БУРХАНЫ ӨРШӨӨЛТ А.Ч.БХАКТИВАЙБХАВА СВАМИ
Пүрэв, 07 Хонь сарын 2008

DSC00006.JPGБидний хайрт номын багш Шрила Бхактивайбхава Свами 1952 гуравдугаар сарын 28-нд Латвийн Рига хотноо мэндэлжээ. Тэрээр хүүхэд ахуй нас болон залуу насаа Германы Гамбург хотноо өнгөрөөсөн байна. Гамбург нь 60-аад оны сүүлчээр Кришнагийн Ухамсрын Олон Улсын Нийгэмлэг/ИСККОН/-ийн Герман дахь цорын ганц сүм нээгдэж байсан анхны хот юм. Тэнд л анх тэрээр чин бишрэлтэнгүүдтэй учирч байжээ.

Тэдний хэн нэг нь гудамжинд түүнд Шрила Прабхупадагийн лекц бүхий(тэр үед герман хэл дээр номууд хараахан хэвлэгдэн гараагүй байв) хуудсыг өгсөн байна. 

Лекцэнд варнашрама-дхармын талаар үл ойлгогдох ямар нэгэн зүйл өгүүлсэн байлаа. Тэр хуудас нь янз бүрийн санскрит нэр томъёогоор дүүрэн байсан ба түүн доторхи нэг мөр түүнийг гүн цочролд оруулжээ. Шрила Прабхупада лекцийнхээ төгсгөлд: "Кришнагийн ухамсар нь бидний бүхий л ахуйг ариусгах тийм гайхамшигтай зүйл юм" гэсэн байв. Хожим хойно Бхактивайбхава Свами энэ тухайгаа, тэр үед мянган жил бүгчимдэн бачуурч байгаад арай гэж агаар амьсгалсантай адил байлаа гэсэн байдаг.

1970 оны хавар нэгэн хиппийн бүлгэмийн гишүүн байхдаа тэрээр « С ruinthens» хамтлагийн концертыг үзжээ. Тэр хамтлаг тайзан дээр Харе Кришна маха мантраг дуулж байв. Мантранд маш их дур сонирхол татагдсан тэрээр хамтлагийн ахлагчаас Америкд тэд Харе Кришнагийн хөдөлгөөнд нэгдэн орсон тухай болон Германд мөн Кришнагийн ухамсрын нэг сүм байдаг тухай дуулж мэдсэн байна. Энэ нь Махаражийн амьдарч байсан тэр хот буюу Гамбург байсан юм. Ингээд тэрээр хагас сайн өдөр сүмд анх удаа очсон бөгөөд бүтэн сайн өдөр бүтэн сайны программд оролцоод нэг дэх өдөр гэхэд өөрийн эд хогшилтойгоо сүмд нүүн ирсэн юм. Ингээд хоёр дахь өдөр гэхэд үсээ хусуулсан ба гурав дахь өдөр гэхэд хэдийнээ харинамад(гудамжинд олуулаа маха-мантра дуулах) оролцож байв. Ийнхүү түүний Кришнагийн ухамсрын зам мөр эхэлсэн юм.

Эхний нэг жил Бхактивайбхава Свами бусад чин бишрэлтэнгүүдийн хамтаар өдөр бүр харинама хийхээр гудамжинд гардаг байв. Энэ нь өдөрт зургаан цаг үргэлжилдэг байжээ. Ингээд жилийн дараагаар тэрээр Кришнагийн ухамсрын төв нээхээр Берлин хотыг зорьсон байна. Түүнээс хойш мөн жилийн дараагаар Гамбург хотноо эргэн ирж "Бурхан зүгт буцахуй" сэтгүүлийг герман хэл дээр орчуулах болов. Хагас жилийн дараагаар Шрила Прабхупадагаас шавийн ёсны сахил хүртжээ. Шрила Прабхупада захидлаар түүнд сахил хүртээсэн ба Авинас Чандра буюу Кришна-Мөхөшгүй Саран хэмээх нэрийг хайрласан байна.

Шрила Прабхупадагаас түүний номуудыг тараан түгээх үүрэг аваад Авинас Чандра Дас санкиртан буюу гудамжинд олуулаа хамтран маха-мантра дуулах болсон байна. 1980-аад оны үесд тэрээр Ойрхи Дорнодын мусульман шашинтай улс орнуудад номлол хийж, номоо тараадаг байжээ. Тэр үед мусульман болон христийн шашинтнуудын хооронд үргэлжилсэн тулалдаан тэмцэл өрнөж байв. Чухамхүү ийм нөхцөл байдал дунд Ливанд иргэний дайны гал дүрэлзэн байх тэр үед Кришнагийн ухамсрыг түгээн сурталчилж байсан юм.

1991 онд тэрээр саннъясын сахил хүртсэн бөгөөд ингэснээр шавь авах болж шинэ статусаар номлол үйлдэх болжээ. Одоо Шрила Бхактивайбхава Свами ИСККОН-ы сахил хүртээгч гуру(номын багш), Жи-Би-Си буюу ИСККОН-ы удирдах зөвлөлийн гишүүн, ИСККОН-ы өмнө тулгарсан янз бзрийн асуудлыг шийдвэрлэхэд оролцох хариуцлагатай гишүүдийн нэг юм. Тэрээр бүх дэлхийгээр аялан Герман, Чех, Словак, Югослав, Орос, Украин, Молдав, Балтийн тэнгис орчмын улсуудад Кришнагийн ухамсрыг номлох болжээ.

2002 оноос А.Ч.Бхактивайбхава Свами Монгол орноо айлчлан ирсэн бөгөөд түүнээс хойш жил бүр тасралтгүйгээр айлчлан ирж Кришнагийн ухамсрын номлол сургаалаа айлдсаар байгаа билээ. Үүний үр дүнд Монголын анхны сахил хүртсэн чин бишрэлтэнгүүд төрөн гарсан юм. Бурханы Өршөөлт А.Ч.Бхактивайбхава Свамигаас 2003 онд Н.Батсайхан анхны сахил хүртэж Чандрабхавана дас хэмээх номын нэр авсан бөгөөд 2004 онд Б.Болдсүх, Алтанхуяг нар тус тус сахил хүртэж Балабхадра дас, Абхиманью дас нэрүүдийг авсан байна. Сахил хүртэх үеийн ёслол, галан тахилга зэргийн зургийг Галерей булангаас үзнэ үү.