ШАЛГАЛТ
Бямба, 24 Хонь сарын 2019

Ерээд оны дунд үе билээ. Дээрэм тонуул, гэмт явдал элбэг байсан үе. Би байруудаар явж ном түгээдэг байлаа. Нэгэн өдөр ердийнхөөрөө нэг айлын үүдэнд ирж хонхыг нь дарлаа. Үл таних эрэгтэй намайг дотогш орохыг урив. Юу ч үл сэжиглэн би номоо барьсаар орж явчихлаа. Ард минь хаалга хаагдаж, түлхүүр эргэх дуулдах үед л надад нэг л таагүй мэдрэмж төрөөд явчихав. Айснаасаа болж зүрх минь бараг л зогсчих шиг болов. Өмнө маань архи, дарс, мах гээд элдэв юм өрсөн том ширээ харагдсан нь нэг л дээрэмчдийн шинжтэй харагдлаа. Эндээс сайн зүйл горьдолтгүй гэдгийг гадарласан би номуудынхаа тухай яриад, дээрээс нь: “Энэ номууд хүнд хэцүү цагт та нарт туслана” гэчихэв.  Тэнд байгсдын нэг нь хорсолтойгоор жуумалзан инээгээд ийн хэлэв:

-Нээрэн гэж үү? Тэгэхээр чи кришнаит байх нь тийм үү? За яахав,  тийм байдаг байж. Тэгвэл тэр хүнд хэцүү цагийг чинь одоохон чамд бий болгоод орхиё, - гэж хэлүүт миний гараас шүүрэн аваад тагтан дээр чирэн гарч, хөлийг минь олсоор хүлэв. Айснаас болж хамаг бие минь хөшөөд, хэл минь татаж орхисон байлаа. Тэд миний хөлнөөс олсоороо уяж, 9 давхрын тагтнаас толгойг минь уруу нь харуулан унжуулаад:

-Кришнагаасаа татгалз, боль. Эс тэгвэл олсоо тавилаа шүү, - хэмээн шаардаж гарав.

Үхлийн үнэрийг би бодитоор мэдэрч, аймшигт айдас намайг эзэмдэж авлаа. Гэвч үүний зэрэгцээ Кришнагаас урвах гэдэг үг намайг бүр ч ихээр айлгасан юм. Тэгмэгц би:

-Юу ч болж байсан, би болихгүй! Энэ бол урвалт! Намайг та нар яавал ч яа! – хэмээн хашгирч орхилоо. Тэрхэн даруйд тэд намайг буцаагаад тагт руу татан гаргаж, хүлгийг минь тайлаад, хүндэтгэлтэйгээр:

-Чи үнэхээр жинхэнэ байна! Алив номуудаа бидэнд үзүүл дээ! – хэмээсэн билээ. Тэд бүтэн боодол ном аваад, мөнгөө өгөхөө ч мартсангүй. Тэгээд намайг гадагш түлхэн гаргаад хаалгаа хаасан юм.

Би шатны гишгүүр дээр удаан гэгч нь суугаад уйлж гарлаа: “Кришнад итгэх итгэл минь үхлээс айх айдсаас ч хүчтэй байлаа. Миний энэ шалгалтыг давсан нь өөрөө Бурханы учир шалтгаангүй өршөөл бизээ” хэмээн бодсон билээ.

Рам Бхакта дасын дурсамжаас

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас