spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Дхармаг даган биелүүлэхийн хүч Print E-mail
User Rating: / 2
PoorBest 
Даваа, 02 Луу сарын 2016
Нэгэн цагт Вишвамитра нэрт кшатриа-брахман(дайчны мөн чанартай бярман) жинхэнэ брахман болохын тулд бясалгал хийхээр Гималайг зорьжээ. Тэрээр Гималайн нилээд оргил хэсэгт хүрсэн ч доош буун нэгэн модны дор бадамлянхуа суудлаар суун бясалгаж эхлэв. Гэтэл тэрхүү модны дээгүүр нэгэн өрөвтас шувуу нисэн өнгөрч явснаа “бие засмаар” болж агуу йогчийн доор нь суусан модон дээр ирж суув. Өрөвтас түүний доор их йогч сууж байгаа гэдгийг хэрхэн мэдэх билээ. Тэрээр тэрхүү модон дээр суугаад Вишвамитра мунигийн яг л толгойн орой дээр буюу сахасрара-чакра дээр нь сангасаа унагаж орхиж. Вишвамитра мэргэн нүдээ нээсэн бөгөөд түүний уур омог дүрэлзэн шатав. Тэр хэдий брахманы хүчийг багагүй хураасан ч зүрх сэтгэл нь урьдын л янзаар дайчны хэвээр байсан юм. Тэрээр маш ихээр уурлан хөөрхий өрөвтас руу догшин харц илгээтэл түүний нүднээс цахилгаан гялсхийн цахилан гарав. Энэ бол түүний ид шидийн чадварын нэг байлаа. Хөөрхий тэр өрөвтасыг газарт ч унаж амжаагүй байхад үнсэн товрого болгов. Энэ бүхнийг ажиглан харсан хүн амьтан, сахиулсан тэнгэрүүд бүгдийнх нь зүрх сэтгэлийг айдас хүйдэс эзэмдэн авчээ.

Ингээд сахиулсан тэнгэрүүд  орчлонгийн гол удирдан залуурдагч Брахма тэнгэрт хүрэлцэн очсон байна. Тэд түүнд хандан: “Эрхэм Брахма минь ээ, та тэрхүү бясалгал хийгчийг тайвшруулж хайрла. Бид түүнээс тун их айж байна. Тэр гаригс ч бүтээн бий болгож чадах бөгөөд энэ орчлон доторхи эмх замбараагүй бүхэн түүнээс шалтгаалан үүсч байна ” гэв. Ингээд  Брахма тэнгэр Вишвамитра дээр очсон байна. Брахмыг түүний өмнө очихуйд Вишвамитра түүнээс: “Би одоо брахман болсон уу?” хэмээн асуужээ. “Тиймээ та брахман. Би таныг брахман хэмээн зарлаж байна. Брахманы гол чанар бол хүлцэнгүй байдал гэдгийг санаарай” гэхэд тэрээр –Гүйцээ, би одоо хүлцэнгүй болсон. Би хүлцэнгүй, хүлцэнгүй. Би хүлцэнгүй брахман хэмээн үглэсээр оджээ. Сэтгэл ханасан тэрээр өглөг хандив гуйхаар айлуудаар орж яваад нэгэн айлын хаалгыг тогшив. Гэрээс нэгэн эмэгтэй гарч ирэв. Тэрээр түүнээс:  “Хүндэт бүсгүй та хүлцэнгүй брахманд жаахан юм өгч болохсон болов уу?” хэмээн гуйжээ. Эмэгтэй түүн рүү харснаа: -Одоохон, брахман минь, одоохон, - хэмээн хэлэв.  Ингээд хаалга хаагдаж, брахман ч хаалганы гадна үлдлээ. Эмэгтэй вааранд будаа цуглуулан хийж эхлэв. Энэ үед нөхөр нь юм идэхийг хүсэж байгаа тухайгаа хэлэв. Эхнэр будаа түүх ажлаа орхиод ногоо арилгаж эхлэлээ. Хүлцэнгүй брахман хүлээсээр л. Нэг цаг өнгөрлөө, хоёр ч цаг өнгөрлөө. Тэр дотроо бодно: “Хичнээн л цаг бол хичнээн цаг хамаагүй зогсоно доо”. Түүнчлэн тэрээр: “Тэвчил хатуужил бол брахман хүний эд баялаг. Гэхдээ тэр эмэгтэй гарч ирдэг юм бол... хүлцэнгүй брахман хүнээр даажин хийсэн хүн яадгийг үзнэ дээ” хэмээн занаж байлаа.  Эмэгтэй ногоогоо арилгаж дуусаад чанаж эхлэв. Харин Вишвамитра энэ үес мөнөөхь өрөвтасын талаар бодож байлаа. Одоо энэ эмэгтэйг ч тийм хувь заяа хүлээж байгаа шүү хэмээн өөрийгөө тайвшруулна.

Бүсгүй нөхөртөө хоолыг нь аягалан өгсөн бөгөөд сэвүүр авч, түүнийг хооллох үеэр сэвүүрдэн өгч байлаа. Нөхөр нь хоолоо тун ч удаанаар идэх ажээ. Тэрээр нөхөртөө “Яаралгүй ид дээ, хонгор минь” хэмээн хэлнэ. Харин гадаа үүдэнд нь Вишвамитра хүлээсээр л. Нөхөр хоолоо идэж дууссан ба эмэгтэй сав суулга, аяга тавгийг нь цэвэрлэв. Тэр үнэхээр ведийн ёсоор хүмүүжсэн эмэгтэй байлаа. Хоолоо идэж дууссан нөхөр нь “Би унтлаа” гэв. Эхнэр ч түүний хэвтмэгц хөлөнд нь иллэг хийн суулаа. Энэ үес ялаа шумуул эргэлдэн унтахад нь саад хийгээд байсан тул тэрээр ялаа, шумуулыг нь үргээн хэсэг хугацааг өнгөрөөв. Бас дахиад л нэг, хоёр цаг өнгөрчээ. Вишвамитра тэнд зогссоор л байсан бөгөөд тэрээр гариг эрхсийг ч бүтээдэг агуу йогч билээ. Харин хэн нэг эмэгтэй түүнд тэгж хандаж байдаг!

Бүсгүйг холдон явтал нөхөр нь сэрчихэв. Бүсгүй нөхрөөсөө: “Хонгор минь, одоо би өөрийн ажлаа хийж болох уу?” хэмээн асууж. Нөхөр нь ч: “мэдээж, тэгэлгүй яахав” хэмээн хариулав.

Ингээд эмэгтэй нөгөө ваартай будаагаа аваад гудамжинд гарвал хэдийнээ харанхуй болсон байлаа. Үүдэнд нь Вишвамитра толгойгоо унжуулан хүлээн зогсох нь харагдав. Хаалга чахран дуугармагц тэрээр өөрийн биеийн хамаг дотоод хүчийг толгой өөдөө өгсүүлсэн бөгөөд эмэгтэйг түүн рүү өргөлөө өгвөл түүнийг нь авсангүй. Вишвамитра толгойгоо түүн рүү бөхийлгөн чиглүүлэв. Гэвч толгойноос нь ганц жаахан оч ч гарсангүй. Тэр хичнээн хичээгээд ямар ч амжилт олсонгүй. Вишвамитра хэд хэдэн удаа оролдон толгойн оройноосоо хүчит галаа гарган эмэгтэйг үнсэн товрого болгох гэж хичээсэн боловч бүх оролдлого нь талаар болов. Эмэгтэй түүнд хандан хэлэв: “Би таныг таних юм байна. Та чинь Вишвамитра мэргэн биз дээ?”. Тэр ч: “Тийм, тийм. Тэр чинь би байна” хэмээн яаран хариулав. “Би таны өрөвтас шувууг үнс болтол шатаахыг тань харсаан. Харин та энэ удаа намайг бас шатаахыг хүссэн бололтой. Гэвч энэ тань бүтсэнгүй.Би судар шастирт заасныг хатуу чанга даган баримталдаг. Миний ард Бурхан Өөрөө байдаг болохоор таны ямар ч чадвар  надад болон нөхөрт маань, гэр оронд маань нөлөөлж чадахгүй билээ. Та юу ч хийлээ гэсэн би өөрийн дхармагаар хамгаалагдсан. Би шашны зарчим дүрмийг хатуу баримталдаг. Миний хувьд эр нөхөр маань Бурханаас дээгүүрт тавигддаг. ..Та нэг зүйлийг мартсан бололтой. Дхарма ракшаси ракшати. Өөрт оногдсон үүрэг буюу дхармагаа сайн биелүүл, тэгвэл дхарма тань таныг хэзээ ямагт хамгаална. Та энэ ваартайг аваад Медина руу яв. Тэнд нэгэн хүлцэнгүй брахман амьдардаг юм. Түүнээс хэрхэн хүлцэнгүй байх аргад суралц ” хэмээн өгүүлэв. Вишвамитра ваартайг аваад дотроо: “Үнэхээр гайхалтай эмэгтэй ажээ. Тэр өөрийн дхармаг маш хатуу даган биелүүлдэг юм байна. Гайхамшигтай эхнэр  байна” хэмээн бодов. Тэгээд тэрээр: “Би танд мөргөхийг хүсэж байна. Та намайг  маш чухал зүйлд сургалаа. Өөрийн дхармагаа сайн биелүүлсэн нэгний өөдөөс хэн ч юу ч үл хийж чадах ажээ. Ингэж  та гэр бүлээ хамгаалдаг юм байна” хэмээн хэлээд Мединаг зорин одов. Зам зуурт тэрээр дхарма ракшаси ракшати буюу өөрийн дхармад санаа тавь, тэгвэл дхарма тань чамд санаа тавина хэмээх үгийг амандаа давтан хэлсээр явжээ. Шашин соёлыг хамгаал, тэгвэл шашин соёл таныг хамгаалах болно.

 

Лакшми Нараяна дас “Гэр бүлийн харилцаа” лекцээс

Орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB