олж үзэв. Тэнд өгүүлэхдээ, хэрвээ хүмүүн тийм номын багшийг эс олвоос дахин тийм мэт боломж олдох хүртэл энэ ертөнц дээр арван мянган удаа төрөх болно хэмээжээ. Энэ шүлгүүдийг уншсаны дараагаар Нитьянанда хэдий олон янзын ажил үйл байсан хэдий ч жишээ нь түүний дотор мөнөөхь бишрэлтнүүдтэй тэмцэх шүүхийн ажил байсан гэлээ ч тэрээр бүх хүчээ номын багшаа олоход чиглүүлэх болов. Цааш нь түүний гайхан уншсан Эзэн Шивагийн нэгэн үг бол энэ гуру нь шавиасаа ахмад эсвэл залуу ч байж болно, мөн тэрээр түүний найз нөхөр ч эсвэл дайсан ч байж болно гэсэн өгүүлбэр байв. “Шива Пуран” цааш өгүүлэхдээ хэрэв хүн үнэн сэтгэлээсээ хүсвэл Бурхан түүнд номын багшийг нь зааж өгнө хэмээн өгүүлжээ.

       Дараагийн өдөр нь Нитьянанда бишрэлтнүүдтэй хийсэн ядарч залхмаар шүүх хурлын дараагаар гэртээ ирэв. Гэрт нь түүнийг түүний дотны нэгэн найз нь хүлээж байлаа. Тэрээр түүнд нийтийг хамарсан нэгэн том хөтөлбөрт оролцож, жинхэнэ номын багштай учран танилцахыг санал болгосон. Лекцийг Харе Кришна хөдөлгөөний номын багш Тамала Кришна Госвами уншина гэдгийг найз нь хэлэхийг сонсоод Нитьянанда маш ихээр цочирдсон. Тэрээр эхэндээ эрс татгалзсан ч дараа нь “Шива Пуранд” Шива Эзний хэлсэн, гуруг тэр ч байтугай дайснуудынхаа дундаас ч хайж болно гэсэн үгийг дурсан санаад хөтөлбөрт очихоор шийдэв. Түүнийг найзын хамт танхимд ороход Тамал Кришна Махараджийг халдлагад өртөхөөс сэргийлж бишрэлтнүүд тэднийг хүрээлэн зогссон. Гэвч Нитьянанда тэд зүгээр л лекц сургаалыг сонсохоор хүрэлцэн ирсэн гэдгээ хүлцэнгүйгээр тэдэнд тайлбарлав. Лекцэн дээр тэрээр хамгийн ард суугаад Махараджийн ярихыг анхааралтай сонсож балаа. Бурханлаг мэдлэг өгч буй Махараджийн мэдлэг чадвар, бишрэл сүсэг түүнд хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн хэдий ч найз нь түүнээс лекц таалагдсан эсэхийг асуухад тэрээр өөрийн бишрэлтнүүдэд чиглэсэн дайсагналаа нууж үл чадан: “Махараджа сайхан ярьж байна. Гэсэн ч бид энэ нөхдүүдтэй шүүх дээр заалдаж байгаа гэдгээ мартах ёсгүй” гэж хариулсан.

     Тэр шөнө нь Нитьянанда тун онцгой сонин зүүд зүүдлэв. Зүүдэнд нь Шива Бурхан залран ирээд, чухам үнэндээ өчигдөр оройны лекц сургаал уншсан тэр хүн бол түүний номын багш юм хэмээн айлдав гэнэ. Нитьянанда бүх бие нь хөлөрч, гайхан балмагдсан янзтайгаар нойрноос сэрэв. Тэрээр: “Кришнагийн ухамсрын хөдөлгөөний хэн нэг гуру миний номын багш болно гэнээ ?! Яаж ийм зүйл байж болох вэ?” хэмээн бодсон байна. Гэсэн ч Шива Эзний үнэнч, дуулгавартай бишрэлтэн болсон тэрээр түүний сургаал зааврыг бүх зүрхээрээ хүлээн авсан. “Магадгүй, энэ зүгээр л зүүд байх.... Гэхдээ л эгэл бус зүүд байсан даа. Иймээс Шива Эзэн надад өршөөнгүйгээр энэ бурханлаг нандин сургаалаа өгсөн гэж тооцож болно”хэмээн бодно. Ингээд тэрээр бишрэлтнүүдтэй холбогдон, Тамал Кришна Махараджтай уулзаж болох эсэх тухай асуув. Уулзалт ч болж өнгөрсөн ба Махараджа дахиад л Нитьянандад гүн сэтгэгдэл төрүүлэв гэнэ. Махараджа ярилцлагынхаа төгсгөлд Нитьянандад нэгэн уриа дуудлага илгээв: энэ нь Нитьянанда гурван сарын туршид Харе Кришна мантраг нухацтай унших, Шрила Прабхупадын номуудыг уншиж судлах явдал байв. Хэрвээ энэ хугацааны төгсгөл болоход Нитьянандад Кришнагийн ухамсарт татагдах татагдал үл бий болох аваас тэрээр энэхүү бурханлаг дадал практикаас эгнэгт татгалзаж болно, харин Кришнагийн ухамсарт татагдах татагдал үүсэн хөгжих аваас тэрээр Бурханы Дээд Бодгаль, Кришнагийн бишрэлтэн болсон, мөн Олон Улсын Кришнагийн Ухамсрын нэр төрд чиглэгдсэн бүхий л зэмлэн буруушаалтаасаа татгалзаж буй тухайгаа сонинд нийтлүүлэх ёстой гэсэн утгатай уриа дуудлага байв.

    Дурдсан хугацаа буюу энэ гурван сар дуусахаас бүр өмнө л Ариун гэгээн нэр Нитьянандын зүрхийг зөөллөн татсан байна. Ердөө сарын дараа гэхэд  тэрээр Харе Кришна мантраг давтан уншихын амт шимтийг мэдэрч эхэлсэн бөгөөд Тамал Кришна Махараджид өөрийгөө даатгасан. Мөн тэрээр бишрэлтнүүдийн эсрэг хийж байсан бүх буруушаалтаасаа татгалзан, ойролцоо байрлах сүмд тогтмол очих болсон байна. Хэсэг хугацааны дараагаар тэрээр сахил авшиг хүртэж,  Фиджигийн Кришнагийн ухамсрын хөдөлгөөний идэвхитэй гишүүн болсон ажээ.

 

Мадхура мадхурам этан мангалам мангаланам

Сакала нигама валли пхалам чит сварупам

Сакрид апи паригитам шраддхая хелая ва

Бхригу вара нара матрам тарает кришна нама

 Кришнагийн нэр болвоос энэ ертөнц дээрхи бүх амтлаг зүйлсээс хамгийн амтлаг, адис ивээлээ өгч болох бүх зүйлсээс хамгийн агуу тааламжтай нь. Түүний ариун нэр  бүхий л ведийн судар бичээсүүдийн модны трансцендент үр жимс юм. Ай Бхригугийн удмын сор минь ээ! Ганцхан удаа итгэл бишрэлтэйгээр эсвэл хайхрамжгүйгээр Ариун Нэрийг давтан унших нь Түүнийг давтан дуудагчид ангижралыг хайрладаг бөлгөө. (Рупа Госвами, “Падьявали”, шүлэг16).

 

“Аялан номлогчийн өдрийн тэмдэглэл”

номоос сийрүүлсэн: Балабхадра дас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB