spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

АЗТАЙ ТЭМЭЭЛЗГЭНЭ (Регресс буюу урьд төрөл рүү аялахуй) Print E-mail
User Rating: / 2
PoorBest 
Мягмар, 05 Туулай сарын 2016

...Би энэ эмэгтэйтэй Дагенхэм дахь  тоо томшгүй олон эгнээ дэлгүүрүүдийн дээр байрлах даруухан байранд танилцсан билээ. Надтай Ромфордод таарсан түүний танилуудын нэг нь намайг түүнд туслаач гэж тууштай гуйсан юм. Би ч тун тааламжтайгаар хүсэлтийг нь биелүүлэх болноо гэж хэлсэн билээ. Тийм дээ, Саутэнд дахь орон гэргүй амьтдад зориулж асран тэжээх газар байгуулсан эмэгтэйд хэн татгалзаж чадах билээ дээ. Харин тэндээс нь цыганууд илжгийг нь хулгайлчихсан аж. Би Полатай дэлгүүрүүдийн ард байдаг эмнэлэгтээ уулзахыг хүссэн авч танил маань, түүний сэтгэл санааны хүнд хэцүү төлөв байдал түүнийг гэрээсээ гарах боломж олгохгүй байгаа гэсэн юм. Тэгээд тэр оройноо би өөрөө түүнтэй уулзан ярилцаж, хэрэг явдлын учир юунд байгаа, хэрхэн түүний зовлон шаналлыг хөнгөлөх аргыг хайхаар түүнийг зүглэв.

     Намайг тэднийд очиход Пола гашуунаар уйлсаар байсан бөгөөд гэвч багтраа нь овоо жаахан намдсан байлаа. Би түүний гунигт түүхийг сонсоод тайвшруулахын тулд ховсын эмчилгээ хийх таатай мөчийг сонгож чадав. Миний аз болоход Пола гүн транст тун хялбархан орж чадаж байсан бөгөөд энэ нь тэр удахгүй эрүүлжин сайжрахын дохио билээ.

Намайг эмчилгээний сеансаа хийж байх зуур өрөөнд түүний найман муужгай орж ирсэн бөгөөд хоолоо идэцгээсэн юм. Тэд тус тусдаа өөр өөрийн гэсэн тавагтай ажээ. Миний толгойд түүний муурнууд мах иддэг юм байна, Пола ч тэднийг цагаан хоолтон болгох гэж хүчилдэггүй бололтой гэсэн бодол зурсхийн орж ирэв. Муур хэдий байгалиасаа махан идэштэн ч тэднийг махнаас гаргах боломжтой. Энгийн нэг илжигний араас ингэтлээ их гашуудаж байгаа хүнийг ойлгоход бэрх ба түүнийхээ хажуугаар эгэлгүй сайхан амьтан болох үхрийн махаар тийм л нэг амьтан болох муураа хооллож байгаа нэгнийг шүү. Түүний сентименталь байдал миний ойлгоцоос давсан байлаа. Ийм учраас би түүнтэй өөрийн санаа бодлоо эелдгээр хуваалцсан бөгөөд тэр ч амьтдаддаа тийм л хайртай юм бол тэрээр өөрөө цагаан хоолтон болох гээд үзвэл яасан юм гэсэн санааг минь зөвшөөрсөн юм.

dragonfly

Боломжийг алдахгүйн тулд  ямар нэг зүйлийг батлахын тулд би түүнийг урьд урьдныхөө төрлүүдийн нэг рүү буцаад үзэх санал тавьсан. Би түүнийг адгуусны төрөлд байсан үе рүү нь буцаахыг хүссэн билээ. Адгуус амьтад ч хүмүүс шиг мэдэрдэг юм шүү гэдгийг өөрийнх нь нүдээр харуулахын тулд тэр шүү дээ.

Пола гүн трансд орлоо. Би түүнийг өнгөрсөн рүү нь илгээж чадсан юм. .. Ямар нэг байдлаар тун хачнаар Пола эрэгтэй хүн байсан тэр төрөл рүүгээ буцсан байлаа. Тэрээр хүний амь хөнөөсөн тул шоронд хоригдож байх ажээ. Би түүний тэр амьдралаас энэ амьдралд шилжин ирсэн сөрөг үр дагавруудтай ажиллах ажлыг гартаа авлаа. Би түүнийг түүний “алуурчин” амьдрал дуусан дуустал хөтлөсөн бөгөөд шоронд хоригдсон нь түүний үйлийн үрийн төлөөсийг төлж дуусгасан болохыг нь батлахыг хүссэн юм. Гэвч харамсалтай нь ийм зүйл болсонгүй.

Шоронд хоригдсоор нөгчөөд тэрээр шуудхан адгуусны биед төрсөн байлаа. Миний санахад тэр нь эхлээд нохой байсан. Яг одоо энэ тухай тодорхой хэлж чадахгүй байна л даа. Яагаад гэвэл бид долоо, найман дахин төрлийн бүхэл бүтэн гинжин хэлхээг босгосон юм. Шинээр төрөх болгондоо тэрээр улам улам доод төрлийн амьтан болсоор байсан билээ. Тэгж яван явсаар тэр нэгэн тэмээлзгэнэ болон хувирсан юм. Тэр үед надад “Бхагавад-гитад” Кришнагийн өгүүлсэн, “Атаархал, хорон муу санаагаар дүүрэгсдийг Би олон янзын доод амьдралын хэлбэрүүдэд дахин дахин төрүүлмүй” гэсэн мөр санаанд орж билээ. Би өөрийн нүдэндээ ч итгээгүй бөгөөд учир нь чухамхүү энэ мөр миний нүдний өмнө амилан гарч ирэх шиг болсон юм.

Энэ бүхэн яаж төгсөх нь тун сонирхолтой байгаа биз? Тэрээр дахин дахин төрсөөр эцсийн эцэст амёб болон төрөх хүртлээ уруудан доройтох болов уу? Гэвч ингэхийг нь үзнэ гэвэл бүтэн долоо хоног болох бизээ! Гэвч тэмээлзгэний үхэл хүрээд дараагийн амьдрал руу шилжих үед нь сониучирхан:

     -За үүний дараа чи юу болж төрөв ?  - хэмээн асуухад,

     -Би юу, би одоо би, Пола болсон байна, - гэж Пола итгэлтэйгээр хариуллаа.

Үгүй ээ, тийм байх ёсгүй... Сүнс нь амьдралын хамгийн доод хэлбэрт уруудан доройтож төрсний дараа түүнийг тэгтэл нь доош татаж унагасан кармын өр төлөөснөөс чөлөөлөгдөн дахин хүн болж төрөх хүртэл дараагийн өгсөх шат нь тун аажим байх ёстой доо.

-Пола, алив дахиад нэг оролдоод үзье. Эхлээд чи тэмээлзгэнэ байсан, харин одоо чиний сүнс тэмээлзгэнийг орхих үеийг буюу сүнс чинь үүний дараа ямар биед шилжин төрөх нь вэ чи надад хэлэх ёстой шүү. Хэд хэдэн төрөл бүү алгасаарай! Нэг...хоёр..гурав... За одоо чи хэн, юу байна?

     -Би юу, би одоо, би Пола байна!

   Энэ зүйлийн учрыг би яагаад ч ойлгож чадахгүй байсан бөгөөд энэ оролдлогыг би гурван удаа хийсэн юм. Пола ч үүнээс залхсангүй. Гэвч тухай бүр түүний хариулт өөрчлөгдөхгүй хэвээр байгаад байлаа...

Бид дахиад л түүний мөнөөхь тэмээлзгэнэ төрөл рүү буцлаа. Түүнийг бид хангалттай судласан л даа. Гэвч нөхцөл байдал гэнэт огтын санаандгүйгээр эргэсэн юм. Би энэ байдлаас цочирдмоор гайхалтай утга агуулгыг олж харсан билээ. Пола ярьж байна: нэгэн туйлын халуун уур амьсгалтай оронд, нэгэн орой бүрэнхий болж байх үеэр тэрээр нэгэн намаг дээгүүр ниссээр, холгүйхэн харагдах барилгыг харж байх аж. Тэр нь ямар нэг дуган ч юм уу энэтхэг сүмтэй адилхан байв.

    -Би тэр байгууламж руу нисэн орлоо. Тэнд хэн ч байсангүй. Би  байгууламжийн алсын өнцөгт асах гэрэл рүү нисч очсон бөгөөд тэнд нэгэн тавиур байхыг олж харав. Тэр тавиуран дээр хоёр маш гоёмсгоор хувцасласан хүүхэлдтэй байсан юм. Нэг хүүхэлдэй нь жаалхүү эсвэл залуу ч гэмээр дүрстэй, лимбэ тоглож байгаа, дэргэдэх нь эмэгтэй. Би тэдний өмнө байх мөнгөн тавган дээр буусан бөгөөд тэнд байсан ямар нэг амттай зүйлийг долоож эхлэсэн. Тэр зүйл яг л чихэр хийж амталсан бүйлсэрхүү амттай байлаа. Уучлаарай, хэрэв би ямар ч утга учиргүй дэмий зүйл ярьж байгаа бол....

Юу гэсэн үг вэ – ямар ч дэмий зүйл биш! Би анх удаа л зөвхөн ведийн ном судруудаас олж уншиж болох, бас бас махапрасадын (Бурхан Шүтээнд өргөсөн хоол) түүхийг энд сонссон нь энэ...

Хамгийн эхний зүйл гэвэл түүний ярьж байгаа байдлаас үзвэл тэмээлзгэнэ мандир буюу энэтхэг сүмд орж очсон байх нь. Тэр тавиур гэж яриад байгаа зүйл нь Шүтээн байрлуулдаг алтарь. Тэнд тэдгээр шүтээнийг өдөр бүр хувцсыг сольж, тэдэнд хоол гүнцгийнхээ дээжийг өргөдөг. Лимбэн дээр тоглодог цорын ганц Шүтээн байдаг нь Кришна. Тэгэхээр Түүний дэргэд байгаа эмэгтэй хүүхэлдтэй гэгч нь Радха байж таарна. Тэдний өмнө байгаа хоол хүнс нь Шүтээнд өргөл болгон өргөх хоол бөгөөд өдөрт хэд хэдэн удаа өргөдөг. Ихэвчлэн өргөлийг мөнгөн эсвэл алтан тавган дээр, үгүй дээ л гэхэд хамгийн сүрлэг, гоёмсог харагдах цар тавганд өргөдөг ёстой.

Ведийн судар шаструудад батлахдаа, бид үнэнч бишрэлтэйгэр Бурханд хоол хүнсээ өргөх аваас Тэрээр түүнийг шууд хүлээн авдаг бөгөөд учир нь Түүний биеийн аль ч хэсэг Түүн шиг туйлын мөн чанартай. Тийм болохоор Тэр  хоол гүнцгийг заавал амаараа идэх юм уу амсах албагүй. Тэр зүгээр л түүнийг хараад эсвэл үнэрлээд хүртэн зооглох чадвартай! Бурхан хайр ба сүсэгтэйгээр өргөсөн өргөлийг хүлээн авмагцаа Тэр хоол гүнцгийг эргүүлээд Өөрийн хайр энэрлээр дүүргэдэг. Тийм болохоор тэр Түүний бурханлаг адислалыг хүртэн, Түүний энерги эрчмээр сэлбэгдсэн ажээ.

Тэгвэл энэ энерги эрчим нь бидэнд юу өгөх вэ? Ведийн шастирт энэ тухай юу гэж батласан байдаг вэ? Хэрэв хэн нэг нь энэ хоол хүнсийг амсах аваас тэр дараагийн амьдралдаа хүний төрөл авах нь баталгаатай болно. Тэр ч байтугай тэрээр урьд өмнө нь хийж байсан нүгэлт үйлийнхээ уршгаар илүү доод төрөлд унахаар ч байсан ч. Хэрэв энэ хоол хүнсийг нүгэл үгүй хүн хүртэх аваас түүний бишрэл сүсэг тун ихээр өсөн нэмэгдэх бөгөөд тэрээр бурханлаг танин мэдэхүйн замаар маш хурдан өгсөн дээшилж чаддаг. Хэрэв энэ хоол хүнсийг адгуус амьтад хүртэх аваас тэрээр адгуусны амьдралын ээлжлэн солигдох урт удаан замыг туулалгүй шууд л хүний биед төрөх бөгөөд өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг таньсан, өөрийг нь хүний амьдралын гол зорилго буюу Бурханы хайрлах хайранд хүргэж чадах тийм нэгэнтэй учрах боломжийг олж авдаг.

 

Жон Ричардсон “Үхнэ гэж хэзээ ч бүү хэл” номоос орчуулж сийрүүлсэн:

Балабхадра дас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB