spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

“УС ЗӨӨДӨГ САГС” Print E-mail
User Rating: / 2
PoorBest 
Баасан, 02 Бар сарын 2018

Настай тариачин эр уулын мухарт, бяцхан ач хүүгийн хамт амьдрах ажгуу. Өглөө бүр өвөө нь эртлэн босч, гал тогооныхоо ширээний ард суун, Бхагавад-Гитаг уншина. Ач хүү нь ч өвөөгөө чадахаараа дуурайхыг хичээнэ.

Нэгэн удаа ач нь өвөөгөөсөө: “Өвөө! Би Бхагавад-гитаг яг л тан шиг уншихыг хичээдэг ч бараг юу ч ойлгодоггүй. Ойлгосон жаахан зүйлээ номоо хаамагц мартчихдаг. Бхагавад-гитаг ингэж уншсаны ач тус гэж байна уу?” хэмээн асуужээ.

Өвөө нь яаралгүйхэн пийшиндээ нүүрс хийгээд жаалхүү рүү эргэн: “Май, энэ сагсыг аваад гол руу явж ус аваад ир” гэжээ.

Жаалхүү ч өвөөгийнхөө хэлснээр ус авахаар явсан ч сагсанд хийсэн ус  гэртээ харихаас нь өмнө асгарч орхижээ. Өвөө нь инээмсэглэн: “Дахиад явахдаа арай хурдан явах хэрэгтэй шүү” гэв. Ач хүү ч дахин оролдоод үзэхээр гол руу харайлгажээ.

Энэ удаа жаал байдаг хурдаараа гүйсэн ч сагс дахиад л гэртээ хүрэхээс нь өмнө хоосорч орхив гэнэ. Тэрээр амьсгаадан байж, өвөөдөө, сагсаар ус авна гэдэг боломжгүй юм байна гээд хувин авч гол руу гүйжээ. Өвөө нь: “Надад хувингаар авч ирсэн ус хэрэггүй. Надад энэ сагсаар авсан ус л хэрэгтэй. Чи хангалттай хичээхгүй л байна даа” гэж гэнэ. Тэгээд өөрөө жаалхүүгийн ээлжит оролдлогыг харахаар гадагш гарав. .. Жаалхүү сагсаа усаар дүүргээд байдаг хурдаараа эргэн гүйлээ. Гэвч өвөө дээрээ хүрэхийн өмнөхөн сагс нь мөн л хоосорч орхив. Хүндээр амьсгаадан байж  жаалхүү: “За та харав уу, өвөө. Ингэж зөөх нь ямар ч ашиггүй байгаа биз!” гэв.

“Чи энэ нь үнэхээр ашиггүй гэж бодож байна уу?”  гэж өвгөн өгүүлээд “Сагсаа сайн хар даа” гэж гэнэ. Жаалхүү сагс руугаа хараад сагс нь өмнөхөөсөө огт өөр болсон байхыг шуудхан анзаарав. Нүүрс зөөдөг хуучин, бохир сагс нь дотор талаасаа ч, гадна талаасаа ч туйлын цэвэр тунгалаг болсон байлаа.

“Хүү минь, Бхагавад-Гитаг уншихад ийм л зүйл болдог юм даа. Чи магадгүй бүгдийг нь ойлгохгүй эсвэл бүгдийг нь тогтоохгүй байж болох  юм. Гэвч  түүнийг уншиж байх үед чи дотроосоо болон гаднаасаа  өөрчлөгдөж байдаг. Ингэж л Кришна, бидний амьдралд илэрдэг юм даа” гэж өвөө нь хэлжээ.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB