ЦАГААН ХООЛ ИДЭХИЙН УТГА УЧИР (Шашны талаасаа)
Пүрэв, 20 Морь сарын 2017

Бүхий л үндсэн шашны судар номууд хүнийг шаардлагагүйгээр өөр бусад амьд амьтдыг алахыг хориглосон байдаг. Хуучин Гэрээнд: “Бүү ал”(Үүсэл, 20.13) гэсэн заалт байдаг. Энэ нь зөвхөн хүнийг л алахыг хориглосон номлол хэмээх алдаатай үзэл маш өргөн тархсан. Гэвч эртний еврей хэлний lo tirtzach гэсэн үгний оновчтой орчуулга нь “бүү ал”гэсэн утга бөгөөд доктор Рубен Алкалайн “Эртний еврей англи хэлний бүрэн тольд” эртний еврей хэлэн дэхь tirtzach гэсэн үг нь зөвхөн хүнийг төдийгүй бүхий л төрлийн аллагад хамаарах үг гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
Хэдийгээр Хуучин Гэрээнд хоол хүнсэндээ махыг зохистой хэрэглэх талаар олон янзын заавар байдаг ч жам ёсоороо бол хүн зөвхөн цагаан хоол хэрэглэх ёстойд эргэлзэх зүйл үгүй юм. ..Хожмын үеийн хуучин гэрээний номуудад аугаа зөгнөгчид махан хоол идэхийг буруушаасан байдаг.

Жишээлэхэд, зөнч Даниилийн номын (1.3-18)д цагаан хоолны дэглэм сахихын давуу талыг нотолсон түүхийг өгүүлсэн байдаг. Зөнч Исаин өгүүлсэн номонд: “Би хонь болоод тэжээмэл амьтдын тань маханд цадлаа. Тугал, хурга, ямаадын цусыг би үл хүснэ. (...) Та нар өөрсдийн залбирал мөргөлөө хэдий олшруулавч би түүнийг тань үл сонсоно: Та нарын гар цусанд будагджээ”(Исаия, 1.11.1.15)гэсэн байна.
Ихэнхи христ шүтлэгтнүүд Иисус Христос мах идэж байсан бөгөөд энэ тухай Шинэ Гэрээний хэд хэдэн газарт дурдсан байдаг гэдэгт итгэлтэй байдаг. Тэдний ихэнхийнх нь хувьд энэ бол цагаан хоол идэхийн эсрэг томоохон шалтгаан болдог. .. Грекээр “мах” гэсэн үг нь kreas(махан) гэж тэмдэглэгддэг бөгөөд энэ үгийг Ийсус Христостой холбоотойгоор Шинэ Гэрээний хаана нь ч дурдаагүй байдаг. Шинэ Гэрээний хаана ч Иисус мах идэж байсан гэж шууд өгүүлээгүй. Үүнтэй ч нэр алдарт зөгнөгч Исаин Иисус Христийн илрэл залралын тухай нэрт зөгнөл тохирдог: “Се, Дева Түүнийг хэвлийдээ хүлээн авч, Хүү төрүүлэх ба Түүнд Эммануил гэмээх нэрийг өгнө. Тэрээр зөвхөн сүү болон зөгийн балаар хооллох болно. Мөн түүнчлэн Тэр туранхай мууг нь түлхэн зайлуулж, сайн сайхныг шилж сонгохгүй” гэсэн байна.

“Магомет ингэж өгүүлсэн юм”(энэ номыг доктор М.Хафиз Сид орчуулсан) номонд зөнч Магометын шавь нар түүнээс: “Бид дөрвөн хөлтөнд сайн бүхнийг үйлдэж, тэдэнд уух ус өгвөөс үүнийхээ төлөө бид сайшаагдах болно гэдэг нь үнэн үү?” гэхэд Магомет: “Ямар ч амьтанд сайн сайхныг авч ирсэн бүхэн шагнал урамшуулал хүртэнэ” гэж хариулсан байна. Махыг хүнсэндээ хэрэглэхийг Хуучин Гэрээнд өгүүлсэн байдаг шиг Коранд хэдий зөвшөөрсөн байдаг ч олон тооны хорио цээр, дүрэм журмыг өгүүлсэн байдаг. Тэдгээрийн нэгэнд: “Үхмэл бүхнийг, цус, гахайн мах, Аллахын нэрээс өөр бусад ямар ч нэрээр сүлбэгдсэн бүхнийг хориглоно. ”(Коран, сура 5.4) гэсэн байна.

Амьтныг хороох үйлийн эсрэг номлолоороо Бурхан Будда алдартай. Тэрээр ахимсын (амьд бүхэнд хор үл хүргэх) зарчмыг тунхаглаж, бурханлаг төгс төгөлдөр буюу гэгээрэлд хүрэхэд цагаан хоол чухлыг онцолсон. Үүнтэй холбоотой хоёр зүйр үг бий: “Талбайг тань хагалж буй хөөрхий шарыг та минь битгий алж хөнөөгөөрэй” , “амьтныг хөнөөхөөр хөглөгдсөн бүхнээр атгын чинээ ходоодоо бүү баясга” гэсэн байна. “Дхаммапада” сударт, түүний сургаал номлол гажуудахыг урьдаас зөгнөн хараад Бурхан Будда: “Хожмын өдөр намайг мах идэхийг зөвшөөрсөн, өөрөө ч мах идэж байсан хэмээн батлах тэнэгүүд мундахгүй олдоно. ..Гэвч харин би хэнд ч мах идэхийг зөвшөөрч байгаагүй, одоо ч зөвшөөрөхгүй, ирээдүй хойчид ч хэзээ ч зөвшөөрөхгүй. Хаана ч, ямар ч нөхцөлд, ямар ч байдлаар. Үүнийг бүгдэд, хүн бүхэнд үүрд хориглож байна” хэмээн өгүүлсэн байдаг. “Дхаммападын” өөр нэг газарт, махыг хоол хүнсэндээ хэрэглэсний гашуун, гашуудам үр дагаврыг сэрэмжлүүлэн: “Аз жаргалд хүрэхийг найдан мөн л жаргалд тэмүүлж яваа өөр бусад хөөрхий амьтдыг алах болон зовоогч бүхэн дараагийн төрөлдөө аз жаргалд хүрэх зам мөрөө хаадаг юм шүү” гэжээ.

Буддын сургаал дэлгэрэхээс өмнөх үед хамаарах Энэтхэгийн ведийн судар номууд мөн л цагаан хоолны ёс суртахууны үндэс болсон ахимсын зарчмыг баталсан байдаг. “Амьд амьтанд хор хохирол учруулалгүйгээр махыг гарган авах боломжгүй. Тийм болохоор хүн бүгд махыг хэрэглэхээс татгалзаг” гэж Энэтхэгийн эртний хууль(хүн төрөлхтний хууль ч гэж тооцдог. орч) “Ману-самхитад” өгүүлжээ. “Ману- самхитын” өөр нэг газарт: “Ямархан бохир муухай, жигшүүрт аргаар махыг гарган авдгийг, хүсэл сонирхлоос нь гадуур, амьтныг хороож буй тэр догшин хэрцгий байдлыг санан байж хүмүүн үүрд мөнхөд махыг хоол хүнсэндээ хэрэглэхээс татгалзах ёстой” гэсэн зөвлөгөө сануулгыг өгчээ.
“Махабхарата” их хөлгөн туульд амьтныг хороохыг хориглосон олон тооны дүрэм журам бий. Тэдгээрээс зарим нэгийг дурдвал: “Өөр бусад амьтдын махыг идэж, өөрийн махбодио тэтгэгч нь ямар ч биед төрсөн байлаа гэсэн өөртөө зовлон шаналлыг хурааж байдаг”; “Гэм зэмгүй амьтдын махыг идэж өөрийн биеийг өсгөн хөгжүүлж буй хүнээс илүүтэй харгис хэрцгий, амиа хичээсэн хүн гэж үгүй”; “Урт наслаж, гоо үзэсгэлэн, ой санамж, эрүүл мэндээ хадгалж үлдэх, мөн түүнчлэн биеийн хүч болон хэв журмын, бурханлаг хүчтэй болохыг хүсэгч бүхэн амьтны гаралтай хоол хүнснээс татгалзах ёстой” гэсэн байдаг.

Бүхий л амьд амьтас нь сүнстэй. “Бхагавад гитад” Бурхан Кришна өгүүлэхдээ, сүнс нь ухамсрын үндэс бөгөөд амьд амьтан бүхний бие дэхь амьдруулагч хүч гэж өгүүлсэн байдаг. Ведэд өгүүлснээр бол хүнээс хөгжлөөрөө доод түвшинд орших амьтас нь эцсийн эцэст хүний биеийг аван авах хүртлээ хувислын шатаар аажмаар өгсөн дээшилдэг байна. Зөвхөн хүний биемахбодийг аван төрсөн тэр сүнс л өөртөө Бурханд хүрэх ухамсрыг хөгжүүлж, нас нөгчих мөчид бурханы орон тийш халин одож чадна. Үүнд хүрэхийн тулд хүн улс орны болоод орчлон ертөнцийн хуульд захирагдах ёстой.
...Өөрөөр хэлбэл амьтныг алах нь түүний доод төрлөөс дээд төрөлд төрөх эволюцийн хөгжлийг удаашруулдаг ба ингэснээрээ аллага үйлдэгч нь энэ нүгэлт үйлийнхээ үр дагавраас болж зовлон амсах болно.

“Ведийн хоолны урлаг” номоос орчуулсан: Балабхадра дас