ХҮНИЙ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО - БУРХАНЫГ ХАЙРЛАХ ХАЙРАНД ХҮРЭХ
Бямба, 30 Нохой сарын 2019

Хүмүүс яагаад иймэрхүү материаллаг сайн сайхан зүйлд дурлан тэмүүлдэг юм бэ? Мэдрэхүйгээ хангахын тулд. Тэд: “Надад сайхан эхнэр бий. Би сайн хүүхдүүдтэй. Би гайгүй сайн ажилтай болчихлоо. Би ерөнхийлөгч болно. Би ерөнхий сайд болно” гэх мэтээр бодоцгоодог. Энэ бүхэн мэдрэхүйн жаргал цэнгэл юм. Хүн урам хугарч, итгэл алдраад ирэх цагт, эд баялаг, ерөнхийлөгчийн суудал ч түүнийг аз жаргалтай болгохгүй юм байна гэдгийг ухаардаг. .. Аз жаргал огт өөр зүйлд бий: Кришнад тэмүүлэх хэрэгтэй. Эсрэг тохиолдолд энэ бүхэн мансууруулах зүйл хэрэглэснээс ухаан самуурах, хоосон чанарын гүн ухааны бодгаль бусын үзэлд төөрөхөөр л төгсөх болно...

Кришнагүйгээр хэрхэн яаж аз жаргалтай болох билээ? Жишээ нь, хэн нэг хүнийг далай руу шидлээ гэж бодъё. Тэр тэнд аз жаргалтай байж чадах уу? Тэр орчин бидэнд зориулагдаагүй. Тэр хүн сайн усчин байж болох юм. Гэвч тэр тэнд удаан байгаад байж чадна гэж үү? Эцсийн эцэст түүний хүч чадал алдарч, живэх болно. Үүн шиг бид мөн чанарынхаа хувьд бурханлаг буюу сүнслэг мөн чанартай. Тиймийн учир бид энэ материаллаг (эдийн) ертөнцөд аз жаргалтай байж чадна гэж үү? Энэ нь боломжгүй. Гэвч хүмүүс энд үлдэж, аврагдан амьд үлдэх төрөл бүрийн аргуудыг хэрэглэх гэж оролдсоор. .. Хэрэв хүн үнэхээр л аз жаргалтай болохыг хүсч буй бол түүнд хүрэх цорын ганц зам бол Бурханыг хайрлах хайрыг өөртөө хөгжүүлэх явдал юм. Хүн Кришнаг хайрлаагүй байсан цагт муураа, нохойгоо, улс орноо, ард түмнээ, нийгмээ үргэлжлүүлэн хайрласаар байх бөгөөд өөрийн хайраа Кришна дээр төвлөрүүлж чадахгүй. Энэ тохиолдолд аз жаргалын тухай яриа байх боломжгүй. .. Гэвч Рупа Госвами хэлэхдээ, хүмүүн хамгийн хүчтэй мансууруулагч буюу Бурханыг хайрлах хайр, кришна премаг амсаж үзээгүй цагт нэг бол бясалгал, нэг бол бодгальгүйн монист үзэл, эсвэл өөр ижил төстэй ямар нэг зүйлд татагдсаар байх нь зайлшгүй хэмээн өгүүлжээ.

 

А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

“Өөрийгөө ухаарахуй эрдэм ухаан” номоос ишлэл

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас