spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

КАЛИ –ЭРИНИЙ ТУХАЙ ЗӨГНӨЛ- 1 Print E-mail
User Rating: / 1
PoorBest 
Лхагва, 22 Хонь сарын 2018

Шримад-Бхагаватам нь таван мянган жилийн өмнө буюу Кали-юга эхлэхийн өмнөхөн бичигдсэн. Түүнд айлдагдсан зүйлсээс нилээд олон нь одоо ирээдүйд болох ёстой. Ийм учраас бид Шримад-Бхагаватамыг шастир гэж үздэг. Шастирыг туурвигч нь  заавал, өнгөрсөн, одоо, ирээдүйг дүрслэн хэлэх чадвартай ангижирсан бодгаль байх ёстой.

Шримад-Бхагаватамд олон зүйлийн талаар зөгнөн айлдсан. Жишээ нь Бурхан Буддагийн морилон ирэх тухай, Калки Бурханы залран ирэх тухай болон мөн Бурхан Чаитаньягийн айлчлан ирэх тухай өгүүлсэн байдаг...

Энэ шүлгэнд Шукадева Госвами манай эрин цагийн шинж тэмдгүүдийг дүрслэн өгүүлжээ. Тэрээр, таташ чанудинам буюу энэ эрин цаг (Кали юга) өрнөн дэлгэрэхийн хирээр, дхарма (шашны зарчмууд), сатйам(үнэнч шударга байдал), шаучам(цэвэр ариун байдал), кшама(бүгдийг уучлан өршөөх чанар), дайа(энэрэл нигүүлсэл), аюух(насны хэмжээ), балам(хүч чадал), смрити(ой ухаан) - энэ бүхэн багасан буурах бөгөөд эцэстээ бараг юу ч үгүй болно хэмээсэн.

Шримад-Бхагаватамд дурдагдсан өөр нэгэн шинж тэмдэг нь смрити буюу ой санамж муудах. Өнөө цагт бид хүмүүсийн ой санамж тийм ч сайнгүй болохыг өдөр тутамдаа харсаар буй. Тэд маш хурдан бүгдийг мартдаг. Тэр ч байтугай өдөр бүр сонсож байдаг зүйлээ ч мартдаг. Үүний зэрэгцээ хүмүүс биеийн хүчээ (бала) алдаж байна. Энэ бол хэнд ч тийм шинэ содон зүйл биш. Таны эцэг, таны өвөг дээдэс танаас хавьгүй эрүүл чийрэг, хүч чадалтай байсан гэдгийг та мэднэ. Ийнхүү биеийн хүч нь буурч, ой санамж нь муудаж, нас нь богиносох гэх мэтийг бүгдийг нь “Шримад-Бхагаватамд” зөгнөн хэлсэн.

Кали-югийн өөр нэгэн шинж тэмдэг бол шашин номын уналт юм. Чухам үнэндээ энэ эринд шашны талаар нухацтай ярих аргагүй. Тэр бараг байхгүйтэй адил. Хэн ч шашин номыг сонирхдоггүй. Сүм хийдүүд нь хаалгаа хааж, үүдэнд цоож зүүлттэй байдаг болсон. Бидний одоо байгаа энэ байгууламжид нэгэн цагт хийд байсан авч хүмүүс ийшээ ирэхээ больсон болохоор энэ байгууламжийг худалдсан билээ. Бид Австралид мөн нилээд том хийдийг худалдаж авсан. Лондонд би зуу зуун хүн орохоо больсон хоосон сүм хийдүүдийг харж байсан. Дан ганц хийдүүд төдийгүй сүмүүд ч мөн адил. Энэтхэгт хүмүүс, цөөн хэдэн том сүмүүдээр л ордог бөгөөд харин жирийн жижгэвтэр сүмүүд нь хүнгүй хоосон болсон. Тэр сүмүүд нь нохой орогнодог газрууд л болж хувирсан. Тэгэхээр үнэхээр л дхарма буюу шашин номын байдал уналтад орж буй...

Кали эриний шинж тэмдгүүдийн дунд ийм нэгэн шинж тэмдэг бий: виттам эва калау нринам жанмачара-гунодаях  буюу “Кали эринд хүмүүний давуу тал, нийгэмд эзлэх байр сууринх нь хэмжүүр түүний эд баялаг болох болно” (Шримад-Бхагаватам 12.2.2). Урьд өмнөх цаг үеүдэд хэн нэг хүний байр суурийг түүний бурханлаг хөгжлийн түвшингээр тодорхойлдог байсан. Жишээ нь, брахман хүнийг тэрээр Брахманыг танин мэдсэнийх нь төлөө буюу өөрөөр хэлбэл Дээд Сүнсийг танин ухамсарласных нь төлөө хүндэлдэг байсан. Гэвч Кали югад брахман нь мөн чанартаа үгүй болох бөгөөд хэн нэгнийг жанма буюу  брахманы удамд төрснөөр нь брахман гэж нэрлэх болсон. Удам судраар нь нэрлэх ёс аль эртнээс байсан ч хүмүүнийг юуны түрүүнд шинж чанар, байдлаар нь дүгнэн тодорхойлдог байсан...

  Кали эриний өөр нэгэн шинж тэмдэг нь гэвэл дхарма-ньяя-вявастхаям каранам балам эва хи буюу “Шашны зарчмууд хийгээд шударга үнэн байдлыг хэн хүчтэй нь тодорхойлдог болно” (Шримад-Бхагаватам 12.2.2) хэмээсэн. Хэрэв та нөлөө бүхий нэгэн бол бүх зүйл таны талд шийдэгдэх болно. Та дүүрсэн бурхангүй үзэлтэн байж болох ч хэрэв та лам хуврагыг худалдан авч чадвал тэр таныг сүсэг бишрэлтэйг нотлон тунхаглах болно. Ийнхүү нэр төр, алдар гавьяа тухайн хүний жинхэнэ шинж чанаруудаар биш харин мөнгөөр тодорхойлогддог болох болно. Цааш нь айлдахдаа, дам-патйе ‘бхиручир хетур маяива вявахарике буюу “Гэрлэлт гэр бүл бололт нь түрхэн зуурын татагдлын үндсэн дээр зохиогддог болох ба ажил бизнестээ амжилт гаргахын тулд заавал хууран мэхлэх шаардлагатай болно” (Шримад-Бхагаватам 12.2.3) хэмээжээ. Эхнэр нөхрийн хоорондох харьцаа абхиручи буюу харилцан таалагдалтаас хамаарах болно. Охид, залуус нэг нэгэндээ таалагдмагц тэд: “Бид яагаад гэрлэж болохгүй гэж?” хэмээн бодоцгоодог. Тэр залуусын ирээдүй ямар байхыг хэн ч бодолцдоггүй. Тийм учраас тэдний аз жаргал маш түргэнээр төгсгөл болдог. Дөнгөж гэрлээд зургаан сар болоод л салдаг. ..

   Урьд нь Энэтхэгт, үгүйдээ л намайг залуухан байхад, гэрлэлтийг охид, залуусыг нэг нэгэндээ таалагдсанаар нь зохиодоггүй байлаа. Үгүй. Гэрлэлтийг эцэг, эх нь шийддэг байсан. Би оюутан байхдаа гэрлэсэн. Гэхдээ би эхнэрээ өөрөө сонгоогүй. Бүгдийг эцэг, эх маань шийдсэн.. Өмнө нь Энэтхэгт зурхайн зурлагыг тооцоололгүйгээр нэг ч гэрлэлт болдоггүй байсан. Учир нь бэр ба хүргэний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэдсэнээр тэд ирээдүйд хамтын амьдралдаа аз жаргалтай байж чадах эсэхийг тодорхойлдог байсан. Гэр бүл тийм байдлаар зохиогдож, дээр нь ёслол зан үйлээр ариутгагдсан цагт эхнэр, нөхөр хамтдаа эв найртай амьдарч, бурханлаг практикаар хичээллэцгээх боломжтой болно. Тэгээд тэд эцэстээ гэр рүүгээ буюу Бурхан зүгт буцаж чадна. Гэрлэлт ингэж л зохиогдох ёстой.

Бурханы Адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

“Өөрийн дотоод руу аялахуй” номоос орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

 

 

 
Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB