ЦАГААН ХООЛ ИДЭХИЙН УТГА УЧИР (Эдийн засгийн талаасаа)
Лхагва, 21 Могой сарын 2017

Хүмүүс гол хэрэглээ болсон мах болон үр тариагаа гарган авахын тулд мал сүргийг өсгөж үржүүлдэг. АНУ-ын ХАА н яамны мэдээлснээр Америк улсын үйлдвэрлэж буй нийт үр тарианы 90 орчим хувийг тэжээмэл амьтад болох гахай, үхэр, хонь, тахиа гэх мэтийн тэжээлд зарцуулдаг ажээ. Мах гарган авахын тулд үр тариаг ашиглах нь дэндүү ухаалаг бус алхам юм. АНУын ХААн яамны нотлож байгаагаар, нэг килограмм мах гарган авахын тулд 16 килограмм үр тариагаар мал сүргээ тэжээдэг гэжээ.

Баян чинээлэг улс орнууд мал сүргээ үр тариагаар тэжээдэг төдийгүй, ядуу буурай улс орнуудаас худалдан авдаг уургаар баялаг бүтээгдэхүүнээр тэжээдэг аж. Хоол хүнс тараах газар зүйн мэргэжилтэн Георг Боргстрём, африкийн газрын самарны(газрын самар нь уургийн агууламжаараа махнаас дутдаггүй) гуравны нэгийг Баруун Европын мал сүрэг болон шувуудын тэжээл болгон ашигладаг гэсэн байна.
Ядуу буурай хөгжилтэй орнуудад хүн жилд дунджаар 200 кг орчим үр тариа хэрэглэдэг ба түүний дийлэнхи нь хоол хүнсэнд агуулагддаг бол хоол хүнсний мэргэжилтэн Лестер Брауны үзэж байгаагаар дундаж европ, америк хүн жилдээ 1000 орчим кг үр тарианы бүтээгдэхүүн хэрэглэдгээс 90 орчим хувь нь малын тэжээлд зарцуулагддаг гэжээ.
Ийм мэт баримтууд нь дэлхий дээрхи өлсгөлөнгийн асуудал бол хиймлээр бий болсон гэдгийн баталгаа болно.

Дэлхий маань манай гаригийн бүх хүн амыг ханган тэжээх хэмжээний хүнсний бүтээгдэхүүнийг өөрөө үйлдвэрлэдэг ч бид харин түүнийг нь утга учиргүйгээр үрэн таран хийж байна. Гарвардын сувиллын хоол судлаач Жин Мэйерийн тооцоогоор, хэрвээ махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 10 хувь бууруулахад энэ нь 60 000 000 хүнийг хангалттай тэжээх хэмжээний үр тариаг бий болгож чадна гэсэн тооцоо гаргасан байна.

Мах хэрэглэхийн өөр нэг сөрөг тал бол хүрээлэн буй орчныг бохирдуулах явдал.
Махкомбинатуудын болон тэжээлийн үйлдвэрүүдийн хаягдал бохир ус нь гол, нуур, цөөрөм гэх мэтэд нийлснээр бохирдлын нэг гол шалтгаан болж байна. Түүнээс гадна сүүлийн үед дэлхийн дулааралд хамгийн их нөлөөлж буй хүлэмжийн хий нь метан болохыг цаг уурчид санал нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Метан нь нүүрсхүчлийн хийнээс 60 дахин хүчтэй боловч агаар мандалд байх хугацаа нь харьцангуй богино буюу 8-10 жил гэж үздэг. Гэтэл нүүрсхүчлийн хий агаар мандалд 100 жил байдаг ажээ. Иймээс дэлхийн дулаарлыг бууруулахад агаар мандалд байх метаны хуримтлалыг бууруулах нь нэн тэргүүний зорилт болж байна. Түүнчлэн махны хэрэглээг багасгах нь эдийн засагт бусад олон давуу талтай.

Метан ялгаралтыг нэмэгдүүлдэг хүнс болох амьтны гаралтай хүнс хэрэглэхээс татгалзах нь дэлхийн дулаарлыг огцом бууруулах ач холбогдолтой бөгөөд нүүрсхүчлийн хийн хэмжээг бууруулахаас илүү хялбар аргад тооцогдддог.

Поль ба Анна Эрлих нар “Хүн ам, хүрээлэн буй орчин, түүний нөөц” номдоо нэг килограмм улаан буудай ургахад ердөө 60 литр л ус шаарддаг бол нэг килограмм махыг үйлдвэрлэхэд 1250 аас 3000 литр ус зарцуулдаг гэжээ.
1973 онд “Нью Йорк таймс” сэтгүүлд, америкийн нэгэн томоохон тахианы аж ахуй байгалийн үнэт баялаг болох усыг ямар аймшигтайгаар зарцуулж байгаа тухай нийтлэл гарсан байдаг. Энэ шувууны аж ахуй хоногт 400 000 мянган куб метр усыг зарцуулдаг байсан аж. Энэ нь 25 000 хүн амтай багавтар хотыг ундны усаар бүрэн хангах хэмжээний ус юм.

Түүнчлэн цагаан хоолтон болсноор бид багагүй мөнгө хэмнэх боломжтой. Жишээ нь, 200 грамм бяслагт бидний хоногийн хэрэглээний уургийн 60 хувь орчим агуулагддаг. Цагаан хоолтон болсноор та жилд хэдэн зуун мянган, бүх амьдралынхаа туршид хэдэн сая төгрөгийг хэмнэх боломжтой. Энэ бүгдийг эргэцүүлж үзсэн оюун ухаант хүн цагаан хоолтон болохоос татгалзана гэж үү?

 

“Ведийн хоолны урлаг” номоос орчуулж бэлдсэн: Балабхадра дас