spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

“ЧАИТАНЬЯГИЙН АМЬД ХУВИЛГААН” Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Ням, 24 Могой сарын 2018
Шачинандана дас (Шрутидхар): Надад жаран таван настай нэгэн найз байдаг билээ. Тэрээр өмнө нь “Таймс  оф Индиа” сонины ахлах сурвалжлагчаар ажиллаж байсан юм. Түүнийг Орисст ирэх үед тусгайлан машин гаргаж, түүнийг энд тэнд явахад нь даган явах албаны хүн ч гаргаж өгч байсан билээ. Тэр сурвалжлагч найз маань тэнд ирснийхээ дараа надаас Шрила Прабхупадатай уулзуулж өгөөч хэмээн хүссэн юм. Ингээд би түүнийг Шрила Прабхупадын буудалласан шавар оромжинд дагуулан аваачив. Тэр үед Шрила Прабхупада өөрийн хэдэн шавь нартай ярилцаж суусан ба бид ч тэдний яриаг сонсохоор суулаа. Прабхупада, Чаитанья Махапрабхугийн сургаал зааврыг түгээхээр АНУ-д ирсний дараа эхэн үед учирч байсан томоохон хүндрэл бэрхшээлүүдийнхээ талаар ярьж байлаа. Тэрээр, америкчууд зөвхөн мэдрэхүйн зугаа цэнгэлд л итгэдэг, хэрвээ хэн нэг нь илүү тансгаар цэнгэж чадах юм бол үүнийгээ амжилтын шинж гэж тооцдог хэмээн ярьж байсан юм. “Ийм хүмүүст хэрхэн яаж Кришна ухамсрыг хүлээн авах итгэл үнэмшлийг төрүүлэх вэ?  гэж л би бодож байлаа” хэмээн Шрила Прабхупада ярьж байв.

Тэгснээ Шрила Прабхупада, шавь нарынхаа нэгийг “Чаитанья-чаритамрита” номыг авч ирэхийг хүсэв. Би, “Чаитанья-чаритамрита” болон тухайн үеийн АНУ-н Кришна ухамсрыг хүлээн авах байр суурь ямар холбоотой болохыг ойлгох гээд чадсангүй. Энэ хооронд шавь нь “Чаитанья-чаритамритаг” авч ирээд уншигтун гэсэн шүлэг ба тайлбарыг уншив. Энэ зуур би мөнөөхь найз сэтгүүлчийнхээ царайнд тун ч гайхсан шинж илрэхийг ажигласан юм. Тэрээр Шрила Прабхупадад асуулт тавихаар гараа өргөхөөр оролдсон ч энэ үед Прабхупада надад хандаж: “Шрутидхар, “Бхагавад-гитаг” авч ирээд тэр шүлгийг тайлбарынх нь хамт унш” гэв. Би ч хэлсэн ёсоор нь уншлаа. Удалгүй сэтгүүлч найз маань явах боллоо хэмээн дохилоо. Ингээд бид Шрила Прабхупадад мөргөж хүндэтгэлээ илэрхийлээд овоохойгоос гарав. Машин руугаа дөхөж явснаа сэтгүүлч найз маань гэнэт намайг тэврэв. Бараг л хавирга хугалчих шахам хүчтэй тэвэрсэн гээд бод доо. Би юу болсон талаар түүнээс гайхан асуувал тэрээр “Баярлалаа, Шрутидхара! Чиний ачаар би жинхэнэ амьд Чаитаньятай уулзаж чадлаа”  хэмээв.

“Энэ чинь юу гэсэн үг вэ?”.

“Би хорин таван настай байлаа. Эрдмийн цол зэрэг дөнгөж аваад байсан тэр үед миний сэтгэлд нэгэн нилээд нухацтай гүн ухааны асуулт  төрсөн юм. Би энэ асуултынхаа хариуг олох гэж мөн ч их аялсан даа. Би Римийн паптай, Ватиканы хамбууд, Меккегийн гурван гол мулла нартай уулзаж байлаа. Түүнчлэн би Сатья-Саи Баба, Чинмайянанда Сарасвати, Свами Шивананда, гүн ухаантан Бертран Рассел болон өөр олон олон хүмүүстэй уулзан учирч байсан ч тэдний хариултууд миний сэтгэлд ердөө хүрэхгүй байсан юм. Би Шрила Прабхупадын, Баруунд амжилттай номлож байгаа тухай дуулаад, хэрвээ хэзээ нэг өдөр би түүнтэй уулзах юм бол энэ асуултаа тавина даа хэмээн бодож байлаа. Тэгээд лекц явагдаж байх тэр үеэр Прабхупадад мөнөөх асуултаа тавихаар тохиромжтой цагийг хүлээн сууж байсан юм. Тэгтэл тэрээр шавьдаа “Чаитанья-чаритамритаг” авч ирээд уншихыг даалгасан. Тэр үед гэнэт би өөрийн нөгөө асуултынхаа хариуг тэндээс олж сонсдог байна шүү. Гэвч дараа нь надад дахиад өөр нэгэн эргэлзээ төрлөө. Гэвч тэрхэн даруйд Прабхупада өөрийг тань Гитагийн шүлэг, тайлбарыг унш гэсэн шүү дээ. Тэгмэгц би дахиад л тэр эргэлзээнийхээ хариултыг олж сонссон юм. Эргэлзээ маань ч хийсэн одсон. Тэр миний зүрхэнд болж буй бүхнийг үнэхээрийн мэдэж байсан! Сүүлийн дөчин жилийн турш би энэ асуултын хариултыг хайсаар ирсэн! Чиний Прабхупада үнэхээрийн Чаитаньягийн амьд хувилгаан юм байна” хэмээсэн билээ.

 

Мадхаванда Дас “Аз хийморь тан руу мишээх цагт” номоос  (When good fortune arises)

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB