spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Мэхлэгч Бисакисенийг Шрила Бхактинода Тхакур буулгаж авсан тухай түүх Print E-mail
User Rating: / 1
PoorBest 
Мягмар, 27 Тахиа сарын 2015

Шрила Бхактивинода Тхакур Пурид амьдран байх хугацаандаа ид шидийн иогын чадварыг үзүүлэн өөрсдийгөө Маха Вишнугийн хувилгаан хэмээн зарлан  үймээн самуун гаргагчдыг дарах үүрэг даалгавартай байжээ. Бисакисен хэмээх иогч Шардайпур тосгоны ойролцоо аглаг ойд сүм байгуулан төрөл бүрийн ид шидийн хүчээ гарган маш олон  хүмүүсийг мунхруулж байв.

Шрила Бхактивонада Тхакур Гаудиа сампрадагийн Кришнагийн ухамсрыг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх үйлсэд нэгдсэн ачарья байв. Тэрээр хүчирхэг номлогч, Вайшнавын гүн ухааныг дэлгэрүүлэгч төдийгүй Бурхан Кришнагийн цэвэр чин бишрэлтэн байжээ.

(Шрила Бхактивинода Тхакурын тухай сонсоогүй хүмүүст- тэрээр Шрила Гауракишор  Даса Бабажийн номын багш. Харин Шрила Гауракишор Даса Бабажи Шрила Бхактисиддханта Сиддханта Сарасвати Тхакурын номын багш байсан ба тэрээр Шрила Бхактиведанта Свами Прабхупада-н бурханлаг номын багш юм.   )

Энд дурдагдах бодит түүх нь Шрила Бхактивиноде Тхакурын намтраас авсан түүх юм.

Шрила Бхактивинода Тхакур Пурид амьдран байх хугацаандаа ид шидийн иогын чадварыг үзүүлэн өөрсдийгөө Маха Вишнугийн  хувилгаан хэмээн зарлан  үймээн самуун гаргагчдыг дарах үүрэг даалгавартай байжээ. Бисакисен хэмээх иогч Шардайпур тосгоны ойролцоо аглаг ойд сүм байгуулан төрөл бүрийн ид шидийн хүчээ гарган маш олон  хүмүүсийг мунхруулж байв.

Бисакисен Атибарис гэх Бурхан Чайтанийн гажуудсан урсгалыг  үүсгэн байгуулагч байв. Тус  бүлэг  өөрсдийгөө  Бурхан Чайтаниагийн “Би  дахин илрэн тодроно”  гэсэг зөгнөлийг ашиглан өөрсдийгөө Бурхан Кришна, Баларама эсвэл Чайтаниа хэмээн зарлан тунхаглагчид юм. Атибарис бүлгэмийнхэн Чайтра (3-4 р сарын) 14нд Чайтаниа бурхан  4 мутартай дүрээрээ илрэн тодроно гэсэн зар гарган тосгон даяар түгээсэн байна. Иогч Бисаксен Бүхний дээд Маха Вишну миний дүрээр илрэн тодорч Европчуудыг (энэ үед энэтхэг английг колони улс байсан) өөрийн гараар устгах болно гэж зарлан тунхагласан байна.

Асаж буй галан дээр суун хэсэг хугацааны дараа ямарч түлэгдэлтгүй гарч ирэх , хүмүүсийн бодол санааг унших, өвчтэй хүмүүсийг анагаах болон толгойноосоо гал гаргах зэрэг иогийн чадвараа үзүүлэн энэ талаар мэдлэг хомсхон  хүмүүст өөрийгөө энэ дэлхий дээр байхгүй цор ганц Бурхан хэмээн итгүүлж байжээ. Гэвч жинхэнэ  бурханлаг мэдлэгээс хичээл  чармайлттай суралцагч Шрила Бхактивинода Тхакурт энэ нь зүгээр л нэг бурханлаг эрдэм үл агуулах, тэвчил хатамжлалаар олж авч чадахуйц материаллаг зүйлс байлаа.  Одоо үед ч энэ мэт зальдагчид энэтхэгт байх агаад дагалдагчид  нь тэднийг  бурхан мэт шүтэж байдаг.

Бисакисен өөрийгөө Брахма болон Шивагийн эзэн хэмээн тунхаглаж Орисса мужийн захирагчдын  зүгээс хандивласан  хөрөнгийг ашиглахаас гадна Раса бүжиг бүжнэ хэмээн тосгоны эмэгтэйчүүдийг авчруулан бэлгийн харьцаа үүсгэж байхыг нутгийн уугуул иргэд төдийгүй удирдагчид эсэргүүцэн засгийн газартаа мэдүүлгээ хүргэсэн байна.

Ноён Равеншав тухайн үеийн Англи энэтхэгийн засгийн газрийн тэргүүлэгч  байсан ба Орисс мужийг хариуцдаг байв. Брингарпурийн удирдагчдын хүсэлтийг хүлээн авч Шрила Бхактивинода Тхакурыг мөрдөн байцаахыг томилсон байна. Нөхцөл байдал их эгзэгтэй Бисакисен олон дагуултай, мөн тухайн муж улсын аюулгүй байдалд заналхийлж үймээн дэгдээхэд бэлэн байв.

Тхакура тус мужийн тэргүүлэгч цагдаа нарыг байнгын ажиглалт харуулд гарган орой нар шингэхээс өмнө иогчийн амьдардаг ширэнгэн ойд орсон байна. Тэр үед маш олон хүмүүс түүнийг тойрон сууж, хүнд өвчин тусагчид эдгэснийхээ дараа түүнийг бурханы хувилгаан хэмээн алдаршуулж байв. Тхакурыг очмогц иогч сэнтийнээсээ босч  “Өө бабу, би таныг Бенгалийн шүүгч гэдгийг мэднэ та яагаад ийм харанхуй шөнө ирэв ” хэмээв.

Шрила Бхактивинода Тхакур: “ Би таныг харах гэж л ирсэн ” гэхэд Бисакисен “Ийм учиртай байсан юм уу, за суугаад миний сургаалийг сонс, Би бол Маха Вишну. Сүүн далайгаас урган гарч би ирсэн одоо удахгүй бүхий л европчуудыг устгана. Үүнийг би зарлан тунхаглаж байна ” гэв. Энэ бүхнийг ярьж дууссныхаа дараа Бисакесан Тхакурт дал модны  навчин дээр бичсэн нэг зурвас өгөв. Уг бичигт   өөрийн нэр, зорилго гэх мэт зүйлс бичсэн байлаа . Мөн Тхакурын дагуулж ирсэн модны ард нуугдан,  үйл явцыг харж буй цагдаа нарын  тухай үүх түүх намтар зэргийг нь дурьдаж байв.

Тхакур үүнийг үл ойшоон: Хэрвээ та Маха Вишну аваас яагаад Пури дах Жаганатха девад биш энэ ширэнгэн ойд сууж байгаа юм бэ ? гэтэл

Иогч: Би бол бүхний дээд бодгаль. Пурид бурхан гэж байхгүй. Жаганатха гэж нэрлэгддэг тэр зүйл чинь зүгээр л нэг модны тасархай. Шри Чайтаниа миний хайрт бишрэлтэн байсан. Би тун удалгүй Энэтхэг орныг Хинду-н эзэнт гүрэн болгоно. Ийм учраас би ойд байгаа юм. Би чамайг аугаа бишрэлтэн төдийгүй сайн шүүгч гэдгийг чинь мэднэ, хэрвээ хинду эзэнт гүрэн байгуулагдах аваас би чамайг Орисса мужийн захирагчийн албанд томилно” гэжээ.

Шрила Бхактивинода Тхакур: Ямар ч өчүүхэн жижиг амьд оршнол хэзээ ч бурхан болж чадахгүй. Равана, Хиряанакашипу, Шишупала, Дантавакра болон бусад бодгалиуд энэ ухааны хоосролд автсанаараа эцсийн дүндээ үхэлд л  хүрсэн гэв.

Иогч Тхакурт өөрийгөө бурхан гэдгээ батлахын тулд олон арван өвчтэй хүмүүс авчран эдгээн илааршуулж  байв. Нэг хүн маш хүндээр шархадсан байлаа харин иогч хэсэг үнс авч шархан дээр нь тавихад шарх аньж өвчин шаналал нь алга болсон байв. Гэвч Тхакур үзэл бодлоосоо үл ухран түүнийг бурханы илгээсэн эрч хүчийг өөрийн нэр алдрын төлөө ашиглан буйг болон  Бурханд алдас хийж буйг ухаарч ойлгож  байлаа.

Маргааш өдөр нь Тхакура,   иогч   Бисакесанийг баривчлах үүргээ биелүүлэхээр 100 гаран цагдаа нарыг толгойлон ирэхэд өргөлийн гал асч түүний мянга мянган дагалдагчид урцных нь гадна  сууж байв. Тэдний ихэнхи нь Бисакесанийг магтан алдаршуулж, бишрэл хүндэлтгэлээ илэрхийлнэ. Гэтэл Тхакурыг олон тооны дүрэмт хувцас, буу шийдэм барьсан цагдаа нартай ирснийг хараад тэдний ихэнх  дайжин зугтаж,   “бурхны хувилгааныг баривчлах гэнэ”  гэсэн мэдээ  тосгон даяар тарав. Энэ бүхнийг Бисакесан тайван ажиглаж сууснаа Шрила Бхактивинодаг дөхөн очих үед : “Бабу, энэ бүхэн ямар учиртай вэ? ”гэхэд

Тхакура:  Бид чамайг захирагчийн тушаалын дагуу Пури рүү авч явна “ хэмээв. 

Иогч: Тэр захирагч гэж хэн бэ ? Би бол бүхний дээд бодгаль, Бүхий л ертөнцийн эзэн. Би хэний ч өмнө сөхрөхгүй. Та нарыг яаж намайг авч явахыг чинь алив харья гэв.

Хэрвээ чи явахгүй гэж зүтгээд байвал хүчээр авч явах эрх бидэнд бий хэмээн Тхакура байрандаа бат зогссоор байв.

Иогч ихэд хилэгнэн: Би чамайг энэ газраас одоохон явахыг тушааж байна. Надад бүхий л хүч чадал бий хэмээснээ толгойгоо хүчтэй савлахад түүний даахирсан туг үснээс нь шатсан могойнууд унаж байлаа. Нүд нь час улаан болоод унасан могойнууд харцаараа шатаахад үүнийг харсан цагдаа нарын зүрхэнд айдас хуран зугтаахад бэлэн болсон байв. 

Тхакура: “Бисакисен! Чи хүссэнээрээ ид шидээ үзүүлж болно. Бид үүнийг чинь  яасан ч мартахгүй. Гэсэн хэдий ч Чи бол Бүхний дээд бодгальд алдас хийгч, өөрийгөө бурхантай дүйцүүлэх өчүүхэн амьд оршнол, үүгээр  ч үл барам чи бол үймээн дэгдээгч. Иймээс чи Пури явж шүүгдэх ёстой” хэмээн тунхаглав. 

Иогч: “Би явахгүй, Би хүч чадалтай иймээс- зайлцгаа гэв. ”

Тхакура Бхактивинода дөрвөн цагдаад  тосгоны ойролцоо буй үхэр тэргийг авчрахыг тушаав. Хүлээх зуурт Тхакура үл бүтэх  иогчид ”Чи энэ хуурамч ухаан бодлоо таягдан хаяж өөрийн төгс бус гэдгээ хүлээн зөвшөөрөх  хэрэгтэй. Чиний энэ ид шидийн иог Бурхан болон түүний аугаа чин бишрэлтэнгүүдийн чадвартай харьцуулахад өчүүхэн зүйл. Би чамаас үүнийг л үнэн зөв ойлгохыг хүсэж байна” хэмээн  номлов.

Иогч үүний хариуд няц гишгүүлж буй могой адил “Чи ухаан муут минь намайг хэн гэдгийг мэдэхгүй байна. Би уурын галаараа ганц тургихад л энэ гурван ертөнц үнсэн товрого болно. Гэвч би хэтэрхий уян зөөлөн учраас үүнийг хийдэггүй” гэтэл

Шрила Бхактивинода хөхрөн: “Хөөрхий дөө. Одоо Пури руу явцгаая. Тэнд чи өөрийнхөө уурын галаа гаргаарай” гэхэд үхэр тэрэг ч ирэв. Гарах ямар ч гарцгүй болсон иогч: “Эдгээр үгс  Бурхны дээд  бодгалийн чин бишрэлтэнгийн үг учраас би Пури явж байна. Харин чи намайг Пуригаас буцаан авчрах ёстой”  гэв.

Пури явах замдаа Тхакура хэрэгтний үйлдлийг өдөр сараар нь тэмдэглэл хийв. Түүнийг бичих зуурт иогч үхэр тэргэний ард олон янзын ид шидээ үзүүлсээр байв. Тхакур үүнийг ажигласан ч тайван амгалан ажлаа үргэлжлүүлсээр Пурид ирэн Бисакисенийг хорих өрөөнд оруулав. Шрила Бхактивинода Тхакур лалын шашинтай 3 ахлах болон 72 туслах цагдааг өдөр шөнөгүй мануулж байхаар тушаал гарган өөрсдийгөө Брахма болон Шива гэж өргөмжлөх этгээдүүдийг баривчлахаар явав.

Бисакисен мацаг барьж ус болон хоол идэлгүй тэр ч байтугай бүр унтахгүй байлаа. Шрила Бхактивинода тхакур түүнийг идэхийг байнгад гуйн олон тооны үнэт бурханлаг зааварчилгаа өгч байсан авч Бисакисен огт сонссонгүй. Бисакисенийг түр саатуулахад байх зуур Ориссын оршин суугчид  хуульч хөлслөн түүнийг суллахыг хүсэж байлаа.

Мөрдөн байцаах үе 18 хоног үргэлжилэв. Энэ нь Пуригийн төв шүүх танхимд болсон ба иогчийн 1000 гаруй дагалдагчид болон олон тооны дэмжигчид нь түүнийг суллах хүсэлтээ илэрхийлсээр  байлаа. 16 дах хоногт нь Бисакисен Тхакурт хандан: Бабу, чи намайг мөрдсөнийхөө үр дүнг амсаж өөрт байгаа бүхнээ алдах болно, одоо гэртээ хариад ямар гамшиг болж буйг хар гэв. 

Түүнийг гэртээ ирэхэд 2 дахь охин 7 настай  Кадамбини үхэлд хүргэх хүнд өвчин туссан байсан ба өндөр халуурч ойр ойрхон ухаан алдаж байв. Түүний гэрээс өвчин шаналлын аймшигт дуу үл тасрах авч Тхакур өөрийн байрандаа бат зогсон, түүнийг өчүүхэн иогчоос Бурханы Дээд Бодгаль хамгаалах болно гэдэгт итгэлтэй байлаа . Эмч нар ирэн охинг асрамжилан   өглөөний 8 цаг болоход охин цоо эрүүл болсноор үл барам гаднах хашаандаа тоглож байв. Тхакурын гэргий Шримати Бхагавати Деви, өөрсдийн үр хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд   их санаа зовон гэр бүлийнхнийг маань бүгдийг устгахаас өмнө Бисакисенийг явуулаач хэмээн гуйхад Тхакура: Тэгье, бүгдээрээ үхье, харин өөдгүй амьтад шийтгэгдэх ёстой гэжээ. 

Тхакур өөрийн намтартаа: “Энэ үед бүхий л Пури даяар  айдас нөмрөөстэй байлаа. Сургууль хаагдаж, олон хүмүүс миний  хийж буй үйлийг буруутгасан байдалтай байсан. Мөн Кадамбини дахин хүнд өвчин туссан. Хэдийгээр Бисакисен иогийн эрдэмд гаргуун сайн  суралцсан байж болох  ч тухайн үед би   түүний буруутайг нотлох баримтуудыг олсон байсан. 21 өдрийн турш иогч дусал усч уугаагүй боловч ямар ч хүч чадлаа алдсан шинжгүй тэр ч атугай хүмүүсийг эдгээж байлаа “

Мөрдөн байцаалтын 17 дах өдөр Бисакисен Тхакурад хандан: Гэрт чинь болж буй гай гамшгуудыг чи ажиглахгүй байна  уу ? Хэзээ чи намайг бүхний дээд бодгаль гэдгийг таних юм бэ ? Шүүх хурлын эцсийн өдөр чиний үхэл ирж чамайг тушаал буулгахыг чинь харья гэв.

Тхакура Бхактивинода гэртээ харьж  шүүгчийн хувцсаа тайлах үед  баруун цээжиндээ хүчтэй өвдөлт мэдэрчээ. Шөнийн турш өвчин нь хүндэрсээр байлаа. Гэсэн хэдий ч тэрээр өөрийн шийдвэртээ үнэнч  байв. Харин  ийм байдалтай хэрхэн эцсийн шүүх хурлаа удирдах нь тодорхойгүй байлаа.  Өглөөний 10 цагийн үед бие нь бага зэрэг дээрдэж шийдвэр бичих чадвартай болов. Алхаж чадахгүй байсан учраас  тэргэнцэр дээр явахаас өөр аргагүй байлаа. Тхакур: “Бисакесан Үндэсний Британи- Энэтхэгийн засгийн газар болон Орисса мужийн төв захиргааны эсрэг нууц явуулга хийсэн учраас 18 сарын турш хатуу дэглэмт шоронд хорьж, хүнд хүчир ажил хийхийг тушаав ” гэсэн шийдвэр гаргасан байв.  Шүүхийн танхимын гадна Бисакесаны олон дагалдагчид  уг шийдвэрийг сонсоод нэгэн дуугаар: Шударга бус, Шударга бус байна хэмээн орилолдож байлаа.

Бисакесаныг Дүүргийн эмч Валтер шүүхийн танхимаас авч гарахаасаа өмнө түүний үсийг ажиглан, бүхий л иогчдын хүч чадал нь үсэндээ байдгийг мэдэх тэрээр даахирсан үсийг нь томхон шиг хайчаар хайчилахад  иогч  хөсөр унан, алхах ч чадваргүй болов.  Түүний дагалдагчид “Бурхан” нь урт үсгүйгээр хэн ч биш юм гэдгийг хараад түүнийг хаяж одов. Тхакурын өвчин тэрхэн зуур алга болов.

Шрила Бхактивинода Тхакур намтартаа: Түүний үсийг тайрмагц, дагалдагчид нь түүнийг зальдагч юм гэдгийг мэдээд орхиж одсон” гэсэн байв.

Тхакура гэртээ харьж харин  Бисакисен Пури-н шоронд 3 сар байсны дараа Мединипурын шорон руу шилжүүлэгджээ. 1873 онд шоронд байх үедээ хор уун амиа егүүтгэсэн байна. Энэ нь яг л Дурваса Муни цэвэр чин бишрэлтэн Амбариша Махаражийг хорлох гэж байгаад өөрөө шийтгэгддэгтэй адил зүйл болсон юм. Ийм таагүй зүйл Тхакур Бхактивинодад тохиолдсон авч Бурхны нигүүслэлээр амьд үлдэн  ялалтанд хүрсэн юм.

 

Түүхийг орчуулж бэлдсэн: Т.Цэвэлмаа

“Алтан эриний гэгээ” сонин 10 дахь дугаараас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB