КАРМИ
Пүрэв, 30 Нохой сарын 2017

Сурвалжлагч: Тэгэхээр “амьдралдаа амжилт гаргаж” , өөрийгөө умартан зүтгэх хөдөлмөрийг болон  тэмцлийг хүндэтгэвэл зохихуйц гэж тооцох хэрэггүй гэсэн үг үү?

Шрила Прабхупада: “Бхагавад-гитад” өөрийн хөдөлмөрийн үр дүнгээр цэнгэл жаргал эдлэхээр зүтгэж байгаа карми нарыг мудха буюу илжиг  хэмээх үгээр тодорхойлсон байдаг. Яагаад тэднийг илжигтэй адилтгасан хэрэг вэ? Яагаад гэвэл илжиг нуруундаа хүнд хүчир ачаа зөөн өдрийн турш ажилладаг бөгөөд эзэн нь энэ хөдөлмөрийнх нь төлөө түүнд хэсэгхэн өвс өгдөг. Тэрээр угаалгын газрын үүдэн дээр зогсоод дахин нуруун дээр ачаа ачих хүртэл өвсөө хивэн зогсдог. Түүнд: “Хэрэв би энэ угаалгын газраас явж одвол  хаанаас ч идэх өвсөө олчихно шүү дээ. Яах гэж би энэ хүнд хэцүү ачааг зөөх ёстой гэж ?” хэмээн бодох ухаан дутдаг. 

Сурвалжлагч: Энэ үг чинь миний зарим нэг танилуудыг санагдуулчихлаа. Шрила Прабхупада: Энэ бол жирийн карми нарын жишээ. Тэр өөрийн оффистоо маш завгүй ажиллах агаад хэрэв та түүнтэй уулзахаар очвол тэрээр: “Өө би аймшигтай их ажилтай байна” гэж хариулна. Энэ аймшигтай их ажлын үр дүн нь ямар байх вэ? Тэр хоёр ширхэг хачиртай талх, ганц аяга цай л ууна. Үүний төлөө л та тэгж их завгүй байсан хэрэг үү? Тэр чухам юуны төлөө тэгтлээ завгүй байгаагаа өөрөө ч үл мэднэ. Хадгаламжийнх нь дэвтэр дэхь дансанд нь нэг сая доллар байсан, одоо хоёр сая болсон гэдгийг мэдээд тэр учиргүй ихээр баярлах авч үдийн унданд аяга цай, хоёр ширхэг хачиртай талх идчихээд л үргэлжлүүлэн гар хумхилгүй зүтгэнэ. Карми хэмээх үгийн утга нь энэ. Тэд амьдралын ямар нэгэн зорилгогүй яг л илжиг мэт ажиллана. Гэвч ведийн соёл тийм бишээ. Биднийг буруутгах нь шударга бус. Ведийн соёлын дагуу амьдарч буй хүмүүс нь огтхон ч залхуу биш. Тэд илүү өндөр дээд зорилгын төлөө хөдөлмөрлөн маш завгүй ажиллаж байдаг. Прахлада Махараж, энэ үйл нь туйлын чухал бөгөөд үүнийг бүр хүүхэд ахуй наснаасаа эхлэх хэрэгтэй гэж цохон тэмдэглэсэн. Каумара-ачара-пражнах – хором секунд бүрийг алдаж болохгүй. Энэ бол ведийн соёл юм. ... Ведийн соёл нь өөрийгөө танин ухамсарлахуйд зориулагдсан. А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада “Өөрийгөө ухаарахуй эрдэм ухаан” номоос орчуулж бэлдсэн: Балабхадра дас