Нрисимха мантрын хүч
Мягмар, 09 Хонь сарын 2011
Nrasimha Ki Jay

   ... Чин бишрэлтэнгүүдэд хамгаалалт хэрэгтэй. Учир нь гэвэл энэ ертөнц дайсагнасан сүнсүүдээр дүүрэн билээ. Брахмагаас эхлээд адгийн доод шоргоолж хүртэл Бурханаас үл хамааралтай байхыг хүсдэг. Ийм учраас Кришнагийн ухамсрыг номлоно гэдэг тийм ч амар бус. Нэгэн удаа Парижид бид гудамжны харинам хийчихээд буцаж ирээд байтал Шрила Прабхупада биднийг өрөөндөө дуудав.

Тэрээр бидний гудамжинд хийж байгаа номлолын тухай асуусан бөгөөд би нэгэн эмэгтэй бидний группыг их эсэргүүцэж байсан ба чихээ хоёр гараараа таглаж байсныг хэлэв. Шрила Прабхупада энэ үед намайг ямар үйлдэл хийснийг асуухад нь би ямар ч онцгой үйлдэл хийгээгүй гэдгээ хэлсэн. Тэрээр инээж, түүний гарыг нь чихэн дээрээс нь аваад чих рүү нь чангаар ариун нэрийг дуулах хэрэгтэй байсан юм гэв. Тэгээд өнөөдрийн санкиртан их амаргүй хүнд байлаа гэж намайг хэлэхэд  Шрила Прабхупада урагш тонгойж ирээд: “Харин би хэзээ нэгэнтээ номлол хийх нь амархан гэж хэлсэн билүү?” гэж их нухацтайгаар асууж билээ. 

    Номлогч хүн гарцаа байхгүй эсэргүүцэлтэй тулгарна. Саяхан даа, нэг чин бишрэлтэн “Хэрвээ эсэргүүцэл байхгүй бол энэ нь номлол биш” гэсэн үг юм гэж тэмдэглэн хэлж байсан. Өөрийн чин бишрэлтнүүдээ халдлага дайралт зэргээс хамгаалахын тулд Кришна Бурхан Нрисимхадева буюу хагас хүн, хагас арслан дүрээр илрэн заларсан билээ. 1983 онд би Нрисимхадева Бурханы бас нэгэн адислалыг хүртэх аз тохиосон юм. Майапурын фестиваль дээр над дээр нэгэн чин бишрэлтэн ирээд, Гаудия-матхын санньяси Шрила Бхакти Прамод Пури Махараджа удахгүй энэ ертөнцийг орхихоор зэхэж байгаа бөгөөд ийм учраас хэн нэг санньяси хүнд нууцлаг Нрисимха-мантраг өгөхийг хүссэн байжээ. Тэрээр энэхүү чин бишрэлтнээс ИСККОНы санньяси нараас энэ мантраг хүлээн авахыг хүсэж болох хэн нэг санньясиг мэдэх эсэхийг асуусан байв. Би ч тэр чин бишрэлтэнд мэдээж хэрэг эргэлзэх юмгүйгээр би энэ мантраг хүлээн авахыг хүсэж байгаагаа хэллээ. Ингээд Джи-Би-Сигийн удирдах зөвлөлийн гишүүдээс зөвшөөрөл аваад Пури Махараджийн ашрамыг зүглэв. Би түүнээс энэ мантра ямар утга учиртай тухай асуухад Пури Махараджа, нэгэн удаа Шрила Бхактивинода Тхакур Бенгалид номлол хийж байхдаа хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан байдаг хэмээн хариулсан юм. Тэр шөнө нь түүний зүүдэнд Бурхан Нрисимхадева залран ирээд түүнд энэхүү онцгой мантраг хайрлажээ. Олон жилийн дараагаар Бхактивинода Тхакур өөрийн хүү Бимал Прасадад(хожмоо Шрила Бхактисиддханта Сарасвати Тхакур болсон) энэ мантраг өгсөн байна. Шрила Бхактисиддханта Сарасвати Тхакур энэ мантраг өөрийн хамгийн гаргуун сайн гэсэн арван шавь санньяси нартаа дамжуулж өгсөн байдаг. Пури Махараджатай намайг уулзах тэр үед тэрээр тэр арваас амьд үлдсэн цорын ганц нь байсан юм.

     Би ч энэ мантраг түүнээс гуйсан ба багашиг зан үйл үйлдсэний дараагаар тэрээр түүнийг миний чихэнд энэ мантраг шивнэсэн билээ. Би Пури Махараджаас энэ мантраг унших нь ямар ач тустай тухай асуухад тэр:

-         Энэ мантраг чамайг үхлээс хамгаалах болно! Гэж хариулсан юм.

Бас би Махараджаас энэ мантраг хэн нэгэнд дамжуулах эрх байгаа эсэхийг асуухад тэрээр зөөлнөөр намайг зэмлэж: “Болно. Гэхдээ чи өөрийгөө онцгой гэж бүү бод!” гэж билээ. Би энэ мантраг өдөр бүр давтан уншдаг бөгөөд харин түүнээс аврал эрж гурван удаа дуудсан юм. Боснийн дайны дараагаар 1996 оны дөрвөн сард чин бишрэлтнүүдийн том бүлэг Сараевын гудамжинд дуулж байлаа. Бөмбөгдөлтөөс болж район тэр чигээрээ эмх замбараагүй байдалд автсан байв. Хүмүүс дайны дараахь үеийн шокноосоо гараагүй  байсан үе. Тиймээс эндээс харахад бид гудамжинд дуулж бүжиглэх нэг их тохиромжтой үеийг олоогүй нь харагдах байх. Дээрээс нь бид тэр хотын хамгийн том сүмийн хажууд дуулж байлаа. Энэ бол баасан гариг байсан бөгөөд мусульман шашинтнуудын мөргөлийн өдөр байв. Бараг л тэр даруйд сүмээс саяхан цэрэг байсан олон тооны итгэгчид гүйн гарч ирээд бидэн рүү дайрлаа. Дайран ирж буй хүмүүсийг хараад би аяархнаар Нрисимха-мантраг уншив. Хэдийгээр бид амар биш тулаанд орсон ба мөн олон чин бишрэлтнүүд хүнд шархадсан(тэдний дотор гурав нь хутганы хүнд шарх авсан) боловч би шархдалгүй гарсан юм.

     Хэдэн жилийн дараа би Хорватын Сплитэд далайн усанд орж байлаа. Гэнэт аймшигт хүчтэй шуурга дэгдэж, асар том давалгаа үүсэв. Тэр давалгаа намайг далай тийш авч одохоор хүчтэй шууран ирж байлаа. Би тэр даруй Нрисимха-мантраг уншиж амжсан бөгөөд тэгмэгц далайн долгион намайг хэрэгтэй зүг тийш хөтлөж, эцсийн эцэст би эрэгт хүрч чадсан билээ.

     Гурав дахь удаагаа би мантраг хоёр жилийн өмнө дуудсан. Нэгэн орой манай Польшид аялаж явсан манай баг руу мулзан толгойтнууд дайрсан юм. Тэд бидний байрлаж байсн талбайгаас холгүй орших нэг их өндөргүй байшингийн дээвэр дээр гараад бидэн рүү “Молотовын коктейль”(бензинээр дүүргэсэн, өөрөө асагчтай шилэн сав) шидэлж эхлэв. Тэр шил савнууд газарт бууж эхлэх үед би Нрисимха-мантрагаа давтан дуудсан ба удалгүй мулзан толгойтнууд биднийг орхиж явсан юм. Бурхан Нрисимхын өршөөлөөр бидний хэн нь ч шархдаагүй бөгөөд бидэнд учруулсан эд материалын хохирол байж болох хамгийн бага хэмжээнд байсан билээ...

 

этад вапуш те бхагаван

дхьяятах параматманах

сарвато гопир сантрасан

мритьюр апи джигхамсатах

 

  Бурханы Дээд Бодгаль, Эрхэм Бурхан минь ээ, Та Дээд Сүнс билээ. Та бээр Таны трансцендент биеийг бясалган байх хэнийг ч болов айдас хүйдсүүдийн бүхий л үндсээс, тэр ч байтугай үхлийн тэр аймшигт айдсаас ч хамгаалдаг билээ. (Шримад-Бхагаватам, 7.10.29).

.... Бурханы Дээд Бодгаль, Эрхэм Бурхан минь ээ, Та Дээд Сүнс билээ. Та бээр Таны трансцендент биеийг бясалган байх хэнийг ч болов айдас хүйдсүүдийн бүхий л үндсээс, тэр ч байтугай үхлийн тэр аймшигт айдсаас ч хамгаалдаг билээ. (Шримад-Бхагаватам, 7.10.29).

    Бурханы Адислалт А.Ч.Бхактиведанта Свамигийн тайлбар:

 “Үхэл хэнбэгуайн ч хувьд зайлшгүй учрах зүйл. Хэн ч түүний савраас мултран гарах чадалгүй. Учир нь тэр бол Бурханы Дээд Бодгалийн нэгэн дүр юм. Гэвч бишрэлтэн хүн үхлийн хатуу зарлиг болох богино наслахаас ч мултран ангижирч чадна. Чин бишрэлтэн хүний насны хэмжээ Бүхний Дээд Бурханы адис өршөөлөөр сунгагдах боломжтой байдаг. Яагаад гэвэл Тэр бишрэлтнийхээ кармын үр дагаврыг устган шатааж чадах ба Бурханы учир шалтгаангүй өршөөл адислалаар чин бишрэлтэн нь түүнд ноогдуулан заагдсан үхлээс ч мултран гарч болдог”.

 

 

    Хэрмэл номлогчийн өдрийн тэмдэглэл номын

2р дэвтрээс орчуулж бэлтгэсэн:

Балабхадра дас