ХҮНД ӨГЧ БОЛОХ ХАМГИЙН ТОМ ТУС
Пүрэв, 19 Бич сарын 2019

Кришнаг, севомукхе гэгдэх процессын тусламжтайгаар буюу үйлчлэлээр танин ойлгож болно. Севонмукхе хи жихвадау. Васудеваг танин ойлгох үйл нь үйлчлэлээр дамжих боломжтой ба тэрхүү үйлчлэл нь хэлнээс эхлэнэ. Хэл нь үндсэн хоёр төрлийн үүрэг функцыг гүйцэтгэдэг. Дуу авиа гаргах, амт мэдрэх. Ийм учраас Харе Кришна мантра тогтмол унших ба давтаж байх аваас мөн прасад буюу Кришнад өргөсөн хоол хүнсийг хүртэж байх аваас, энэ эгэл аргын тусламжтйагаар Васудева, Кришнаг танин ухамсарлах түвшинд хүрч болно. Тэр цагт Кришна Өөрийгөө бидэнд нээх болно. Энэ нь Кришнаг дан ганц өөрсдийн хүчин чармайлтаар танин ойлгочихож болно гэсэн үг биш ч хайраар үйлчлэн зүтгэхүйн ач тусаар бид шаардлагатай шинж чанаруудыг олж авах ба тэр цагт л Кришна бидэнд Өөрийгөө нээдэг (свайам эва спхурати адах).

Кришна биднийг гэр рүүгээ, Бурхан зүгт буцахыг маш ихээр хүсч байдаг ч харин бид зөрүүдлэн, буцахыг хүсдэггүй. Иймээс Тэрээр биднийг гэрийнхээ зүгт буцах бүхий л боломжуудыг эрж хайж байдаг. Тэр үр хүүхэддээ чин зүрхнээсээ хайртай эцэг хүнтэй адил. Тэнэмэл хүү нь эцгээ орхин одоод, хоол, унд орох оронгүй хэрэн хэсүүчилж зовон шаналж байхад эцэг нь түүний араас санаа сэтгэл зовохоо болилгүй, түүнийг буцан ирэхийг хүлээсээр байдаг. Үүний нэгэн адил Кришна бол бидний дээд эцэг бөгөөд харин энэ материаллаг ертөнцөд тэнүүчилж буй бүхий л амьд амьтас нь гэр орноо орхин, гуйланчилж яваа баян чинээлэг хүний замаа алдсан хүүхдүүдтэй адил. Иймээс нэг хүн нөгөөдөө өгч болох хамгийн том ач тус бол түүнд Кришна ухамсрыг өгөх явдал. Ямар нэг материаллаг зүйл амьд бодгальд таашаал ханамжийг үл өгөх ба жинхэнэ ханамжийг түүнд зөвхөн Кришна ухамсар л өгч чадна. Үүнийг жишээлж хэлвэл, толгой нь эргэж, гудамжинд тэнүүчилж буй жаалхүүд: “Хонгор хүү минь, чи юунд энд зовно вэ? Эцэг чинь их баян чинээлэг хүн, тэр их хөрөнгөтэй. Тийм байхад чи юунд ийн тэнүүчлэх ёстой гэж?” хэмээн хэлвэл тэр магадгүй гэр орон руугаа буцаж болно.

Иймд хамгийн шилдэг үйлчлэл бол Кришнаг мартагсдад хандан:

“Та бүгд Кришнагийн салшгүй хэсгүүд билээ. Та бүхэн бүхий л эд баялгийг эзэмшиж байдаг Кришнагийн үр хүүхдүүд. Ийм атал та нар юунд өөрсдийгөө энэ материаллаг ертөнцөд сүйтгэнэ вэ?” хэмээн хэлэх явдал юм. Үүнд л хамгийн агуу дээд үйлчлэлийн утга оршино. Майа буюу худал хуурмагийн эрчим маш хүчтэй ч чин бишрэлтний үүрэг болвоос хүн бүрийг ухааруулан сэнхрүүлж, тэдэнд Кришна ухмсрыг олгох явдал юм.

Бурханы Адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада “Кунти хатны залбирал” номоос

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас