spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Атаачийн дууль Print E-mail
User Rating: / 1
PoorBest 
Пүрэв, 07 Хонь сарын 2008
 
Айхтар хүчтэй буг чөтгөрт мөргөдөг

Атаархуу нэгэн хүн байжээ

Өндөр хэргэм, өмч баялагийг хүсч

Өргөл тахилга өргөдөг байжээ

Мөргөл өргөлд нь сэтгэл ханасан

Мөнөөх чөтгөр нүдэнд нь харагджээ

Итгэл зүтгэлд нь ихэж баярлаж

Ид шидээр илэрч харагджээ

Ертөнцийн хүлээсийг нь улмаа чангатгах

Ерөөл адислалаа хайрлав гэнээ.

Хөл дэхь дөнгийг нь улмаа чангатгах

Хүссэн адислалыг нь соёрхов гэнээ

Санасан болгоноо надаас гуйгтун

Саадгүй би биелүүлж өгнө

Өдөр шөнийн аль ч цагт

Үтэр түргэн биелэнэ гэвээ

Харин нэг болзол тавив

Хачин жигтэй нөхцөл байв

Хүссэн бүхэн нь хоёроор үржигдэж

Хөрш хархүүд оногдоно гэвээ

Яахав, яахав тэр болно гэж

Яаран сандран мань эр хариулав

Сайхан цэлгэр байшинтай л болъё гэж

Сандарч мэгдэн хүсэв гэнээ

Хүссэн чинь тохирсноороо болог гэж

Хүчтэй чөтгөр ерөөн шившив

Санасан чинь саадгүй бүтэг гэж

Сайхь чөтгөр адислав гэнээ

Томоос том цэлгэрээс цэлгэр

Тохилог байшин сүндэрлэв гэнээ

Хорвоод хосгүй гоёмсог байшин

Хормын дотор үзэгдэв гэнээ

Хажуу айлын хархүү гэтэл

Хачин гоё байшинтай болчихов

Өнгө үзэмж, үнэт чанараараа

Өнөөхь эрийнхээс илүү ажээ

Амьсгаа нь давхцаж уур нь хүрсэн

Атаач эрийн шар нь хөдлөв

Алив надад авдар дүүрэн

Алтан зоос хайрлаач гэвээ

Нэг авдар алтан зоос

Ирмэхийн зуурт бий болов

Эрдэнийн шаргал туяа нь

Энд тэндгүй цацрав

Хашаан дээрээ харайн гараад

Хажуу айлын хархүүг хартал

Хоёр авдартай алтан зоосыг

Хойд байшиндаа оруулж харагдав

Аргаа барж атаа нь хөдөлж

Хараал урсгаж, хажуудахаа чичиж

Хөрш хархүүг сайтар “чадах”

Хөнөөлт арга бодож эхлэв

Өдөр шөнөгүй бодов

Үдшийн бүрэнхийгээр зүүдлэв

Хэдэн өдөр шаналав

Хэнд ч хэлэхгүй бэгтрэв

Бодож бодож мань эр

Боломжийн нэг арга олов

Өөрт жаахан хэцүү ч гэлээ

Өрөөлийг харин сайн хашраах

Өөр хүн сэтгэж чадамгүй

Өөдгүй санааг сэдэв гэнээ

Мөргөдөг чөтгөрөө даруй дуудаж

Мөнөөхь хүслээ шивнэн хэлэв

Шууд одоо нэг нүдийг минь

Суга татаж өгөөч гэвээ

Урьд хожид сонсож байгаагүй

Учир битүүлэг гуйлтыг сонсоод

Хөөрхий чөтгөр хөшин гайхсан ч

Хүссэн болгоныг нь ёсоор болгов

Хоосон болсон нүдээ дараад

Хормын зуурт гадаа гарав

Хөрш хүнээ яасныг харахаар

Хөлийн хурдаар гэрт нь оров

Хоёр нүд нь оргүй болсон

Хорвоог харах азгүй болсон

Айлын хархүү уйлан суув гэнэ

Амьтан хүн бужигнан байв гэнэ

Баяр жаргалдаа бахардаж ядсан

Балмад атаач хөөрөн хашгирав

Ганц болсон нүдээ аниад

Гараа өргөн бүжив гэнээ

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB