spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Ганга мөрний материаллаг орчлон дээр буун заларсан тухай түүх Print E-mail
User Rating: / 5
PoorBest 
Даваа, 14 Морь сарын 2014

“Брахма-пуранд” Нарада Муни Брахма бурханаас Ганга нь хоёр дүр хэлбэртэй тухай сонсож мэдсэн тухай өгүүлсэн байдаг. Брахма бурхан өгүүлэхдээ:

“Шива бурханы задгай тавьсан үсэнд тус тусдаа орших, басхүү тэднийг буулган ирж буй бодгалиудтай харгалзсан хоёр урсгал оршдог. Түүний нэг хэсэг нь олонд алдартай билээ. Тэрээр брахман Гаутамын ачаар энэ ертөнцөд буун заларсан буюу. Гаутама нь өөрийн ариун үүргээ нэр төртэйгээр биелүүлж, буяны үйл, бясалгал зэргийг үйлддэг байсан мэргэн юм. Харин нөгөө хэсгийг нь Шива бурханаас хүчирхэг Бхагиратха Махараджа хүлээн авсан ажгуу” гэжээ.

 

Бхагиратха-Ганга

“Ай хүндэт мэргэн Нарада минь, Сатья галавт Нарны удамд заларсан их хаан Сагара гэж амьдардаг байжээ. Тэрбээр Шайбья, Вайдарбхи нэрт хоёр эхнэртэй байсан ба тэд гоо үзэсгэлэнтэй, дур булаам бүсгүйчүүд байв. Шайбья нь Асаманьяса нэрт нэгэн хүүг төрүүлсэн бөгөөд харин Вайдарбхи нь Шива бурханы адислалаар хүч чадал, алдар нэрэнд нь хязгаар үгүй, бас тэднээс цацрах гэрэл туяа нь зуны нарыг ч давж гарахаар жаран мянган хүүг төрүүлжээ.

Харамсалтай нь эдгээр гэрэл цацраасан ханхүү нар Дээд Эзэн Кришнагийн хувилгаан Капиладевад алдас хийсэн учраас үнс нурам болон шатаж орхисон байна. Ах дүүсдээ ангижралыг хайрлахын тулд Шайбья хатны хүү Асаманасья Ганга мөрнийг дэлхийд буун морилохыг урин дуудаж хатуу хэцүү тэвчил наминчлалыг үйлдэж гэнэ. Гэсэн ч тэрээр өөрийн тавьсан зорилгодоо хүрч чадалгүй насыг эцэслэжээ. Түүний энэхүү үйл хэргийг түүний Амсуман үргэлжлүүлэв. Дараа нь түүний ач Дилипа мөн үргэлжлүүлсэн байна. Гэвч тэд Гангадевийн адис ивээлийг хүртэж чадалгүй энэ ертөнцийг орхисоор байв. Ингээд Амсуманы жич хүү(ачийн хүү),  Бурхан Кришнад итгэх гуйвашгүй итгэлтэй, вайшнавын бүхий л шинжүүдийг өөртөө шингээсэн аугаа бишрэлтэн Бхагиратхагийн хатуу чанга тэвчил үйлдэх ээлж ирсэн байна.  Урт удаан хугацааны тэвчил хатуужилд нь сэтгэл ханасан Бурхан Кришна түүнд илэрч харагджээ. Түүний мөргөл залбирлыг хүлээн аваад Бурхан Кришна бээр хаанд хандан түүний жаран мянган өвөг дээдэс ах нь ангижралыг хүлээн авах ба тэрээр өөрөө ч Бурханы өлмийд үйлчлэн зүтгэх тэр түвшинд хүрнэ гэдгийг амлав. Дараа нь тэнд биелсэн Ганга өөрөө илрэн заларсан байна. Эзэн Кришна түүнд хандан. “Ай Сурешвари, ай тэнгэрүүдийн дундах хатан минь ээ! Сарасвати охин тэнгэрийн хараалаас болж чи Бхарата-варшад буун очиж, Махараджа Сагарын хөвгүүдийн сүнсийг ангижралд хүргэх ёстой бөлгөө. Чи ганц хүрэлт л тэднийг Миний гариг орон өөд авчран хүргэх чадалтай бөгөөд тэдний бие махбодь ч Минийхтэй адил болох болно. Тэд тэнгэрийн хөлгөөр аялах ба Би тэдэнд Миний хүрээлэлд байх дээд адис ерөөлийг хайрлах болно. Тэд материаллаг зовлонгийн гав гинжнээс бүрнээ ангижрах ба урьд урьдны амьдралууддаа үйлдэж байсан нүгэлт үйлүүдийнх нь үр дагавар ор мөргүй угаагдан арчигдах болно. Смрити судруудад Бхарата-варша дахь хүмүүсийн бүх нүгэл гагц чамд хүрэлцсэнээр арилан устах болно гэдгийг зарлан тунхаглана” хэмээн өгүүлэв.

Бхагиратхад хандан Гангад хэрхэн яаж хайр ба  итгэл бишрэлтэйгээр мөргөл үйлдэх тухай сургаалыг хайрлаад Дээд Эзэн  гэнэт алга болжээ.  Махараджа Бхагиратха хамаг л анхаарал, бишрэл сүсгээ төвлөрүүлэн саад бэрхшээлийг арилгахын тулд Ганешад мөргөх зан үйлийг гүйцэтгэв, сайн сайхан эрүүл мэндтэй байхыг бодож Сурьяд мөргөл ёслол үйлдэв, ариусал цэвэршлийн тулд Агнид мөргөл үйлдэв, аливааг нэвт ойлгох оюуныг олохын тулд Парватид мөргөл ёслол үйлдэв, ангижрал гэгээрлийг олохын тулд Вишнуд хандан мөргөл ёслолыг үйлдэв. Ингэж байж тэрээр Гангад мөргөвөл зохих чанаруудыг олж авсан ба  түүний гоо үзэсгэлэнг, Бурханд ойрыг нь, хүмүүнд Дээд Эзэнд үйлчлэн зүтгэх боломж олгох чадвар ба түүнийг материйн ертөнцөөс ангижруулан суллах чадварыг нь магтан алдаршуулж мөргөл залбирлаа өргөв.

Дараа нь Махараджа Бхагиратха Гангыг мөнөөхь Сагара хааны жаран мянган хөвгүүний бие цогцос орших газарт аваачжээ. Ганга тэдний үнс чандарт дөнгөж хүрмэгц тэд бүгд Вайкунтха буюу бурханы мөнхийн орныг зүглэн одов. Ганга мөрнийг Дэлхий дээр буулган авчрахын тулд Махараджа Бхагиратхагийн үйлдсэн хатуу чанга тэвчлийнх нь дурсгалд зориулаад Ганга мөрнийг түүний том охин буюу Бхагиратхи хэмээн нэрлэх болжээ.

Үргэлжлэл бий.

Дараагийн удаад бид Гаутама-ганга мөрний түүхийг хүргэх болно.

                                                                            Орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас
 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB