spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Хилэн хар морь Print E-mail
User Rating: / 5
PoorBest 
Баасан, 13 Бар сарын 2015

Би их олон зүйлийг уншиж, адгуусны биед хэрхэн төрдөг талаар илүү ихийг мэдэхийг эрмэлздэг байлаа. Гэсэн ч ийм мэт баталгаа нотолгооны үнэн зөвийг хэрхэн олж тогтоох билээ? Тиймээ, тэгэхээр нэгэн цагт амьтан адгуусны биед байсан сүнстэй регрессийн үед харьцаж болох болов уу?

Тун удахгүй би энэ асуултуудынхаа хариултыг олно гэж найдаж байлаа.

Миний асаргаанд байдаг өвчтөн эмэгтэй Дорис маш хялбархнаар гүн транст орж, өөрийн амьдралын үүх түүхтэй нүүр нүүрээрээ тулгарсан билээ. Би түүнээс тэр чухам одоо өөрийгөө хэн байгааг мэдэрч, харж байна вэ хэмээн асуухад тэр баяртайгаар: “Би их гоё сайхан хилэн хар морь байна” хэмээн хариулсан юм. Тэр надад морины биед оршин байгаа амьдралынхаа талаар ярьж эхэлсэн билээ. Би ч үүний зэрэгцээ: “Тийм, тийм, энэ чинь л надад хэрэгтэй байлаа шүү дээ” хэмээн бодов. Энэ түүх үнэхээр гайхалтай түүх байсан юм шүү! Гэвч хэрэв би түүнийг, түүний яг урьдны амьдрал тийш нь илгээвэл тэр адгуус амьтан байх байжээ. Өөрөөр хэлбэл амьдралын доод хэлбэрт. Эндээс сүнс нь аажмаар дахин дахин хувьсан төрсөөр эцэст нь амьдралын дээд хэлбэрт буюу хүний төрөлд ирдэг аж. Одоо харин би түүнийг энэ төрөлд төрөхөөсөө өмнө байсан тэрхүү адгуусны бие буюу хар морины биеэс өмнөх төрөлд буцан очихыг хүссэн билээ.

Тэр цагт бид түүнийг өмнө нь амьдралын дэвшилтэт төрөлд байж уу аль эсвэл доод төрөлд байж уу гэдгийг нь ялган таньж болно. Магадгүй мориноос илүү бүдүүн хадуун адгуусны төрөлд төрж байсан байж болох шүү дээ. Регрессийн шатаар уруудан бид магадгүй тэрээр ямар нэг бүдүүлэг амьдралын хэлбэрт төрж байсныг нь мэдэж болох юм. Энэ нь өгсөн дээшилдэг хөгжил дэвшлийн баталгаа болох билээ.

Би түүнийг морь байхаас нь өмнөх үеийн төрөл тийш илгээв. Намайг туйлын ихээр гайхашруулсан зүйл нь юу гэвээс тэрээр түүний өмнө төрөлдөө нэгэн жаахан охин байсан агаад Сомарсетийн ферм дээр үйлдвэржилтийн хувьсгалын үед амьдарч байжээ. Тэрээр их аялгатайгаар, мөн барууны оршин суугчдын янзаар бүх зүйлийг уран дүрслэлтэйгээр ярьж өгсөн юм. Гайхамшигтай!

Тэрээр фермийн аж ахуйгууд хоосорч, эзэд нь Амласан тэр газар нутаг буюу тэдэнд амлаж байсан хотынх нь гудамжууд алтаар бүрхэгдсэн тийм газарт өөд шилжин нүүж байсан тэр үеийнхээ тухай ярилаа. Гэвч очсон тэр газарт нь тэднийг жинхэнэ тамын амьдрал хүлээж байжээ. Тэнд очоод тэрээр нэгэн ойворгон эмэгтэйн  үйлчлэгч болсон байна. Тэр түүнийг туйлын ихээр үзэн яддаг байж. Тэнд тэр урт удаан, аймшигтай 60 жилийг үдэн өнгөрөөсөн бөгөөд туйлын их ганцаардал шаналал дунд дээвэр дээр нас нөгчжээ. Ийнхүү барууны нэгэн эмэгтэй Викторигийн үеийн Лондон хотод нас нөгчөөд дараа нь тэрхүү хилэн хар морь болон төржээ. Яаж ийм байж болох вэ? Яаж гэдэг нь “Бхагавад-гитад” агуулагдаж буй билээ.

Би өөрийн үнэт эрдэнэ болсон тэр эмэгтэй өвчтнөө тэрхүү хаягдмал, ганцаардмал, ажиллаж байсан байшингийнхаа дээд давхарт туйлын ганцаардмал байдлаар нас нөгчих тэр үед нь аваачсан.

-Тэгэхээр та өөрийн үхэлдээ бэлдэж байв уу? Тэр үед таны бодож байсан зүйлийн талаар мэдэхийг би маш их хүсэж байна. Таныг өөрийн эрхэлж байсан ажлаа маш ихээр үзэн яддаг байсныг би мэднэ. Та тун ч их сэтгэл санаагаар унаж, дарамтанд байсан байх даа?

-Үгүй шүү, огтхон ч тийм биш, - хэмээн тэрээр гайхсан янзаар хариу өчлөө. –Би тийм мэт шоронгоос суллагдаж байгаадаа харин ч аз жаргалтай байсан юм. Би тэр үед өөрийн төрсөн, амьдрал минь эхэлсэн  тэр тосгоноо бодож байлаа. Бас тэрхүү гайхамшигтай хилэн хар морины талаар бодож байлаа. .. гэв.

Би бүр мэгдэж гүйцэв. Миний нотолгоо энэ дээ. Ийм юм гэж байж болох уу? Гүн ухааны хийгээд бурханлаг чиглэлийн нэг ч ном уншаагүй дунд зэргийн ухаантай ийм эмэгтэй Ведүүдийн батлан айлдаж байдаг  шиг ийм мэдлэгийг над өгч чадлаа гэж үү?

Эртний судар бичгүүдэд бидний дурлан татагдал биднийг энэ материйн ертөнцөд дахин дахин буцаан төрүүлдэг гэж олонтоо сургасан байдаг. Жишээ нь Махараджа Бхарата эхээсээ хаягдсан хөөрхий янзаганд санаа тавьж байснаасаа болж зээр гөрөөсний хэвлийд төрөх болсон түүх  бий. ..

Тоо томшгүй олон маргаан мэтгэлцээн энэ сэдвээр үргэлжилж болох л юм. Догшин хэрцгий Бурхан биднийг хүсээгүй биемахбодид төрүүлж шийтгэж байгаа хэрэг биш гэдгийг би мэднээ. Зөвхөн бидний ухамсар л аз жаргалыг, эрх чөлөөг, тусгаар байдлыг, ханамж таашаалыг эрэх аянд мордуулдаг  ажээ. Өнөөдрийн бидний хүлээн авсан энэ биемахбодь болвоос урьдны амьдралын маань ухаан ухамсраар бүтээгдсэн билээ.

Морины биемахбодь нь нас нөгчисний дараа тэр эмэгтэй дахин хүний биеийг хүлээн авсан ажээ.

Яг үүнтэй адил түүх Шримад-Бхагаватамд бий. Түүнийг Махараджа Бхарата гэдэг байсан ба тэрээр нэг амьдралын туршид адгуус амьтны төрөл тийш унасан агаад эцэст нь тэр амьдралынхаа төгсгөлд дахин хүний биеийг олж авдаг. Өөрийгөө таньж гэгээрсэн аугаа сүнс байсны хувьд Махараджа Бхарата өөрийн урьд төрлийг дурсан санаж чадаж байсан юм. Тэр чухам яагаад буга болоод төрчихвөө гэдгийхнээ учир шалтгааныг ч мэдэж байсан. Дахин хүний биеийг олж авсныхаа дараа тэрээр өөрийн бурханлаг хөгжил дэвшилд туйлын няхуур хандаж байсан ба энэ ертөнцийн элдэв хэрэгцээгүй зүйлс хийгээд уягдал татагдал зэргээс холхон байхыг хичээж байсан юм. Ингээд насны эцэст тэрээр амьдралын дээд төгс төгөлдөрт хүрч бурханлаг ертөнц тийш буцаж чадсан байдаг.

 

Жон Ричардсон “Үхнэ гэж хэзээ ч бүү хэл” номоос

орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB